Хятад улс 2022 онд зохион байгуулах өвлийн олимпийг ашиглан байгаль орчноо сайжруулах зорилго тавьжээ. Нээлтийн ёслол ойртохын хэрээр утаа ихтэй Бээжин хот төрөл бүрийн арга хэмжээ авч, бэлтгэл ажлаа хангаж байна.
Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авснаасаа хойш Хятад улс агаарын чанараа сайжруулах арга хэмжээг авч эхэлсэн. Гэхдээ тус улсын Экологи байгаль орчны яамнаас утааны асуудал эрсдэлтэй хэвээр л байгааг сануулж байна. Яамны төлөөлөгч Пүрэв гаригт сэтгүүлчдэд хэлэхдээ “Цаг нь болохоор бид хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах боломжит арга хэмжээг авахаар Бээжин болон Хэбэйд чиглэл өгнө” гэжээ.
Мөн тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн агаарын бохирдолд нөлөөлж буй хүнд үйлдвэрүүдийг хаана гэсэн цуу яриаг худал гэв. Хятад улс өвлийн олимпийн эрхийг анх 2015 онд л авахад шүүмжлэгчид хүнд үйлдвэрүүд давамгайлсан бүс нутагт олимпийг зохион байгуулах учраас утааны аюул их гэдгийг анхааруулж байсан. Тухайн үед Ши дарга “Ногоон олимп” зохион байгуулах, харин Хэбэй муж аж үйлдвэрийн эдийн засгаа сайжруулах амлалтыг тус тус өгч байжээ.
Тэр цагаас хойш Бээжин болон Хэбэй мужийн эргэн тойронд хэдэн мянган га газарт мод тарьсан. Мөн салхин болон нарны цахилгаан станцуудыг барьж, олон зуун аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлжээ.
Бээжин-Тианжин-Хэбэй бүс нутгуудад 2016 оны байдлаар PM2.5 тоосонцрын агууламж м2 тутамд 71 микрограмм байсан. Хотод өвөлдөө тоосонцрын агууламж 500 микрограмм хүртэл өсдөг байсан. Харин энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл тоосонцрын дундаж агууламж 40 микрограмм болж буурчээ. Түүнчлэн, Бээжин болон Хэбэй дахь нийт 26 олимпийн байгууламжийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болжээ. Мөн устөрөгчөөр ажилладаг 700 гаруй автомашиныг тус бүс нутгуудад явуулах болсон байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ