Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 39 хуулийн этгээд, 425 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхэлж байгаа аж. Тодруулбал, 61 хувьцаа эзэмшигчийн 8.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй 39 хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байна.
Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй нийт тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгчдийн 82.2 хувь Улаанбаатар хотод, үлдсэн 17.8 хувь нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг ажээ.
Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчид ихэвчлэн хөдөө, орон нутагт, харин үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид голчлон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй юм байна. Тухайлбал үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн 58.4 хувь нь хөдөө, орон нутаг, 41.6 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж.
2021 оны гуравдугаар улирлын байдлаар 464.3 тэрбум төгрөгийн үнэт металл худалдаж, 404.2 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авчээ.
Холбоотой мэдээ