Өдгөө 70 настай Д.Мөнхнавч Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд амьдраад найман жил болж байна. Тэрбээр Дорноговь аймгийн эрчим хүчний ерөнхий инженереер 26 жил ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж тархи нугасны хүнд гэмтэл авчээ. Ослын улмаас харах чадвараа 70 хувь алдаж, үр хүүхдүүддээ төвөг болохгүйн тулд өөрөө энд ирэх сонголтыг хийсэн гэнэ.
Тэрбээр “Би гурван хүү, нэг охинтой. Нүдний эмч намайг Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд ирэхийг зөвлөсөн. Мөн хүүхдүүдээ жаргалтай амьдруулахын тулд энд ирэх сонголтыг хийсэн. Миний хүүхдүүд аз жаргалтай сайхан амьдарч байвал эх хүний хувьд жаргалтай. Би улсын халамжид амар амгалан, эрүүл саруул сайхан амьдарч байна” гэж хэлээд санаа алдав. Д.Мөнхнавч гуай үр хүүхэд, ач зээ нараа санаж байгаагаа нуусангүй. Тэдэнтэйгээ байнга утсаар ярьж холбоотой байдаг ч уулзах нь ховор. Утсаар ярих нь санасан сэтгэлийг нь дэвтээхэд дэндүү багадна. Тэрбээр “Хүүхдүүдээ саналгүй яах вэ. Ач зээ нараа маш их санаж байна” гэж хоолой зангируулан хэлэхийг сонсоод нэг хэсэгтээ сэтгэл үймрэв.
Өндөр настан Н.Мягмар хөнгөн шингэн ануухнаараа байгаа ч сэтгэл дэх гуниг нь харцнаас нь уншигдах. Идэр залуугаасаа спортоор хичээллэж, мастер цол хүртсэн тухайгаа хуучлахаас гадна архинд орсон хүүгийн хамт амьдардаг байснаа, тэтгэврийнх нь мөнгөөр архи уудаг хүүгээсээ айсандаа ахмад настны үндэсний төвд амьдрахаар шийдсэн байна. Энд ирээд таван жил болж байгаа аж.
Үе тэнгийн өвгөд, эмгэд нь жил сараар цөөрч, үлдсэн ганц нэгтэй нь очоод уулзъя гэвч ганцаар гарч чадахгүй, гар дахь эрхи, сэтгэл дэх дурсамжаар л сэтгэлээ зогоон суугаа ахмадууд энд олон.
Ханиа алдаж, өнчрөхийн зовлон дээр ганцаараа гэр сахиснаас үе тэнгийнхэнтэйгээ хууч хөөрч, тоглож наадаж энд амьдрах нь илүү таатай санагдах хүмүүс ч байна. Тэднийг өнгөцхөн харахад нэг айлын, эсвэл нэг цэцэрлэгийн хүүхдүүд мэт бужигнаж, “хүн өтлөхөөрөө хүүхэд болдог” гэдгийг батлах аж. Цагтаа төрийн нарийн бичиг, дарга, багш, эмч, даргын жолооч, цахилгаанчин, зураач, барилгачин, сувилагчаар ажиллаж байсан төрөл бүрийн мэргэжилтнүүд энд байна. Амьдрах гэж ядаж яваа хүүхдэдээ дараа болоод яах вэ гээд улсын асрамжид олон жил амьдарч яваагаа тайлбарлан суух.
Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвийн хоёр байранд 160 гаруй ахмад амьдарч байна. Хуучин байр нь 1987 онд, шинэ байр нь 2017 онд ашиглалтад оржээ. Тэнд бие махбодь эсвэл сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн ирдэггүй. Ихэвчлэн 2-3 өвчин хавсарсан, хэвтрийн цооролттой, хавдартай, тураалтай, харвалт өгсөн, сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай гээд биеэ авч явах чадваргүй, асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүс ирдэг.
Тиймдээ ч шинэ байранд сэтгэц, бие махбодын хувьд харьцангуй эрүүл 57 ахмад нэг өрөөнд хосоороо байрлана. Харин хуучин байранд асаргаа сувилгаа шаардлагатай сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтэрийн нийт 103 ахмад байрладаг аж. Эмч нар болоод төвийн захиргаа нь хуучин байранд байрлана.
Үр хүүхэд нь, хүргэн бэрүүд нь тухайн настанд удаа дараа гар хүрсний улмаас сэтгэцэд нь нөлөөлж айх цочролд орсон ахмад настан олон байдаг гэдгийг ажилчид нь хэлж байв. Сэтгэцийн эмгэгтэй ахмадууд асрагч, сувилагчдыг цохиж, зодох зэргээр айлгадаг гэнэ.
МУИС-ийн судлаачид ахмад настнуудын дунд судалгаа хийжээ. Судалгаагаар "Ахмадууд ар гэрийнхний ятгалгаар тэтгэврээ олон сараар зээлж сургалтын төлбөр, машин, байрны урьдчилгаа, тэр бүү хэл хүүхдүүдийнхээ өр төлөөсийг нь дарахад зориулдаг. Тиймээс тэд өдөр тутмын хэрэглээний мөнгөөр дутаж, өөрийн хүссэн зүйлсээ худалдан авч чадахгүйд хүрдэг. Энэ нь нэг талаараа хүчирхийлэл, хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр" гэж үзжээ. Харин Батсүмбэрийн настнууд тэтгэврийн мөнгөө өөрсдийнхөө хэрэгцээт эм тариандаа зарцуулахын сацуу тэтгэврийн мөнгөнийхөө 30 хувийг зориулалтын байр, хоол хүнс, асаргаа, сувилахуйн зардалд суутгуулдаг аж.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эмэгтэй гишүүдийн бүлэг өчигдөр /2021.12.26/ Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаа, асруулагчдын нөхцөл байдалтай танилцав. Арга хэмжээний хүрээнд улсын нэгдүгээр болон гуравдугаар төв эмнэлэг хамтран тус төвийн асруулагчдаас авсан шинжилгээний дүнг танилцуулав.
НИЙТ ХҮМҮҮСИЙН 60 ХУВЬ НЬ ТАРХИ, СУДАСНЫ ӨВЧЛӨЛ, СУДАСНЫ ХАТУУРАЛТАЙ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд “Нийт хүмүүсийн 41 хувьд нь артерийн даралт ихсэх өвчин, 60 хувьд нь тархи судасны өвчлөл, судасны хатуурал, 25 хувьд нь харвалтын дараах үлдэц байгаа нь цаашид зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэл өндөр байна. Дотрын үзлэгт зонхилох хувийг архаг нойр булчирхай, элэг, ходоодны үрэвсэл эзэлж байна. Мөн насжилттай холбоотойгоор оюуны чадамж, бүтээмж буурах, сонсгол бууралт өндөр байгаа” талаар онцлов.
Энэ төвд яаралтай шийдвэрлэх шаардлагатай багагүй асуудал байдаг талаар тус төвийн дарга Л.Эрдэнэхүү ярилаа. Тухайлбал, Батсүмбэр сумаас Баянголын аманд байрлах Батсүмбэрийн ахмад настны үндэсний төв хүртэл 7.7 километр /км/ шороон замтай. Асруулагчдыг эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үед өнөөх энхэл, донхол муу замаар нэг цаг гаруй явсаар Улаанбаатарт хүргэдэг гэнэ. Муугаар бодоход замдаа эрсдэх магадлал тун өндөр. Төвийн зүгээс өнгөрсөн жил аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамтран Зам, тээврийн хөгжлийн яаманд дээрх 7.7 км замыг сайжруулсан шороон зам болгох хүсэлт гаргажээ. Улмаар зам засварт 700 сая төгрөг шаардлагатай гэх тооцооллыг салбар яамнаас гаргасан ч энэ жилийн төсөвд суугаагүйд тэд гомдолтой байна.
Тус төв нь 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. Эмч эмнэлгийн ажилчид болон бусад мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 24 айлын орон сууц барихад санхүүгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хэллээ. Энэ жил Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд 2.8 тэрбум төгрөгийн төсөв суугдсан ч ажилчдын цалин, асруулагчдын хоол, байрны зардал, урсгал засвар зэрэг тогтмол зардлуудад зарцуулагдсан учраас бусад зүйлд хүрэлцээгүй аж. Тиймээс энэ асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа анхааралдаа авна гэдгээ илэрхийлсэн юм.
Гэрэл зургийг Н.Дорждэрэм
Холбоотой мэдээ