"Бизнесийн салбарын эрсдэл нь Цар тахлын тухай хууль болсон"

Хуучирсан мэдээ: 2021.12.27-нд нийтлэгдсэн

"Бизнесийн салбарын эрсдэл нь Цар тахлын тухай хууль болсон"

"Бизнесийн салбарын эрсдэл нь Цар тахлын тухай хууль болсон"

Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хуулийг дахин зургаан сараар сунгах саналыг МАН-ын бүлгийн энэ сарын 20-ны өдрийн  хуралдаанаар гаргаж,  дэмжсэн билээ. Улмаар УИХ-ын Баасан гариг /2021.12.24/-ийн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хэрэв Цар тахлын тухай хуулийг дахин зургаан сараар сунгавал нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, хуульч С.Батбуянтай ярилцлаа.


Цар тахлын тухай хуулийг сунгахыг эрх баригч намын бүлэг дэмжиж байгаа. Тэгэхээр цар тахлын хуулийг сунгавал эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Арай гэж сэргэж байсан эдийн засаг эргээд "дарамтад" орох биш үү?

-Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр  батлагдсан. Энэ хууль хэрэгжээд нэг жил зургаан сар болж байна. Хэрэв Цар тахлын тухай хуулийг дахин зургаан сараар сунгавал үндсэндээ хоёр жилийн нүүр үзнэ. Энэ хуулийн гол зорилго нь тахалд нэрвэгдсэн хүнд үед сунгах нь нийгэмд хэрэгтэй. Хуулийн хүрээнд зарим үйл ажиллагааг хязгаарласан. Гэвч халдварын тархалт хумигдсан, тохиолдлын тоо буурсан үед Цар тахлын тухай хуулийг сунгах нь нийгэм, эдийн засагт муугаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэвийн эргэлтийн системд өмнөх хорио цээр, хязгаарлалтын дэглэм нөлөөлөх эрсдэлтэй. Ер нь хуулийг сунгана гэдэг нь ямарваа нэг зүйлийг хязгаарлаж байна гэсэн үг. Наад зах нь, үйлдвэрлэл, үзвэр, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг хязгаарлаж бас зарим арга хэмжээг цуцалж байна. Гэтэл энэ бүхний цаана эргэлдэж буй мөнгө санхүүгийн урсгал, эдийн засгийн хэвийн системийг зогсоохоор идэвхтэй үйлдлүүд болохгүй, хомсдол үүсч эхэлсэн. Жишээ нь, валютын нөөц багассантай холбоотой асуудал ч бий.

Цар тахлын тухай хуулийг сунгах  нь эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг эргэлзээтэй болгож байна. Хуулийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаанд саад болохгүй гэх баталгаагүй. Ялангуа бизнесийн салбарын хамгийн том эрсдэл нь Цар тахлын хуулийн хүчинтэй байх хугацаа боллоо.

Яагаад гэвэл хууль хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанд тооцоо судалгаагүй шийдвэр, хорио цээрийн дэглэм бизнесийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлнө. Энэ нь эдийн засагт сөрөг үр дагавартай.

Ерөнхийдөө төрийн гаргаж буй шийдвэр, үйлдлүүдээс харахад хязгаарлаж, хорьсон зохисгүй шийдвэр өнгөрсөн хугацаанд гарсан. Хуульд заасны дагуу ямар нэгэн шийдвэр гаргаж болно. Гэхдээ нийтийн эрх ашгийг хангах ёстой.

Цар тахлын хууль эдийн засагт хэр их хохирол учруулсан бэ, танд ямар нэгэн тооцоо судалгаа байна уу?

-Одоогоор эдийн засагт үзүүлсэн хохирлын хэмжээг тооцох боломжгүй. Гэхдээ Цар тахлын тухай хууль хэрэгжснээр маш олон үйл ажиллагааг хязгаарлаж, жижиг дунд бизнесүүд дампуурсан. Иргэд аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүйд хүрсэн зэрэг олон хүчин зүйл нийгэмд бий болсон.

Нөгөө талд эдгээр асуудлыг аль болох халамжийн бодлогоор нөхөх зорилго агуулж байх шиг. Гэхдээ халамж нь эргээд хэтэрхий хавтгайрсан, зорилтот бүлэгт хүрэхгүй байна. Үүний тод жишээ нь, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүссэн. Ажил хийх хүн олдохгүй байна.

Хөдөлмөрийн зах зээлийн нийт 20 хувийг ажилчид нийгмийн даатгалын орлогын 80 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс харахад хөдөлмөр эрхлэлтийн зохисгүй бодлого, нийгмийн даатгал татварын зохистой биш бодлого хэрэгжээд эхэлж байна. Энэ бол бидний анхаарах ёстой чухал асуудлын нэг болчихоод байна.

-Хуулийн хугацааг сунгах гэсэн эрх баригчдын зорилго нь хулгай болон хууль бус томилгоогоо нуух оролдлого гэж харагдаж байгаа?

-Засгийн газар Цар тахалтай тэмцэж нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 10 их наядын зээлийг зарцуулсан  гэж харж болно. Гэхдээ хулгай хийсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч сүүлийн үед яригдаж байгаа асуудал нь төрийн албан тушаалтнуудын томилгоо сөхөгдөж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн өндөр албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтаар томилдог. Гэтэл Цар тахлын тухай хуулиар шууд томилох гарцыг нь нээсэн. Өнөөдөр 60 гаруй төрийн өндөр албан тушаалтан шууд томилгоотой түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Хэрэв Цар тахлын тухай хуулийн хэрэгжилтийг хүчингүй болговол сонгон шалгаруулалтаар ажиллах ёстой хүнийг нь томилох шаардлага гарч ирнэ. Гэтэл одоогийн томилогдсон хүмүүсийг байлгах зорилгоор Цар тахлын тухай хуулийг сунгалаа гэсэн мэдээлэл ч цацагдаад эхэллээ.

Энэ нь Засгийн эрхийг барьж буй институт бодлогын хувьд төрийн өндөр албан тушаалтнуудыг тогтвортой ажиллах, ажлын үр дүнг харах зорилгоор ийм шийдвэр гаргасныг үгүйсгэхгүй. Цар тахлын тухай хуулийг сунгаж байгаа нь улс төрийн шийдэл болов уу.

   "ТАХЛЫН ҮЕД БАРЬСАН БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ НИЙГЭМД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛӨХГҮЙ"

Цар тахлын тухай хуулийг сунгавал ипотекийн зээл төлөлтийг хойшлуулна.  Ипотекийн зээл төлөлтийг бүтэн жил хойшлууллаа. Энэ нь арилжааны банкуудад сөргөөр нөлөөлөах эрсдэлтэй юм биш үү. Ипотекийн зээлийн эх үүсвэр нь арилжааны банкуудад дараагийн зээл олголтыг бүрдүүлдэг?

-Ипотекийн зээл нь банк санхүүгийн системд чухал бүтээгдэхүүн. Зээлийн хүүгийн орлогоор банкны хэвийн үйл ажиллагаа үргэлжилж, эргээд зээлийн эх үүсвэр болгодог. Энэ систем зогссоноор банк санхүүгийн салбарт таагүй үр дагаварууд гарч байна. Иймд асуудалд хоёр талын судалгаа гарах ёстой. Нэн түрүүнд банкны эх үүсвэрийн нөөцийн судалгаа. Дараа нь иргэдийн зээлийн төлбөрийн судалгаа. Энэ хоёрыг харьцуулж судалсны үндсэн дээр төр шийдвэр гаргах ёстой. Ийм судалгаанд үндэслэн төр шийдвэр гаргасан тохиолдолд олон нийт маргахгүй. Харамсалтай нь өнөөдөр судалгаа танилцуулаагүй, тооцоолол гаргасан эсэх нь мэдэгдэхгүй шийдвэр гаргаж байгаа нь суурь асуудал.

Банкны талаас харвал нөөцийн хомсдолд орж байгаа  байх. Иргэдийн талаас харвал зээлээ төлж чадахгүй байх нөхцөл, шалтгаан байгаа эсэхийг судалсан нь эргэлзээтэй.

Бүх зүйл хөшигний цаана далд хэлбэртэй, нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөх шийдвэр гарч байгаа нь хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаа ч асуудал бий. Иймд халдварын нөхцөл байдлыг зөв үнэлж Цар тахлын тухай хуулийг сунгах эсэхийг шийдэх ёстой.

Ипотекийн зээлээс гадна айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан дулаан, хогны төлбөрийг өнгөрсөн хугацаанд төр хариуцсан. Гэхдээ дахин төлбөрийг тэглэх тухай ч ярьж байна?

-Цар тахалд нэрвэгдэж, гэрээсээ ч гарч чадахгүй хүнд төр дэмжлэг үзүүлээгүй байсан бол хүмүүсийн амьдралд сөрөг үр дагаврууд гарах байсан. Харин төр цахилгаан, дулааны төлбөрийг хариуцсанаар тодорхой хэмжээнд сайн талууд бий болсон. Гэхдээ хүмүүсийн ажил, амьдрал жигдэрсэн одоогийн нөхцөлд дахин цахилгаан дулааны төлбөрийг хөнгөлөх нь сайн нөлөө үзүүлэх нь эргэлзээтэй. Цар тахлын хүнд үед барьж байсан бодлогоо тахал намжсан ийм үед барих нь ямар шалтгаантай вэ. Энэ талаарх судалгаа бий юу гэдэг нь л чухал.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ирэх оноос тусгай зөвшөөрлийг цуцалж аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг чөлөөлөхөө мэдэгдсэн. Гэтэл МАН-ын бүлэг Цар тахлын тухай хуулийг сунгахаар ярьж байна. Төрийн уялдаа холбоогүй шийдвэрүүдээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд л хэлмэгддэг шүү дээ?

-Цар тахлын тухай хууль нь онцгой, тусгай зохицуулалттай. Үндсэн хуульд хүний эрхийг хуулиар хязгаарлана гэж заасан. Энэ журмаар Цар тахлын хууль нь хүний эрхийг хязгаарласан. Хэрэв хорио цээр тогтоож байгаа бол тунг нь тааруулах ёстой. Гэтэл хуулийг буруугаар хэрэглэх, буруу тайлбарлах байдлаар хэтэрхий их хорьж, хязгаарлалт тогтоож байгаа нь эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагаврууд авчирч байна.

Нөгөө талд, нийслэлийн захиргааны байгууллага 74 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй болгосноор төрийн оролцоо хүнд суртлаа багасгаж байгаа нь сайн. Гэвч Цар тахлын тухай хууль хэрэгжих хугацаанд ямар ч үед хязгаарлалт тогтоох эрх нь төрийн байгууллагад нээлттэй.

Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдгийн үлгэрээр гаргасан шийдвэрээ эргээд үгүйсгэж байгаа нь асуудал болж байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд аливаа шийдвэрээ хэвлэлийн бага хурлаар танилцуулдаг. Гэтэл тухайн шийдвэр нь албаждаггүй маш их хугацаа алддаг. Албажаагүй шийдвэрийг албан байгууллагад хэрэгжүүлбэл хууль бус болдог. Учир төрийн гаргасан шийдвэр нь бичиг цаасаар албаждаггүй. Улмаар иргэдийн хүлээлт үүсдэг асуудал нь хүмүүсийг чирэгдэлд оруулж, стресст оруулж, сэтгэл санааг нь хямраасан асуудал ч өнгөрсөн хугацаанд гарсан. Товчхондоо, Цар тахлын тухай хууль хүчинтэй байх хугацаанд ямар нэгэн бодит болон бодитой биш шалтгаанаар хязгаарлалт тогтоох  эрх нь төрийн бүх шатны албан байгууллага, албан тушаалтанд байгаа юм. Энэ нь төлөвлөсөн тогтмол бизнесүүдийн орлого тасрахад нөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл, Цар тахлын тухай  хуулийг зургаан сараар сунгах нь аж ахуйн нэгжүүд тогтмол үйл ажиллагаа явуулах эсэх нь эргэлзээтэй болж байна гэсэн үг. Уг хууль нь төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтан хязгаарлалт тогтоох эрхийг нь нээж өгсөн.

Гэхдээ хязгаарлалт тогтоохоор болбол маш тооцоо судалгаатай, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулах ёстой. Атал зарим нь ямар ч уялдаа холбоогүй хязгаар тогтож байгаа нь хэвийн нийгэм эдийн засгийн харилцааг илүү бүрхэг болгож байгаа л асуудал.

Цар тахлын тухай хууль өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгсөн үү. Жишээлбэл, Цар тахлын тухай хууль хэрэгжээд нийтийн эрх ашгийг хангаж чадсан гэж үзэж байна уу?

-Уг нь Цар тахлын тухай хуулийн зарим заалт хэрэгжсэн бол маш бодит тооцоо судалгаа үнэлгээ гарах ёстой. Тухайлбал, хуулийн хэрэгжилтийг Засгийн газар УИХ-д тайлагнана гэж заасан ч хэрэгжилт хангалтгүй. Ер нь аливаа нийтийг хамарсан шийдвэр маш нарийн тооцоо, судалгаанд үндэслэхгүй бол олон нийтийн эрх ашгийг хохироох, хүний эрхийг зөрчих, нийгэмд бусгаа байдал үүсгэхэд хүргэнэ. Төр Цар тахлын тухай хуулийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан гаргаж буй шийдвэрүүд нь хоорондоо зөрчилтэй, зарим тохиолдолд эргэлзээтэй, улмаар хуулиар олгогдсон эрх чөлөөг хязгаарлаж буй асуудлууд байна.

-Энэ тухайд хоёр талтай асуудал яригдаж байгаа юм. Цар тахлын тухай хуулийн сайн тал нь улсаараа тахалд нэрвэгдсэн, хэвийн амьдралын тэнцвэр алдагдсан үед төр сэтгэл санааны болон наад захын амьжиргааны хэрэгцээг хангах халамжийн бодлого барьсан нь зөв. Энэ бол хүнээ шийдвэр байсан. Нөгөө талд, хуулийг хэтрүүлэн хэрэглэж бизнесүүдээ шахсан шийдвэрийг буруу гэж үзэж байна.

Тиймээс эдийн засаг, нийгмийн хэвийн үйл ажиллагааг хязгаарласан шийдвэр гаргахаар бол эрх баригчид тооцооллоо сай хийж, бодитоор хандах ёстой. Үгүй бол гэнэтийн шийдвэрээс болж улсын тодорхой салбар, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд ороход бэлэн байна.

Бизнес эрхлэхэд хамгийн хүндрэлтэй нөхцөл байдалд өнөөдөр бид ажиллаж хөдөлмөрлөж байгаа шүү дээ.

"ТООЦОО СУДАЛГААГҮЙ ШИЙДВЭР ЭДИЙН ЗАСАГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛСӨН"

Цар тахлын тухай хууль  хүний эрх ноцтой зөрчигдөх шалтгаан болсон нь худлаа биш. Энэ хуулийг үргэжлүүлэн сунгавал хүний эрхийг зөрчинө гэсэн үг биз дээ?

-Цар тахлын тухай хууль нь улс орны амьдрал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой. Хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг эрхэлж байхад гэнэтийн шийдвэрээр хориглох боломжийг Цар тахлын тухай хууль олгож байгаа юм.

Харамсалтай нь гэнэтийн шийдвэр нь хэзээ гарах нь тодорхойгүй, өнөө орой эсвэл маргааш ч байж болно. Гэтэл  бизнес эдийн засаг нь өдөр бүрийн графиктай үр өгөөжөө харсан, урт хугацаанд төлөвлөсөн идэвхтэй процесс. Гэтэл Цар тахлын тухай хууль, цаг үеийн нөхцөл байдлын нэрийдлээр төр  гэнэтийн шийдвэрүүд гаргах нь бизнесийн тогтмол үйл ажиллагааг тасалдуулсан.

Энэ нь эдийн засаг нийгмийн амьдралд сөрөг үр дагавруудтай. Цар тахлын тухай хуулийг сунгаж болох ч гагцхүү маш бодит тооцоо судалгаа, урьдчилж харсан шийдлүүд байх ёстой. Ялангуяа тооцоо судалгаанд үндэслэхгүй байж болохгүй. Хэн нэгний эрхийг хязгаарлах бол дээр дурдсанаар олон нийтийн эрх ашгийг дээдлэх  стандартыг барих ёстой. Гэтэл хүний эрхийг хязгаарласан шийдвэр нь ямар олон хүний эрх, ашиг сонирхлыг дээрдүүлж байна вэ гэдгийг анзаарах ёстой. Ерөнхийдөө нийтлэг эрх ашиг бол эдийн засаг, нийгмийн амьдралын хэвийн үйл ажиллагааг дээдлэх шүү дээ.

Covid-19 халдварыг дотоодод алдаагүй үед Цар тахлын тухай хуулиар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан нь хамгийн том алдаа байв уу?

-Санал нэг байна. Цар тахлыг дотоодод алдаагүй байхад яарч хорьж хязгаарлах шийдвэр гаргасан. Тооцоо судалгаагүй, олон улсын чиг хандлага, дэлхий нийтийн нөхцөл байдлыг анзааралгүй эрт хорио цээр тогтоосон. Үүнээс болж бизнесийн үйл ажиллагаа доголдож, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид маш их алдагдалд орсон.

Тухайн үед гаргаж байсан шийдвэрүүдийг харахад тооцоо судалгаагүй, асуудалд бодитоор хандаагүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.  Өнөөдрийг хүртэл хөл дээрээ тогтож чадаагүй маш олон бизнесүүд бий. Үүний цаана маш олон ажлын байр устсан.

Хоол үйлдвэрлэл, зоогийн газар зэрэг зах зээлийн ачааны багагүй хувийг үүрдэг үйлчилгээний салбар цар тахлын улмаас зогсонги байдалд орж эдийн засагт сөргөөр нөлөөлөх боллоо.

УИХ өнгөрсөн хоёр жил бүх эрх мэдлээ Засгийн газарт өгчихсөн.  Үүний ард төсвийн хяналтгүй санхүүжилт, үр ашиггүй зарцуулалт нуугдаж байна гэж иргэд шүүмжилдэг. Ингэж шүүмжлэх нь ч аргагүй. Засгийн газарт УИХ хяналт тавьж чадахаа байлаа шүү дээ?

-УИХ-аар хууль баталж тогтоох бол Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй. Гэхдээ хууль зөрчихгүй хэвийн стандартыг барьж хэрэгжүүлэхэд УИХ хяналт тавих ёстой. Харьцангуй их эрх  мэдлийг гүйцэтгэх засаглалд  Цар тахлын тухай хуулиар далимдуулж олговол олон салбарт эмх замбараагүй байдал үүсэх суурь болно.

Гэрэл зургийг Н.Дорждэрэм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж