Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Таван толгой түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2021.12.27/ ээлжит мэдээллээ хийлээ.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл:
-Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахыг завдсан болон хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчлийг илрүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 600 борлуулалтын цэгээр, 203 техник хэрэгслээр шахмал түлшийг иргэдэд түгээж байна.
"Таван толгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек:
-"Таван толгой түлш" компани нийслэлийн иргэдийн эрэлтэд нийцүүлэн өдөрт дунджаар 3200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэн, мөн энэ хэмжээний түлшийг түгээлтэд гаргаж байгаа. Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг Хятадаас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж байна.
426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох баяжуулсан нүүрсийг нөөцөлсөн. Энэ нь өвлийг давахад хангалттай нөөц. Мөн 2400 тонн орчим барьцалдуулагч эдийг нөөцөлсөн. Энэ нь 20 орчим хоногийн нөөц.
Он гарахаас өмнө 200 вагон барьцалдуулагч эдийг Замын-Үүдэд оруулж ирэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн агуулахад 1.6 сая орчим ширхэг шуудай байгаа. Энэ нь 13 хоногийн нөөц. Стандартыг хангасан сайжруулсан шахмал түлшний шуудайг иргэдээс худалдан авч байгаа. Хятадаас долоон вагон буюу таван сая ширхэг шахмал түлшний шуудайг авчирч байгаа. Ингэснээр энэ өвлийг давахад нөөцөд хүндрэл гарахгүй.
Холбоотой мэдээ