УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2021.12.27/ мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Оюутолгойн ажлын хэсгийн хэлэлцээр, Цар тахлын хуулийг сунгах тухай, хүний эрхийн нээлттэй сонсголын талаар хэлэлцсэн байна.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Цар тахлын хуулийн зарим зүйл заалтыг дэмжихгүй байгаа. Энэ хуулиар хоёр жил амьдарлаа. Цар тахлын хуулиар ахиад хөл хорио тогтоох юм бол, аж ахуй нэгж, иргэдэд хүндээр тусна. Тиймээс өрх бүрт сая төгрөг өгөх, улс орнууд яаж шийдэж байгааг анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр улсын төсвийг хяналтаас гадуур зарцуулах зүйл болж байна.
Хүний эрхийн зөрчил сүүлийн 5-6 жилд маш их зөрчигдөж байна. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Жагсаал цуглаан зохион байгуулах хуулиар хүний эрхийг зөрчдөг гэдгийг иргэд ярьдаг. Үүнтэй АН санал нэг байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу бид УИХ-ын чуулганд сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэх саналыг гаргасан. Нийтдээ 37 гишүүн дэмжиж, гарын үсэг зурлаа. Уг сонсголыг энэ сарын 30-нд явуулъя гэдэгт АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Баярын өдөр яриад өнгөрөх нь нэр төдий зүйл боллоо. Хойшлуулах саналыг тавьсан ч дэмжигдээгүй. Дахин шаардлагаа гүнзгийрүүлнэ. АН-ын асуудал шилэн байдаг. Бид бүхний дотроо байдаг зүйл гадагшаа гардаг. Бугшаад байдаггүй л дээ. Бид бүхэн удахгүй хэл амаа олно. АН ярьсаар байгаад зөв шийдэлд хүрдэг. Түүх нь тийм. Нэг хэсэг хүмүүс бүртгэхгүй гээд гаргасан байна лээ. АН-ын даргын бүртгэлийн процесс явж байгаа юм билээ” гэв.
Иргэн Д.Монголхүү “Нээлттэй сонсгол хийх тухай яригдаад, УИХ-ын 37 гишүүн дэмжсэн. Ямар ч байсан чуулган дээр нээлттэй хэлэлцэж, үр дүн гарна гэсэн горьдлого бидэнд төрж байсан. Гэтэл үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар унтраалаа. Баярын өдөр чуулган үзээд суух хүн байхгүй. Нээлттэй сонсголыг үр дүнгүй болгож хувиргах гээд байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол нээлттэй сонсголд “No double standart” хөдөлгөөнийхөн оролцохгүй. Бойкотлоно. Үүнийг дэмжээд өгөөсэй гэж АН-ын бүлэг, УИХ-ын гишүүн Т.Доржхандад хандсан” гэлээ.