Иммуноглобулин уураг туршилт байв уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

Иммуноглобулин уураг туршилт байв уу?

Иммуноглобулин уураг туршилт байв уу?

Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургаар дархлаажуулахаар болсон. Тус уургийг импортлох өртөг өндөр байдаг учир эмийн компаниуд, эм ханган нийлүүлэх газрууд оруулж ирдэггүй. Тэгвэл одоогоос зургаан сарын өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор тус уургийг дотоод үйлдвэрлэж эхэлсэн. Тодруулбал, тогтоолын дагуу цар тахлын эсрэг биобэлдмэл, вакцин үйлдвэрлэхэд Засгийн газар 284 сая 62 мянган төгрөгийг нөөц сангаасаа төсөвлөсөн билээ. Энэ мөнгө Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Биобэлдмэлийн үйлдвэрийн уураг үйлдвэрлэх зардалд багтсан ч тэд хугацаандаа багтаж иммуноглобулиныг гаргаж чадаагүй. Учир нь дотоодын үйлдвэрлэл хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш. Мөн үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмж гацах, эвдрэх сэлбэг олдохгүй байх тохиолдол гарсантай холбоотойгоор үйлдвэрлэл саатсан зэргийг албаны хүмүүс хэлж буй.

Тавдугаар сард гарсан шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажлын хэсэг байгуулж, үйлдвэрлэлийг хурдан эхлэхээр шамдсан. Тиймдээ ч сүүлийн 10 жил зогсоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээсэн билээ.

Тухайн үед Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэх боломж бидэнд бий. Эхний ээлжид иммуноглобулин уургийг үйлдвэрлэнэ. Цаашид нөөц боломжоо нэмэгдүүлнэ” гэсэн юм. Импортоос үл хамаарах дархлаа сэргээх бэлдмэл үйлдвэрлэхийг олон хүн дэмжиж байв. Тэр дундаа 11-ээс доош насны хүүхэдтэй хүмүүс уураг бэлэн болох хугацааг хүлээсэн. Тийнхүү аравдугаар сарын 25-нд НЭМҮТ-өөс бэлэн болсон 2500 тун иммуноглобулиныг ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэс хойш уургийн асуудал замхарсан. Сар бүрийн эхэнд тус уургийг хэзээ хийж эхлэх талаар тодруулахад 10, 11, 12 дугаар сард багтаан хийнэ гэж ам өгч байсан ЭМЯ-ныхан өнөөдөр асуултаас бултах болсон.

ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭХЭД ҮНДСЭН ЗОРИЛГООСОО ХАЗАЙСАН ДАРХЛАА СЭРГЭЭХ УУРАГ

Бага насны тэр дундаа зорилтот бүлгийн тоотой хэдхэн хүүхдэд хийхээр төлөвлөж байсан уураг гарган авах ажил яагаад бүтэлгүйтэж, замхрав. Үйлдвэрлэлийн хувьд авч үзвэл зургадугаар сараас эхэлсэн атал үндсэн зорилгоосоо тэд хазайсан.

Энэ талаар НЭМҮТ-өөс өнгөрсөн сар тодруулахад “Энэ ондоо багтааж хийж эхлэх байх. Үүнийг ЭМЯ л мэднэ. Гэхдээ энэ уургийг тийм ч сүртэй зүйл гэж хүлээж авах шаардлагагүй. Энэ бол дархлаа сэргээх энгийн л уураг” гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл дархлаа сэргээх уураг үйлдвэрийг дахин сэргээх туршилт байв уу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид өвөрмөц гэх тодотголтой уургийг Covid-19-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад ашиглана гэж дурдсан. Гэвч Монгол Улсад үүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэл байгаагүй учир боломждоо тааруулж энгийн уургийг гарган авчээ. Тайлбар авахад НЭМҮТ “Монгол Улсын тухайд энгийн иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагад тулгуурлаж, дархлаа тогтоогүй хүүхдүүдийн тодорхой хувьд хийнэ. Covid-19-өөс сэргийлэхэд төдийлөн үр дүнтэй гэж хэлэхгүй ч хүүхдүүд огт хамгаалалтгүй байснаас дээр” гэсэн юм.

284 САЯ ТӨГРӨГИЙН 5000 ТУН ИММУНОГЛОБУЛИН УУРГИЙГ ХЭЗЭЭ, ХЭНД ХИЙХ ВЭ?

Уураг хийж эхлэхийг эцэг эхчүүд хүлээсэн ч горьдлого тасарсан юм. Учир нь бүх хүүхдэд биш эхний ээлжид зорилтот бүлгийн хүүхдүүдэд хийнэ гэдгийг албаны хүмүүс онцолсон. Харамсалтай нь өндөр өртөгтэй уургаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв ЭМЯ-нд хүлээлгэж өгөхөөс өмнө дээжийг нь өөрсдөө хүртжээ. Нийт алба хаагчид болон тэдний 0-11 насны 70 гаруй хүүхдийг тус уургийн туршилтад хамруулсан гэдгийг цахим хуудасны хаалттай бүлэгт бичсэн байна.

Баталгаагүй, бүрэн хамгаалах чадвартай эсэх нь батлагдаагүй уургийг ийнхүү хийж, түүгээр ч зогсохгүй олон тэрбум төгрөгийн тендер зарлаж уураг үйлдвэрлээгүй нь хэний буруу вэ?

Уургийн нөөц, хүрэлцээ ямар байгаа талаар НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоогоос өнгөрсөн сар тодруулахад “Иммуноглобулины эхний ээлжийг амжилттай үйлдвэрлэж 2000 тунг бэлэн болгож, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгсөн. Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлэх ажил үргэлжилдэг.  Хоёр сард 500 ширхэг л үйлдвэрлэх боломжтой. Иймд 60 хоногт нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэхээр төлөвлөсөн.  Уургийн бэлдмэл нь дархлаа сэргээх, дэмжих үйлчилгээтэй тул эхний ээлжид зорилтот бүлгийн хүүхдүүдийг дархлаажуулна. Өөрөөр хэлбэл, эмчийн заавраар дархлаа сул байгаа хүүхдүүдэд тарих ёстой. Иммуноглобулин уураг нь  Covid-19 халдварын үед хүндрэлээс сэргийлнэ. Мөн бусад төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэсэн юм.

Иммуноглобулин нь Covid-19 үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм. УОК-ын О.Батбаяраас хэлснээр иммуноглобулинийг эмнэлгүүдэд хуваарилж өгсөн. Уургийн бэлдмэлийг Covid-19 халдвараар өвдөөд эдгэсэн хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөж байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж