Иргэдийн дунд зам тээврийн осолд өртсөн үед л даатгал хэрэгтэй гэх ойлголт түгээмэл. Монголчууд бид даатгалын ач холбогдлыг төдийлөн сайн ойлгодоггүй, ямар ямар даатгал байдгийг ч нэгбүрчлэн мэддэггүй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр анх 1934 онд Улсын аюулаас хамгаалах газрыг байгуулж, үндсэн хөрөнгийг нь 500 мянган төгрөгөөр тогтоосноор Монголд даатгалын байгууллага үүссэн түүхтэй.
Даатгалын салбарынхны хэлж буйгаар, монголчууд үр хүүхдээ даатгуулахаас илүүтэй эд хөрөнгөө чухалчлан даатгадаг “муу зуршил”-тай аж. Унах унаа, орон байр, бусад эд хөрөнгөө өч төчнөөн сая, хэдэн тэрбумаар даатгадаг бол үр хүүхдэдээ төдий хэмжээний мөнгө зарцуулж, амь нас, эрүүл мэндийг нь даатгах тохиолдол харьцангуй цөөн байдаг байна.
Монголд “Практикал даатгал"-ын “Энх ирээдүй” хүүхдийн эрүүл мэндийн даатгал, “Мандал даатгал”-ын “Гүүмби Жүүмби” хүүхдийн даатгал, “Мөнх даатгал”-ын хүүхдийн гэнэтийн ослын, “Ард даатгал”-ын “Нандин эрдэнэ”, “Монгол даатгал”-ын хүүхдийн даатгал гээд нэрлэвэл хүүхдийг гэнэтийн осол, гэмтлээс хамгаалах зорилготой олон даатгал бий. Харамсалтай нь, мэдлэг, мэдээлэлгүйгээс болдог уу даатгалын компаниудыг зорин ирж буй иргэдийн цөөн хувь л хүүхдийн гэнэтийн ослын даатгалд үр хүүхдээ хамруулдаг байна. Иймд даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд иргэддээ үр хүүхдээ нэгд, эд хөрөнгөө хоёрт тавихыг уриалав.
Хүн бүр амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалахын тулд учирч болох эрсдэлээс сэргийлдэг. Гэвч “Гай газар дороос” гэдэг шиг аливаа өвчин зовлон, аюул осол хэлж бус хийсч ирдэг. Энэ үед хүн сэтгэл санаа, бие махбод, эд хөрөнгийн хохирол амсч, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсдэг.
Иймээс аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал юм гэдгийг ойлгох нь чухлыг даатгалын салбарынхан онцолж байна.
Товчхондоо, даатгалыг бага зардал гарган, их хэмжээний хохирлоос хамгаалах боломж буюу хариуцлага, хамгаалалт, амар тайван байдлыг эрэлхийлсэн эрсдэлийн удирдлагын энгийн шийдэл гэж ойлгож болох юм.
Дэлхийн даатгалын зах зээлийн нийт хураамжийн орлогын 54.3 хувийг амьдралын даатгалын хураамж эзэлж байна. Тайвань, Итали, Япон, Англи, Франц зэрэг хөгжингүй орнуудад нийт даатгалын дүнд эзлэх амьдралын даатгалын хувийн жин өндөр ажээ. Монгол Улсад амьдралын даатгалыг ганцхан “National Life даатгал” компани хийдэг байна. Амьдралын даатгал нь өөртөө болон гэр бүлдээ санхүүгийн хамгаалалт үүсгэхийн зэрэгцээ нийгмийн хамгаалал дээр нэмэлт баталгаа болж, төрийн ачааг хөнгөлөх ач холбогдолтой юм.
НИЙТ НӨХӨН ТӨЛБӨРИЙН 5 ХУВИЙГ ДАВХАР ДААТГАГЧААР, 1.7 ХУВИЙГ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛЖЭЭ
Статистик мэдээллээс харахад, 2021 оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсад ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 57, даатгалын хохирол үнэлэгч 25 компани даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.
Даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53.9 тэрбум төгрөгөөр буюу 13.8 хувиар, 2021 оны II улиралтай харьцуулахад 15.6 тэрбум төгрөгөөр буюу 3.6 хувиар тус тус өсч, 444.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнд “Бодь даатгал” ХК-ийн хөрөнгийн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна.
Дээрх хугацаанд урт хугацааны болон ердийн даатгалын компаниуд нийт 44.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт нөхөн төлбөрийн 5.0 хувийг давхар даатгагчаар, 1.7 хувийг буруутай этгээдээр төлүүлсэн байна.
Ердийн даатгалын компаниудын цэвэр ашгийн хэмжээ 2021 оны гуравдугаар улиралд 19.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.1 хувиар буюу 4.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт бол урт хугацааны даатгалын компани 6.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Мөн давхар даатгалын компани 1.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувийн бууралттай гарчээ.
2021 оны гуравдугаар улирлын даатгалын компаниудын хуримтлагдсан ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.1 хувиар буюу 12.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тайлант хугацаанд ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт 74.9 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж төлсний 4.7 хувь буюу 3.5 тэрбум төгрөгийг дотоодын давхар даатгагчид төлсөн байна.
Тайлант хугацаанд ердийн даатгалын компаниуд сайн дурын 962234 болон албан журмын даатгалын 549135 даатгалын гэрээ байгуулж, 187.2 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлжээ. Мөн 4.4 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн буцаалт хийж, 107.8 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн цэвэр орлого тайлагнасан байна.
Ердийн даатгалын компаниуд нийт 43.4 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар өссөн байна. Үүнээс 2.3 тэрбум төгрөгийг давхар даатгагч, 0.8 тэрбум төгрөгийг буруутай этгээдээр төлүүлжээ.
Даатгалын компаниуд нийт 11.7 тэрбум төгрөгийн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр олгосон нь өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар буурсан байна.
Холбоотой мэдээ