Цар тахлын хуулийг сунгаж, төрийн золголт хийхгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.26-нд нийтлэгдсэн

Цар тахлын хуулийг сунгаж, төрийн золголт хийхгүй

Энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


САР ШИНЭЭР ТӨРИЙН ЗОЛГОЛТ ХИЙХГҮЙ

Дэлхий даяар омикрон хувилбарын тархалт 90 гаруй улсад тархсан. Омикрон хувилбар тархахаас сэргийлж, Монгол Улсад нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоног тусгаарлан хяналт тавьж байсныг мэднэ.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах санал гаргасныг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчлан зохион байгуулахыг УОК-т даалгажээ. Өөрөөр хэлбэл гаднын 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол УОК хугацаагаа зарласнаар гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг Ерөнхий сайд дэмжсэн юм.

Үүний зэрэгцээ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. XVII жарны Усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр шинийн 1-ны өдөр тохионо. Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд төрийн золголтыг дахин хийхгүй байх,  иргэдийн хувьд цомхон хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг УОК-т өгчээ.

УДШ: АН-ЫН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАВ

Ардчилсан нам хоёр дарга, хоёр тамгатай болж, Улсын дээд шүүхээр асуудлаа шийдүүлэх хэмжээнд хүрсэн ч энэ маргаанд цэг тавихгүй бололтой. Улсын дээд шүүхийн дээд шүүгчийн хуралдаанаар өчигдөр /2021.12.20/ АН-ын даргыг эцэслэх ёстой байлаа. Гэтэл шүүхээс О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэсэнгүй. Түүнээс гадна С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан дээд шүүхэд М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч хүсэлтээ буцаагаад авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх хоёр даргатай АН-ыхныг дотооддоо учраа олтол энэ асуудалд оролцохгүй гэж хойшлуулав. Тиймээс Ардчилсан нам одоогоор хоёр хуваагдсан, хоёр даргатай, эв нэгдэлгүй цааш үргэлжлэх нь. Харин энэ асуудалд хэр хугацаа орох нь АН-ын удирдлагуудаас шалтгаална.

Харин улс төрийн хүрээнд өрнөж байгаа мэдээллээр АН-ын даргаар О.Цогтгэрэлийг томилох нь зүйтэй гэдэг дээр намын гишүүд нь нэгдсэн байгаа гэх мэдээлэл бий.


ЦАР ТАХЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗУРГААН САРААР СУНГАХ УУ?

МАН-ын бүлэг Даваа гаригт (2021.12.20) хуралдаж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргах бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр энэ онд багтааж, сунгах эсэхийг парламент хэлэлцэх гэнэ. Түүний тайлбарласнаар “Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс орнуудад халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Иймээс түргэн зохицуулалт хийх шаардлагатай учраас ирэх оны долдугаар сарын 1-ныг хүртэл сунгахаар болсон. Цар тахал дуусаагүй байхад хуулийг нь цуцалбал тусгаарлалтаас эхлээд олон арга хэмжээ хаагдана" гэсэн юм.

Улмаар УИХ-ын Баасан гаригийн /2021.12.24/  чуулганы нэгдсэн хуралдаанаар, Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Хуулийн төсөлд араах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

  • Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;
  • Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийсэн. Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.

Ийнхүү хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлжээ.

Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Баасан гаригт /2021.12.24/ болж, цахилгаан, дулааны үнийг төрөөс төлөх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар "Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудлыг Засгийн газар дээр ярьж, шийдвэрлэнэ" гэсэн хариултыг Шадар сайд өгсөн юм.


ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙГ СУНГАВАЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛНА

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах эсэх асуудлаар Лхагва гаригт /2021.12.22/ Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн. Өмнө нь Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ гэж мэдээлсэн юм.

Түүний мэдээлснээр "Засгийн газар цар тахлын хуулийг зургаан сараар сунгах санал гаргасантай холбоотойгоор иргэдийн орон сууцны зээлийн эргэн төлөлтийг мөн хойшлуулахаар хэлэлцжээ. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон хүүг хуулийн үйлчлэх хугацаанд сунгаж болно гэж тусгасан. Энэ заалт хэвээрээ, зургаан сараар сунгах саналыг Засгийн газар өргөн барьсан аж. Зээлдэгчдийн хувьд энэ хугацаанд үндсэн төлбөр, хүүгээ төлж болно. Тэгснээр зээлийн хугацаа нь хойшлохгүй. Өөрсдийн нэр дээр хурдан өмчилж авна гэсэн үг.


ХОТЫН ЗАХИРГААГ НҮҮЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын “Хангарьд” ордныг нүүлгэх асуудал аль эрт 2013 оноос эхлэн яригдсан. Тэгвэл энэ нүүдэл суудлыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор амжуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргаанд даалгажээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өчигдөр /2021.12.25/-өөс нүүж эхэллээ.

Covid-19 цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээ хийж, Улсын комисс хүлээн авснаар хотын захиргааныхан нүүхэд бэлэн болжээ.

Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталсан байна. Тодруулбал, нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж