Ардчилсан намын /АН/ хоёр даргатай болж, Улсын дээд шүүхээр/УДШ/ асуудлаа шийдүүлэх хэмжээнд хүрсэн ч өнөөдрийг хүртэл энэ маргаанд цэг тавиагүй. УДШ-ийн дээд шүүгчийн хуралдаанаар энэ сарын 20-нд АН-ын даргыг эцэслэх ёстой байсан. Гэвч шүүхээс О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгээгүй. Түүнээс гадна С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан дээд шүүхэд М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч хүсэлтээ буцаагаад авсан. Өөрөөр хэлбэл, УДШ хоёр даргатай АН-ыхныг дотооддоо учраа олтол энэ асуудалд оролцохгүй гэж хойшлуулав. Тэгвэл АН-ын дарга М.Тулгат УДШ бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2021.12.27/ мэдээлэл хийлээ. Түүний хувьд өнөөдөр УДШ-д АН-ын шинэ даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байна.
Тэрбээр "Намайг АН-ын 847 төлөөлөгч АН-ын даргаар батламжилсан. Нэгэнт батламжлагдсан даргын хувьд үүргээ биелүүлэх нь зүйн хэрэг. Би хоёр хуваагдсан АН-ыг нэгтгэж, АН-ыг шинэчилнэ гэж тэдэнд амалсан. Гэвч энэ нь үнэхээр амаргүй байна. Хэдийгээр манай намд үзэл санааны ялгарал байгаа ч хууль ёсны тамга нь надад байгаагийн хувьд барууны төвийн үзэл баримтлалдаа бат хатуу зогсоно. Бодлого болон ойлголтын зөрүүтэй зүйлс ярьж байгаа гишүүдээ нэг тугийн дор нэгтгэх гэж өдийг хүртэл явж ирлээ. Хэрэв намайг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг татаж аваагүй байсан бол АН-ын асуудал шийдэгдэх боломжтой байсан. Нөгөө талаар АН-аас хоёр материалыг УДШ-д хүргүүлж байгаа нь бүртгэлийн асуудалд тээг болж байна. Энэ мухардлаас гарахын тулд аль нэг талыг нь УДШ бүртгэх ёстой. Улс төрийн захиалгаар бус хуулийн дагуу ажиллах хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн.
Миний материал татагдсан гэдгийг би өөрөө ч мэдээгүй байсан. О.Цогтгэрэлийг даргаар бүртгүүлэх материал УДШ дээр байсан учраас түүний талд бүртгэгдэх өндөр магадлалтай байлаа. Гэвч УДШ хуулийн дагуу хэлэлцээд О.Цогтгэрэлийн талыг бүртгээгүй. Дотоод болон гадаад нөхцөл байдал амаргүй байна. Ардчиллын лидерүүдийг барьж, хорьж байгаа нь Ардчилалд заналхийлж байна. Энэ цаг үед АН хуваагдаж, талцаж болохгүй. АН хуваагдмал чигээрээ явах нь эрх баригчдад ашигтай. Ардчиллын баянбүрд болсон Монгол Улсын хувьд АН-ын асуудлыг шийдвэрлэх нь М.Тулгат, О.Цогтгэрэл, С.Эрдэнийн асуудал огт биш. Нэн хариуцлагатай үед УДШ шударгаар шүүнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн УДШ-д бүртгүүлэх үйл явцад ямар нэгэн байдлаар саад болж байгаа хүмүүс хувь хүнийхээ эрх ашгийг хойш тавих цаг болсон шүү. АН бол ямар нэгэн хүний хувийн компани, хүмүүсийн хүслийг гүйцээх хэрэгсэл биш. Миний харж буйгаар АН Ардчиллын цэнхэр өнгөнөөс улам холдож байна. Миний зорилго бол намын дарга байхаас илүү АН-ыг шинэчлэхийн төлөө явах хүсэлтэй. Үүний төлөө сайн, муугаар хэлүүлээд өнөөдрийг хүрлээ. Үнэндээ Ардчиллын хувь заяа сэхээний орон дээр байна шүү. Мөн Үндсэн дүрмийн хороонд АН-ын гишүүн С.Эрдэнийн асуудлаар гомдол гаргасан" гэлээ.