Хотын захиргааг нүүлгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.12.25-нд нийтлэгдсэн

Хотын захиргааг нүүлгэж эхэллээ

Хотын захиргааг нүүлгэж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын “Хангарьд” ордныг нүүлгэх асуудал аль эрт 2013 оноос эхлэн яригдсан. “Урт настай, удаан жаргалтай” энэ нүүдэл суудлыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор амжуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргаанд даалгасан. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнөөдөр /2021.12.25/-өөс нүүж эхэллээ. 

Covid-19 цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээ хийж, Улсын комисс хүлээн авснаар хотын захиргааныхан нүүхэд бэлэн болжээ. 

Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталсан байна. Тодруулбал, нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Яармаг руу нүүлгэх ажлын төсвийг НИТХ-ын өнгөрсөн сарын 7-ны хуралдаанаар баталсан бөгөөд Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор дамжуулж баталсан байна. Ингэхдээ нүүлгэлтэд нэг тэрбум 500 сая төгрөг төсөвлөсөн аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, хотын дарга Д.Сумъяабазар бусад ажлын албаа нүүлгээд, өөрөө Яармаг руу нүүхгүйгээр “Хангарьд” ордонд “эзэн” сууна гэх мэдээлэл ч байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Нийслэлийн захиргааг хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхгүй.Үүний оронд тэнд Монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай. Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх старт ап компаниуд, IT компаниуд тэнд бойжоосой” гэж мэдэгдэж байлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдэх нь зүйтэй гэж үзээд, "Хангарьд” ордныг Улсын дээд шүүхэд үйл ажиллагаа явуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг.

Тэрбээр "Шүүхийн байрыг шийдвэрлэх асуудал нь Үндсэн хуульд заасан иргэнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа хангаж буй асуудал болохоос биш шүүгчийн эрх ямбыг нэмж буй асуудал  огт биш. Тиймээс Улсын дээд шүүхийг  Төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна. Энэ талаар Засгийн газарт холбогдох чиглэл өгсөн.  Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна" гэж тайлбарлаж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж