Япон улс ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулах Бээжингийн өвлийн олимпод засгийн газрын төлөөлөгчөө илгээхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ шийдвэр нь Хятад Японы харилцааг хурцадмал байдалд хүргэж болзошгүй байна.
Хятад дахь хүний эрхийн асуудлаас үүдэлтэйгээр АНУ тэргүүтэй зарим улс орнууд өвлийн олимпийг дипломатаар бойкотлохыг уриалсны дараа Япон ийн шийдвэрээ гаргалаа. Япон нь АНУ-тай харилцан түншлэхийн зэрэгцээ Хятадтай ч ялгаагүй эдийн засгийн нягт холбоотой байдаг.
Өвлийн олимпод засгийн газрын төлөөлөгчөө илгээхгүй гэдэг шийдвэр Токиогоос гаргаад байгаа хэдий ч олимптой шууд холбоотой зарим албан тушаалтнуудаа оронд нь илгээнэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хироказү Мацүно хэлэв. Тухайлбал, Токио 2020 олимпийн зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото, Японы олимпийн хороо болон Паралимпийн хорооны удирдах бүрэлдэхүүн зэрэг зарим албан тушаалтнуудаа илгээх болжээ.
“Хятад улс хүний үндсэн эрхийг хүндэлж, хуулиа дээдлэх ёстой. Хүний эрх гэдэг бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үнэт зүйл мөн. Япон улс энэ асуудлыг шийдвэрлэхэд шат шатандаа гар бие оролцох болно” гэж Мацүно хэлжээ.
Япон улс Хятад дахь хүний эрхийн асуудалд харьцангуй зөөлөн хандсаар ирсэн. Энэ нь тус улс олон талаар Хятадаас хамааралтай байдгийг илэрхийлж байна.
Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Фүмио Кишидагийн хувьд өөрийн удирддаг Либерал ардчилсан намын шаардлагаар Хятадын асуудал дээр хатуу байр суурьтай байхаас өөр аргагүй байдалд ороод байна гэж NHK мэдээллээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ