Афганистанд анх гараа сунгасан Бээжингийн стратегийн зорилго

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Афганистанд анх гараа сунгасан Бээжингийн стратегийн зорилго

Афганистанд анх гараа сунгасан Бээжингийн стратегийн зорилго

Афганистанд талибууд засгийн эрх авсны дараа тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн хамгийн анхны улс бол Хятад юм. Тодруулбал, 200 сая юаньтай дүйцэхүйц тусламж үзүүлжээ. Эдийн засгийн уналттай зэрэгцээд хүн ардад нь асар их зовлон гамшиг нүүрлээд байсан талибуудын хувьд Бээжингийн хоол хүнс, эмийн бүтээгдэхүүний тусламжийг маш таатай хүлээж авсан. Түүнчлэн саяхан Хятад улс Афганистаны Хууль зүйн яамны барилга, бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулжээ. Хятадын компаниуд уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг эрэлхийлж, Афганистаныг зорьсон гэх мэдээлэл ч бас байна.

Хятад улс Талибын засгийн газартай шууд холбоо тогтоож ажиллахыг зорьсон бөгөөд хоёр тал хэд хэдэн удаа ганцаарчлан болон бусад олон улсын чуулга уулзалтын үеэр уулзаж байжээ. Эдгээр уулзалтуудын үеэр Афганистаныг дахин сэргээн босгох төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Бээжингийн хувьд Афганистаны асуудлаарх олон улсын, хоёр талын, олон талын оролцоотой зэрэг бүх төрлийн хэлэлцээнд идэвхитэй оролцсоор ирсэн. Талибууд Хятадыг эдийн засгийн томоохон түнш гэж хардаг бол Бээжин ч тууштай тусламжаараа өөрсдийгөө батлан харуулсаар байна.

Хятад чухам ямар хэлбэрээр Афганистанд тусламж үзүүлж байна вэ? Стратегийн зорилго нь юу вэ?

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон Covid-19-ийн вакцин хандивлах нь Хятадын гол тусламж байсан. Дипломат өнцгөөс харвал Хятад улс Афганистаныг сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлэхийн тулд асар их идэвх зүтгэл гаргасан. Ялангуяа олон улсын хамтын нийгэмлэгүүдэд Афганистан дахь хориг арга хэмжээгээ цуцалж, гадаад хөрөнгийг царцаах тухай уриалж байв. Энэхүү уриалгын дагуу барууны орнуудыг Афганистанд тусламж үзүүлэхийг уриалсан билээ.

Хятад улс Афганистанд тусалж буй нь үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, Хятадын баруун хилийн аюулгүй байдал, Төв Ази болон Пакистан дахь “Бүс ба зам” санаачилгын аюулгүй байдлыг хангах юм. Үндэстний аюулгүй байдалд заналхийлж буй гурван хүчин зүйл бий гэж Бээжин үзэж буй бөгөөд үүнд терроризм, салан тусгаарлах үзэл, шашин багтаж буй. Талибуудыг Зүүн Туркменистаны исламын хөдөлгөөн болон Исламын улс зэрэг бусад террорист бүлгүүдтэй харилцаагаа нэн даруй таслахыг Бээжингээс уриалжээ. Түүнчлэн талибуудын хил дамнасан терроризмаас урьдчилан сэргийлэхийн тулд тэмцэж, Шинжаанд радикализмыг түгээхийг хүссэн.

Хоёр дахь үндсэн зорилго бол Хятадад эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах таатай систем хэрэгтэй байгаа явдал юм. Хятад улс 2013 оноос хойш Төв Ази болон Пакистанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Афганистаны ойр орчмын улс орнуудад оруулсан эдгээр хөрөнгө оруулалт нь бүс нутгийн мөргөлдөөнд Бээжингийн эмзэг байдлыг эрс нэмэгдүүлсэн. Хятадын боловсон хүчин болон төслүүдэд зэвсэгт этгээдүүд дайралт хийх вий гэсэн болгоомжлол Бээжинд байдаг. Тиймээс Афганистан улс тогтвортой байснаар аюулгүй байдлын заналхийлэл харьцангуй буурч, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, Хятадад эдийн засгийн зорилгоо биелүүлэхэд нь туслах юм.

Хятад улс 2000 оны үеэс л Афганистаны уул уурхайн салбарыг сонирхсоор ирсэн. Гэхдээ энэ тал дээр гаргасан санаачилгууд нь тийм ч бүтэлтэй байгаагүй. Үүний хамгийн тод жишээ бол 2008 онд Хятадын металлургийн группт 30 жилийн хугацаатай түрээслэгдсэн “Mes Aynak” зэсийн уурхай юм. Уг төсөл нь аюулгүй байдал болон тус бүс нутаг дахь Буддын балгасыг хадгалахтай холбоотой асуудлуудын улмаас зогсонги байдалд орсон. Өнөөдрийн байдлаар уг төсөл хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

Афганистан дахь ашиглагдаагүй нөөцүүд Хятадын сонирхлыг хамгийн ихээр татдаг. Нөгөө талаас Афганистанд уул уурхайн үйлдвэрлэл явуулах нь ихээхэн цаг хугацаа зарцуулах боловч аюулгүй байдлын баталгаа, зохимжит дэд бүтэц гэх мэт олон хүчин зүйлийг нэн тэргүүнд авч үзэх шаардлагатай.

Талибууд Хятадын хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангана гэдгээ саяхан мэдэгдсэн хэдий ч  үүнтэй зэрэгцээд Бээжингийн ашиг сонирхолд заналхийлж буй бусад өрсөлдөгчид байсаар л байгаа нь аюулыг сануулсаар буй юм. Жишээлбэл, аравдугаар сард “Khorasan” лалын бүлэглэлийн амиа золиослогч Афганистаны Кундуз хотын сүмд бөмбөг дэлбэлж, уг үйлдлээ талибуудын Бээжинтэй хамтарч ажилласны гор гэж тайлбарлажээ.

Афганистан дахь ажилтнууд болон төслүүд бүрэн аюулгүй болох хүртэл Хятадын компаниуд энд үйл ажиллагаагаа эхлэхээр яарах нь юу л бол.

Хятадын хөрөнгө оруулалтыг авахын тулд талибууд ямар хөшүүрэг санал болгож байна вэ?

Талибанчууд бусад террорист байгууллагуудтай холбоогоо тасалсанаа батлах хэрэгтэй. Өөр нэг хөшүүрэг нь хар тамхины наймааг бууруулах явдал юм. Талибуудын ихэнх үйл ажиллагаа хар тамхины орлого дээр түшиглэж явагддаг тул энэ нь хүндхэн сорилт болж магадгүй.

Талибанчууд Хятадын төслүүд болон ажилтнуудыг хамгаалахын тулд тусгай хамгаалалтын хүч байршуулах Пакистаны жишээг үлгэрлэж болох юм. Өөр нэг хувилбар бол Афганистанд аль хэдийнэ үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй Хятадын хувийн хамгаалалтын компаниудаас хамгаалалт хөлслөх явдал юм.

Covid-19 тахлын өмнө Хятадын гадаад санхүүжилт болон “Бүс ба зам” үйл ажиллагаа удааширч эхэлсэн. Цаашилбал, Хятадын Афганистанд хэрэгжүүлсэн өмнөх амжилттай төслүүдийг харахад тэдгээр нь ихэвчлэн жижиг хэмжээний, орон сууц, шилэн кабелийн шугам татах зэрэг эрсдэл багатай дэд бүтцийн төслүүд байсан. Аюулгүй байдлын улмаас томоохон болон урт хугацааны төслүүд ихэнхдээ бүтэлгүйтдэг.

Олон улсын хамтын нийгэмлэг талибуудыг дипломат байдлаар хүлээн зөвшөөрөхийг Хятад хүлээсээр байна. Олон улс ямар чиг хандлагатай байгаагаас хамаарч дараагийн арга хэмжээгээ төлөвлөх зорилготой. Эндээс харахад Афганистаныг дахин сэргээх үйл ажиллагаанд Хятад улс ганцаараа хүчин зүтгэхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Ямартай ч богино хугацаандаа эрсдэл багатай хүмүүнлэгийн тусламжийн төслүүдээ үргэлжлүүлсээр байх төлөвтэй байна.

Урт хугацаандаа Афганистанд байдал харьцангуй тогтвортой болвол Бээжин эдийн засгийн ашиг сонирхлоо ил тод харуулж, хүрээгээ тэлэх боломжтой болох юм.

Эх сурвалж: DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж