Дулааны шугамд гэмтэл гарч, автозамын зорчих хэсгийг түр хаажээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Баянзүрх дүүргийн нутаг, Натур худалдааны төвөөс урагш Нарны замыг холбосон туслах замын дунд гэмтэл гарсан байна.
Иймд засварын ажилтай холбогдуулан өнөөдөр өглөө 08:00 цагаас зорчих хэсгийг хаасан бөгөөд маргааш 08:00 цагт зам нээхээр төлөвлөжээ.
Одоогоор дулааны шугамд гэмтэл гарсантай холбогдуулан замын ачаалал ихэссэн тул цагдаагийн хоёр албан хаагч зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. Энэ тухай ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ “Натур худалдааны төвийн урагш Боролдой цэцэрлэгийн орчимд дулааны шугамд гэмтэл гарсныг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлсэн. Гэмтлийг маргааш 08:00 цагт засварлахаар төлөвлөж байгаа ч маш олон айл өрхийн дулаантай холбоотой асуудал яригдаж байгаа учраас өнөөдөр 23:00 гэхэд засварыг дуусгахаар ажиллаж байна.
Автозамын тухайд Натур худалдааны төв нь 4 метрийн өргөнтэй маш нарийн зам учраас маш их түгжирдэг ачаалал ихтэй. Гэмтэл гарсан хэсэгт автозамын тэмдэглэгээ тавьсан. Гэсэн ч иргэд замын тэмдэглэгээг анзааралгүй засвартай хэсэг рүү орж түгжирч байна. Замын урд хойд хэсэгт цагдаагийн хоёр албан хаагч зохицуулалт хийхээр ажиллаж байна” гэлээ.
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан автозамын ачаалал 30 орчим хувиар буурсан. Гэхдээ шинэ жилийн баяртай холбогдуулан томоохон зах худалдааны төвүүд болон ресторан, лоунжийн ойролцоох машины урсгал ачаалал нэмэгджээ. Иймд жолооч нар аль болох замын хөдөлгөөний дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Холбоотой мэдээ