Оросын эзэнт гүрнийг сэргээх Путины хүсэл

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Оросын эзэнт гүрнийг сэргээх Путины хүсэл

Оросын эзэнт гүрнийг сэргээх Путины хүсэл

Зөвлөлт Холбоот Улс эцэст нь задран унасан нь ажлын нэг өдөр тарж буй мэт энгийн байсан.  1991 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Михаил Горбачёв ард түмэндээ хандан ерөнхийлөгчийн суудлаасаа огцорч буйгаа зарласан. Тухайн өдрийн оройны 19:30 цагт Кремль дэх ерөнхийлөгчийн ордны дээр мандуулсан ЗХУ-ын далбааг буулгасан. Үүнээс таван минутын дараа Оросын гурван өнгө бүхий далбааг мандуулснаар засгийн шилжилтийн үйл явц эхэлсэн байв. Дараагийн өдөр нь Зөвлөлт Холбоот Улс албан ёсоор бутарсан. ЗХУ гэх их гүрний түүхэнд дэлхийн II дайны их гарз хохирол, Сталины дарангуйлал ч багтдаг. 1991 оны наймдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш ЗХУ-ын хувьд зулын гал бөхөж эхэлжээ. Горбачёв тухайн үед бүх утсыг атгаж байгаа гэж итгэж байсан ч тэр утаснууд тасарсан. Сайд нар ар араасаа ноцтой мэдэгдлүүдийг хийж, хүнсний нөөц дуусч, оросууд өлбөрч үхэх нь гэцгээж байв.

Орос улсад шинэчлэлийн засгийн газар бүрэлдэж байсан бөгөөд өдөр бүрийн сонины эхний нүүрэнд энэ үйл явцын тухай мэдээлж байв. Шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд хүмүүсийн урам зориг мохож ирсэн ба капитализм нь тэдний хүсч байсан шиг шуудхан аз жаргалыг авчрахгүй гэдгийг ойлгож эхэлжээ. Гэсэн ч 1993 оны хавар иргэд шинэчлэлтийг үргэлжлүүлэх санал асуулгыг өгч, тэр жилийнхээ намар нь шинэчлэгч Выбор Россий нам шинэ засгийн газрыг байгуулж чадсан. Энэ бол либералистууд амжилтад хүрсэн сүүлчийн удаа байв. ЗХУ задарснаас гурав хүрэхгүй жилийн дараа Юрий Левада тэргүүтэй социологичид хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг ажиглажээ. Хүмүүс цалинтай ажил хийхээс илүү хувиараа бизнес эхлүүлэх нь нэмэгдэхийн хэрээр эрсдэл ч өндөр байв. Дахин хэдэн жил өнгөрсний дараа оросууд зөвлөлтийн үеийг эргэн санагалзах нь нэмэгдэж, телевизүүдийн шинэ жилийн хөтөлбөрт хуучны дуундууд эгшиглэх болжээ. Мөн зөвлөлтийн үеийг санагдуулам хоолны цэсүүд ресторануудад түгээмэл болж ирсэн байна. Гэхдээ хэн ч үнэндээ зөвлөлтийн үе рүү буцахыг хүсээгүй.

Харин 2000 онд Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч болсноор улс төрийн өнгө аяс өөрчлөгдөж эхэлжээ. Тэрбээр ЗХУ-ын үеийн төрийн дууллыг дахин сэргээсэн ба өнөөг хүртэл ашиглаж буй. Зөвлөлтийн үеийн онцлогуудыг эргэн авчирах Путины оролдлогууд үүгээр дуусаагүй. Тэрбээр “Холбоот улс задарсан нь 20-р зууны хамгийн том улс төрийн сүйрэл” байсан гэж 2005 онд хэлсэн үгэндээ онцолсон. Үүнээ хоёр жилийн дараа тэрбээр Мюнхенд мөн л үг хэлэхдээ “Оросыг дахин агуу болгоно” гэж хэлсэн юм. Тухайн үед Оросын эдийн засгийн өсөлт, газрын тосны ханш өндөр байсан зэргээс шалтгаалан ард иргэдийн амьдрал сайн байсан тул Путины мэдэгдлийг дотооддоо сүртэй тусгаж аваагүй. Путины рейтинг унаж эхлэхэд тэрбээр 2008 онд Гүржтэй богино хугацааны дайн хийснээр нэр хүнд нь сэргэсэн байна. Харин 2012 онд хотын ажилчин ангиудын эсэргүүцэлтэй тулгарсан ба хэт хуучинсаг улс төрийн бодлогоо эрс өөрчилж эхэлжээ. Түүний суртал ухуулгын гол агуулга нь зөвлөлтийн үеийн ялагч гэсэн нэр хүндийг ОХУ-д дахин авчирах юм.

Улмаар 2014 онд Крым хойгийг Украинаас “салгаж” ОХУ-д буцаан нэгтгэсэн нь “эзэнт гүрнийг” сэргээн байгуулах эхний алхам байв. Эзэнт гүрний иргэн гэх үзэл санаа оросуудын зүрхний угт байдаг ба түүнийг нь Путин ашиглаж, суртал ухуулгаа боловсруулж байна. Ингээд 2021 онд санал асуулгад оролцогчдын 49 хувь нь зөвлөлт системийг илүүд үздэг гэх судалгааг хараат бус Левада төвөөс танилцуулсан юм. Тус судалгаанд ОХУ-ын бүс нутгууд бүрээс 1603 хүнийг хамруулсан байна. Гэхдээ залуу үеийнхэн бол ЗХУ-ын үе рүү буцах ямар ч бодолгүй байгаа нь харагджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж