"10 аймагт дулааны цахилгаан станц барина"

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

"10 аймагт дулааны цахилгаан станц барина"

"10 аймагт дулааны цахилгаан станц барина"
Тавинбэх

Эрчим хүчний яам БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд талууд өнөөдөр /2021.12.27/ гарын үсэг зурлаа. Энэ үеэр Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг долоон аймагт барилга угсралтын ажил эхэлснийг мэдээлэв. Дулааны цахилгаан станцуудыг ирэх 2023 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг салбарын сайд мэдэгдсэн. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.


-Улсын хэмжээнд 10 аймгийн төвд баригдах дулааны цахилгааны станц төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох уу. Төслийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд баригдах дулааны цахилгаан станцын долоогийнх нь барилга угсралтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд хоёр аймагт тендер зарласан. Харин нэг аймгийн тендер маргаантай байгаа учир хүлээгдэж байна. Дулааны цахилгаан станцууд ашиглалт орсноор аймгийн төвийн эрчим хүчний хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Хамгийн гол нь тогтвортой хэрэглээний халуун устай болох бүрэн боломж бүрдэх юм. Мөн тогтвортой болон түр ажлын байрууд нэмэгдэнэ. Гэрээний дагуу БНСУ-ын Гүйцэтгэгч компани ажилллаж байна. Мөн туслан гүйцэтгэгчээр монгол компаниуд ажиллах боломж нь нээлттэй.

Дулааны цахилгаан станцууд ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр нэмэгдэнэ гэж тооцож байна?

-Эрчим хүчний 16 эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүний нэг нь 10 аймагт баригдах дулааны эх үүсвэр. Энэ төсөл Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтаж хугацаандаа ашиглалтад орох боломж нь бүрдэж байна.  Одоо ашиглаж буй дулааны эх үүсвэрүүд байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, ашиглалтын хүчин чадал дуусч хэрэглээг нэмэх боломжгүй байгаа. Тэгэхээр дулааны цахилгаан станцууд ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ. Мөн технологийн хувьд байгаль орчинд хамгийн сөрөг нөлөө багатай байх юм.

Цахилгаан станцуудын төслийн хүрээнд долоон аймагт барилга угсралтын ажил эхэлснээс хойш 24 сарын дараа ашиглалтад орно. Гэрээний дагуу барилга угсралтын ажил ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Дулааны цахилгаан станцуудыг  2023 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-“ДЦС-5” болон Тавантолгой, Багануурын цахилгаан станц зэрэг өмнөх царцсан төслүүдээ хэзээ хөдөлгөж эхлэх вэ?

-Ерөнхийдөө “Тавантолгойн” дулааны цахилгаан станцын төслийн тендер зарласан. Мөн  Эрдэнэбүрэнгийн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажилд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Барилга угсралтын ажил нь ирэх оны гуравдугаар сард эхэлнэ. Улаанбаатар хотод баригдах системийн бүрэн тохируулга хийх 200мвт-ын хүчин чадалтай батарейн цэнэгт хураагуурын эх үүсвэрийн үнэлгээний ажлыг хийж байна.

Багануурын дулааны цахилгаан станцын хувьд Концессын гэрээг гүйцэтгэгч талтай шинэчлэн байгуулсан. Монголын Засгийн газраас хамаарах ажил бүрэн дууссан. Одоо гүйцэтгэгч тал, санхүүжилтээс хамаарна. Хамгийн сүүлд бидэнд өгсөн мэдээллээр, 2022 оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний зургаан эх үүсвэр баригдах ёстой. Үүний дөрөв нь ирэх онд барилга угсралтын ажил нь дуусна. Хоёр бүтээн байгуулалтын тендер зарласан.

Цахилгаан станцуудаа барьж дуусвал хараат байдлаас гарах  боломжтой. Цаашид ОХУ-аас эрчим хүч импортлох уу ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний 16 эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулж чадвал Монгол Улсын эрчим хүчний хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Эдгээр эх үүсвэрийн нийт хүчин чадал нь 1680 кв буюу 2-3 дахин нэмэгдэнэ.

Өнөөдрийн байдлаар 1540 кв хүчин чадал. Цахилгаан станцуудаа хугацаанд нь ашиглалтад оруулж чадвал 2026 оноос эхлэн дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Гэхдээ ОХУ-аас эрчим хүч импортлохгүй гэсэн үг биш. Аюулгүй байдлын үүднээс одоо байгаа дэд бүтцийн чадлыг хэвээр барина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж