"Улс орны чухал зүйл бол иргэдийнх нь эрүүл мэнд"

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

"Улс орны чухал зүйл бол иргэдийнх нь эрүүл мэнд"

"Улс орны чухал зүйл бол иргэдийнх нь эрүүл мэнд"

Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсч, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн хүндэтгэлийн баярын хурал өнөөдөр /2021.12.25/ боллоо. Хурлыг нээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлсэн юм. 

Тэрбээр "Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө явцад дэлхийн түүхнээ дурсагдах олон ололт амжилтыг бүтээсэн. Тухайлбал, 20 дугаар зуунд л гэхэд 300 сая хүний амь насыг авч одсон “цагаан цэцэг”-ийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэн, 1940 он гэхэд “цагаан цэцэг өвчин”-ийг бүрэн устгасан Азийн анхны улс орон болсон. Дэлхий дахины Мянганы хөгжлийн зорилтын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон зэрэг амжилтаараа бид энд бахархахгүй байхын аргагүй. Цаашид Монгол Улсын хөгжлийн чиг баримжаа болсон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэддээ илүү ойрхон, “оношлох” гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх, “эмчлэх” гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэн ажиллана. Монгол Улсад эрүүл мэндийн улсын алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс орны хөгжлийн “үнэт эрдэнэ” монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэн, улс орны хөгжлийн түүчээ нь болсон эрүүл мэндийн салбарын ажилчид болон та бүхний үргэлж дэмжлэг, найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе” гэв.

Мөн дараах хүмүүс баярын сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Нарангэрэл

-100 жилийн хугацаанд манай эрүүл мэндийн салбарт үнэхээр ахиц дэвшил гарсан. 100 жилийн өмнө монголчуудын дундаж наслалт, хүн амын тоо бага байсан. Өнөөдөр хүн амынхаа тоог 3.4 саяад, дундаж наслалтыг 68.3-т хүргэлээ. Цар тахлын эсрэг манай салбарынхан хоёр жилийн хугацаанд маш амжилттай тэмцэж, дэлхийн бусад улстай харьцуулахад эрүүл мэнд, эдийн засгийн хохирол багатай даван туулж байна. Монголд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй байх үед Ухань хотод уушгины шалтгаан нь тодорхойгүй өвчин гарлаа гэх мэдээтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам “Анти корона” багийг байгуулж байлаа. Манай баг ард олондоо 11:00 болон 17:00 цагуудад дэлхий дахины мэдээллийг танилцуулж, ямар арга хэмжээ авч байгааг нь хүргэсэн. Мөн эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг танилцуулсан. Үүний үр дүнд бид амны хаалт тогтмол зүүж, гараа угаадаг болсон. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ханиад, томуу, томуу төст өвчний халдварт өвчин эрс буурсан. Бид халдварт өвчнөөс өөрсдийгөө хамгаалж чадна гэдгээ мэдэрлээ.

Монгол Улсын Гавьяат эмч А.Амбасэлмаа:

-100 жил гэдэг маш урт хугацаа. Манай салбар ч энэ хугацаанд бусад улс орнуудаас хоцролгүй хурдацтай хөгжлөө. Анх эрүүл мэндийн алба байгуулагдаж байхад хүн ам маань 600-700 мянган байлаа. Харин одоо 3.4 сая болжээ. Жилийн төрөлт нь 80 мянгад хүрчээ. Мөн Монгол Улс эрүүл мэндийн салбартаа маш олон ололт амжилтыг цогцлоосон. Миний хувьд халдварт өвчний салбарт 40 жил ажиллажээ. 100 жилийнх нь 40 хувьд нь зүтгэжээ. Энэ хугацаанд Монгол Улс цагаан цэцэг өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэсэн. Мөн саа өвчнийг устгасан. Улаан бурхан гэдэг өвчний тархалтыг зогсоолоо. Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, вакцинуудыг нэвтрүүлэх зэрэг ололт амжилтууд бий. Улс орны чухал зүйл бол иргэдийнх нь эрүүл мэнд. Сүүлийн хоёр жил цар тахлын эсрэг манай улс тархалтаа зогсоож, вакциныг хүн амдаа нийлүүллээ. Цаашдаа ч олон хариу арга хэмжээнүүд авна.

Түргэн тусламжийн 103-ын жолооч Л.Батмөнх:

-Эрүүл мэндийн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг салбарынхандаа хүргэе. Би 18 дахь жилдээ түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байна. Нийслэлийн 1.5 сая хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш хүргэдэг хүндтэй байгууллагад ажилладаг. Намайг анх ажилд орж байхад өнөөгийнх шиг орчин нөхцөл ийм байсангүй. Одоо бол цахим, шинэ зууны техник технологийн эрин үед ажиллаж байна. Мөн иргэдийн харилцаа, хандлага, эмч нарын ур чадвар, ухамсар өөр болжээ. Хүний амь нас аварна гэдэг хамгийн том буян. Үүнд багаараа ажиллаж байгаадаа баяртай байна.

Хүний гавьяат эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, зүтгэлтнүүддээ баярын мэнд хүргэе. Амаргүй, бартаатай 100 жилийн хугацаанд салбарынхан маань их зүтгэлээ. Миний хувьд анагаах сурсан жилтэйгээ нийлүүлбэл 30 гаруй жил энэ салбарт холбогджээ. Манай ахмадууд хагалгаанд хүн унтуулахын тулд эфиртэй бодист өөрсдөө унтаж, хордож хагалгаа хийдэг байлаа. Эмч ажилчид маань хамгаалалтын бээлийгүй хүний өвчин зовлон, идээ, бээр, баас шээс рүү нүцгэн гараараа ордог үеийг туулжээ. Бид өнөөдөр жилд 80 гаруй мянган шинэ иргэдээ өлгийдөн авч байна. Заавал гадаад руу зорьж, элэг, бөөр солиулах шаардлагагүй боллоо. Саяхан нэг эмчтэйгээ ярьж байхад “Орчин цагт бид хүнийг бүхий л системээр хянаж байна. Өмнө нь судсыг нь барьж хянадаг байлаа” гэсэн. Бид ямар тогтолцоонд шилжсэн бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ бол 100 жилийн бахархууштай зүйл. Энэ хөгжил дэвшлийн төлөө зүтгэсэн ахмад буурлууддаа, эмнэлгийн ажилчиддаа баярын мэнд хүргэе. 2022 онд бид цар тахлыг ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжих эхлэл 1921 оны гуравдугаар сарын 18 өдөр Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсний дараа шархадсан цэргүүдийг эмчлэн сувилах зорилготой эмнэлгийн түр хороог европ эмчилгээтэйгээр байгуулсанаас үүдэлтэй гэж үздэг. 1921 онд Монгол Улс нь 640 гаруй мянган хүн амтай, жилд 10 гаруй мянган хүүхэд төрдөг ч 48 хувь нь 3 нас хүрэхгүй энддэг, хүн амын өсөлт зогсонги байдалд орсон байжээ. Тухайн үед гадаадын зарим судлаачид Монгол Улсыг “мөхөж буй үндэстэн”-д тооцож байсан юм. 1921 онд Ардын засгийн газраас улс орноо сэргээх стратегийн чухал хэсгээ хүн амаа өсгөх хэмээн тодорхойлж, зорилт, зорилгоо дэвшүүлж байсан байна.

Энэ хүрээндээ 1923 онд ЗХУ-аас дотор, мэс засал, арьс өнгөний зэрэг нарийн мэргэжлийн 10 гаруй эмчийг урин авчирч, хүн амаа орчин үеийн анагаах ухааны шинжлэх ухаанд суурилсан эмчилгээ хийж эхэлжээ. Ийнхүү мөхөж буй гэх анхааруулгад өртөж байсан Монгол Улсын хүн ам тасралтгүй өсч, 2021 онд Монгол Улсын Хүн ам 3,4 саяд хүрч, дундаж наслалт 70,7 болжээ. Энэ нь 100 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбар хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн ажлын үр дүнг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр, орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Өдгөө эрүүл мэндийн салбар 4575 эрүүл мэндийн байгууллага, 56 мянган ажилтан, 900 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсын хөгжлийн “үндсэн тулгуур” салбар болтлоо хөгжсөн байна. Сүүлийн үед дэлхий нийтээр аливаа улс орны хөгжлийн түвшинг эдийн засгийн өсөлтөөр хэмжих хандлагаас зайлсхийн, хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Хүний хөгжлийг хэмжиж буй энэхүү гол үзүүлэлтийн нэг нь хүн амын дундаж наслалт байдаг бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт, эх нярайн эндэгдэл, нас барах өвчний голлох шалтгаан зэрэг Эрүүл мэндийн үзүүлэлт тогтмол сайжирч буй юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар нь хөгжлийнхөө хугацаанд орчин цагийн анагаах ухааны эмч мэргэжилтэнг 1942 оноос эхлэн дотоодод бэлтгэж эхэлсэн бөгөөд анхны 13 их эмчийг 1942 онд бэлтгэн гаргаж байжээ. 1962 онд Монгол Улс нь ДЭМБ-д элссэн бөгөөд энэ цагаас хойш тус байгууллагын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хуралд 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлгийн төлөөлөл оролцов. Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг эрхэм танд хүргэе.

Танд зориулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэвшүүлж буй баярын мэндчилгээ, эрүүл мэндийн салбар 100 жил баярын хөтөлбөр, дэлхийтэй зэрэгцсэн 100 жил баримтат кино, теле концерт, гэрэл зургийн сонин содон бүхнийг https://moh.gov.mn/zuunjil линкээр орж сонирхоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж