Хотын дарга Д.Сумъяабазар авлигыг цэцэглүүлэгч зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх шийдвэр гаргалаа. Тэрбээр арванхоёрдугаар сарын 20-нд “Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, зочлох үйлчилгээ зэрэг 74 чиглэлийн үйл ажиллагаа явуулахад ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй. Зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжтой”-г дуулгасан. Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн бодит шийдвэр болно гэдэгт иргэд хүлээлттэй байна.
Дээрх шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Энд нэг зүйлийг онцлоход, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хуулиар зохицуулдаг учраас баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллагууд тусгай зөвшөөрөл заавал авна. Харин үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардагдахгүй.
Иргэдийн дунд тус зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа учраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захирамжийг хэрэгжүүлэх комиссоос мэдээлэл өгөв.
ТАВ ХОНОГИЙН ДОТОР ХҮСЭЛТИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ
Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал "Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Гэхдээ архи, тамхины тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тухай, Үнэт цаасны хууль зэрэг гурван төрлийн хуулийн дагуу олгодог. Тиймээс хуулиар зохицуулсан асуудлыг цуцлах нь УИХ-ын эрх хэмжээний асуудал.
Караоке ажиллуулах гэж буй иргэнээр жишээ татъя л даа. Та дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс дээр биечлэн очих шаардлагагүй. Цахимаар бүртгүүлэхэд болно гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиараа камерыг заавал тавьж таарна. Гэхдээ хүсэлтээ гаргахдаа цагдаагийн байгууллагад биечлэн очих бус, Е-Mongolia цахим хуудсаар явуулна.
Цагдаагийн ажилтан тав хоногийн дотор хүсэлтийн дагуу шийдвэрлэх болно. НИТХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолын дагуу караоке эрхлэгч аж ахуйн нэгж нь есөн төрлийн бичиг баримтын бүрдэл хангуулсны дараа Соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар заасан байдаг.
Цаашид энэ үйлчилгээг авах шаардлагагүй болсон. Аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Соёл урлагийн газраас гэрчилгээ авах гэж аль нэг ТББ-тай гэрээ байгуулан, улирал тутамд 200-300 мянган төгрөг төлж бичиг авдаг байсныг болиулсан. Тэгэхээр энэ бол эдийн засгийн бодит хэмнэлт.
Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийн тулд дүүргээс батламж авна, хог хаягдлын гэрээ хийнэ. Гурвалсан гэрээ хийдэг байсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар камерын бичлэг хийх боломж бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Хуулийн дагуу шаарддаг камер тавиулж, үл хөдлөхийн гэрчилгээгээ үзүүлэхийн дээр хог хаягдлын гэрээ хийчихвэл бусад зөвшөөрөл шаардлагагүй болсон. Нэг ёсондоо есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол одоо дөрвөн материал бүрдүүлдэг болсон" гэж онцолсон юм.
Холбоотой мэдээ