Сүүлийн дөрвөн жилд зарим хэрэглээний барааны үнэ 57.5 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Тухайлбал, 2017-2021 онд мах, жимс, талх, боорцогны үнэ 2-3 дахин нэмэгджээ. Мөн Нийслэлийн статистикийн газрын долоо хоног бүрийн ажиглалтаар мах, хүнсний ногооны үнэ сүүлийн үед өссөн дүнтэй байна. Тус газрын өнгөрсөн долоо хоногийн статистик мэдээллийг хүргэе.
МАХНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11266 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 332 төгрөгөөр өссөн дүн юм. Мөн хонины цул махны үнэ 720 төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн үхрийн ястай болон цул махны үнэ ч бас өмнөх долоо хоногтой харьцуулахад 200-507 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ кг нь 13669 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногоос 207 төгрөгөөр өссөн дүн. Мөн үхрийн цул мах 507 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны үнэ “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 12000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөгөөр худалдаалж байна.
"АТАР" ТАЛХНЫ ҮНЭ 1600 ТӨГРӨГ
Хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дунджаар кг нь 1300-1500 төгрөгийн үнэтэй байна. Нэгдүгээр зэргийн гурил кг нь 1300 бол дээд зэргийнх 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа юм. Тэгвэл өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1600 төгрөгийн үнэтэй байна. “М-Март” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнээр буюу 1600 төгрөгөөр худалдаалж байна
ТӨМС, МОНГОЛ БАЙЦААНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Зах худалдааны төвүүдэд ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад өсчээ. Тодруулбал, монгол лууван кг нь 3034 төгрөгийн үнэтэй байгаа нь 1.8 хувиар нэмэгдсэн дүн. Мөн хүрэн манжин кг нь 3719 төгрөг болж 2.7 хувиар өсчээ. Харин төмс кг нь 1152 төгрөг болж 2.6 хувь, монгол байцаа 3.14 хувиар тус тус буурчээ.
Холбоотой мэдээ