Оны онцлох улстөрч: Гэнэт гарч ирсэн эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

Оны онцлох улстөрч: Гэнэт гарч ирсэн эмэгтэй

Оны онцлох улстөрч: Гэнэт гарч ирсэн эмэгтэй

-Тэр Соёлын сайдаар нэр тодорч, улс төрд “улаан нялзрай” шахуу амьтан орж ирсэн билээ. Үнэн нь л энэ. Үүнийхээ горыг ч амссан-

Өнгөрч буй 2021 оноос хамгийн их олз түүсэн улстөрчийг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ? Ерөнхий сайдын суудлаас огцорсон хэрнээ Ерөнхийлөгчийн сэнтийг олзолсон У.Хүрэлсүх үү, эсвэл У.Хүрэлсүхийн орхисон албан тушаал, эрх мэдэл бүрээр богцоо дүүргэсэн Л.Оюун-Эрдэнэ үү? Өнгөц бодоход, тэд мөн боловч гүнзгий ухан бодвол тэдний хэн нь ч биш. Учир нь тэдний олз хэзээнээсээ л тэдний богцонд байсан. “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэдэгтэй адил улстөрч бүхний эрмэлзлэл нь төрийн эрх мэдэл байдаг жамтай.

Тэгвэл өнгөрөгч оны хамгийн их олз бүхий улстөрчөөр Соёлын сайд Ч.Номинг нэрлэе. Энд олз гэдэг үгийг албан тушаал, эрх мэдэл гэх ойлголттой уяж хэлээгүй. Эд хөрөнгө гэдэг үгтэй ч утга тохирохгүй. Харин улстөрч гэх үгийн утга авцалдааг хөөлөө. Ч.Номин хэзээ ч улстөрч байгаагүй. УИХ-д байгаа зарим нэг “хунтайж” нарын адил угсаа залгамжлах холын бодол тээн улстөрч болохоор ч бэлтгэгдээгүй нэгэн. Тэр ердөө л тэрбумтан эцгийнхээ хөрөнгө зоорийг өвлөж, бизнесийн зорилгыг нь хөгжүүлэх хөтлөх бодол өвөрлөж явсан л эмэгтэй. “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын охин. Цаашаа хол ахиулан бодлоо бодлоо гээд хэвлэлийн магнат, зочид буудлын эзэн хатагтай л байлаа шүү дээ.

Гэтэл гэнэт л Соёлын сайдаар нэр тодорч, улс төрд “улаан нялзрай” шахуу амьтан орж ирж билээ. Үнэн нь л энэ. Тэр улс төр гэгчийн тухай юу ч мэдэхгүй, ядахдаа “Улс төр гэдэг бол бусдад таалагдах урлаг” гэдгийг ч ухаараагүй орж ирсэн. Ингээд үүнийхээ горыг 2021 оны турш хүртлээ. Болж гэж бодтол харин ч нэг сайн балбууллаа. Алхаж, суухаасаа эхлээд л шүүмжлүүлсэн дээ. Тэр бүхнийг энд тоочих нь илүүц санагдана. Өмсөж зүүснийг нь хүртэл өөнтөглөн сонжиж, өгсөн бэлгийг нь ч үлдээхгүй шоолон жиргэлдсэн ажгуу. Буруу ч гэх аргагүй үзэгдэл. Улстөрч хүн, тэр дундаа эмэгтэй улстөрчийн туулах л ёстой зам, туучих л учиртай шалбааг.

Гэнэт тайзан дээр гарч ирсэн эмэгтэй хүнийг энэ зэрэгтэй шохоорхох нь улс төрд бол жам ёсны зүйл. Яагаад түүнийг 2021 оны хамгийн гол олз бүхий улстөрчөөр тодруулан нэрлэх болов гэвэл, тэр энэ онд улстөрч гэх дүрээ, тайзтай нь хамт олж авлаа. “Соёлын сайд улстөрч юм байна, цаашид ч улстөрчийн дүрээр амьдрах юм байна” гэдгийг олон нийт одоо ойлгож авлаа. Шулуухан хэлэхэд, Ч.Номинг Соёлын сайдаар томилогдоход олон хүн эргэлзэж байсан. Ажил үүргээ хэр сайн гүйцэтгэж чадах эсэхэд нь биш, албан тушаал дээрээ хэр удаан тэсэх бол гэдэгт нь илүү ач холбогдол өгч байв. Учир нь улстөрч гэж хүлээн зөвшөөрч төвдөхгүй байсан хэрэг. Гэвч тэр тэсэж үлдэх нь байтугай 100 жилийн түүхтэй, өдгөө Төрийн бүх эрх мэдлийг “атгаж” буй МАН-ын бодлого шийдвэрийг гаргадаг, цөөн хэдэн лидер улстөрчдөөс бүрддэг Удирдах зөвлөлд нь хэдийн багтаж амжжээ.

Одоо тэгвэл Ч.Номин ямар улстөрч болон төлөвшиж буй тухай товч өгүүлье.

Тэр дээр өгүүлсэн шалбаагт хормой хотоо бохирдохыг эс тоон эгц дээшээ харан алхаж чадаж байна. Түүнийг нь зарим хүн сэхүүн гэж тайлбарлах байх. Харин зарим нь “Холыг зорьсон хүнд ойрын саад оворгүй” гэгчийн үлгэр хэмээнэ. Алин боловч Ч.Номин аар саарханд үүртэж түүртэхгүй, аливаа асуудлыг том зургаар нь хардаг улстөрч болох нигууртай нэгэн гэж анзаарагдах болов. Тэр жижиг зүйлсээр сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхгүй байна, улс төрийн оноо авах гэж элдэв мэдэгдэл хийж, эсвэл жаахан салхи хуйсагнахтай зэрэгцэн гарч ирж, өөрийгөө өмөөрч үнэ хүндээ унагахгүй байна. Энэ нь жижиг онооны төлөө том зорилгоо тавиад туучихгүй догь этгээд болохын шинж. “Хүндээ хөнгөнөөс өгөхгүй” гэж монголчууд хэлцдэг дээ.

Сайд болсноос нь хойш түүнийг “Монгол Улсын хамгийн дургүй хүрэм эмэгтэй” гэж цоллоход бэлэн байлаа шүү дээ. Улстөрчийн хувьд байж болох хамгийн өндөр хэмжээний зэвүүцлийг хүлээн авч, харин эсрэгээрээ маш бага хэмжээний дэмжлэг, сайшаалыг тэр хүртлээ. “Магадгүй та улс төрд ороод, шаардагдах золиосыг тооцож үзсэн үү?” гэж түүнээс асуумаар санагддаг. Тооцож үзсэн л байх учиртай гэж бодогддог юм.

Ч.Номин улс төрд орохыг хүссэн шалтгаан юу ч байж болно. Гэхдээ ихэнх улстөрчтэй адил эд мөнгөний сонирхол их бага болов уу гэсэн итгэл төрдөг. Тэр тендер, авлига зэргээс санхүүгийн ашиг олохдоо арай ч тулахааргүй өв хөрөнгөтэй нэгэн. Улстөрч хүн санхүүгийн хувьд бие даасан байхын давуу тал нь аливаа ашиг сонирхолд автах шаардлагагүй, авлига хээл хахуульд өртөх аюул осол бага гэж үздэг. Түүнийг батлах мэт Ч.Номин сайд болмогцоо Соёлын яамны тендерийн эрх мэдлийг өөрөөсөө шилжүүлсэн. Аль нэг төсвийн зарцуулалтын эрхийг өөр дээрээ төвлөрүүлдэггүй. Энэ нь нэг хэлэмж.

Түүнийг хамгийн их шүүмжлэлд өртсөн улстөрч болгоход зохих нөлөөгөө үзүүлсэн буруутгал бол Богд Зонхова бурханы хөшөө барих төсөл юм. Сошиал орчинд “Соёлын сайд 32 тэрбумаар хөшөө барих гэж байна” гэж шуугисны эцэст Ч.Номин түүнд төдий л хамааралгүй болох нь батлагдсан. Шуугианы үр дүнд тус төслийг санаачилсан УИХ-ын гишүүд нь ил болж, харин Ч.Номин “Цаг үеэ олоогүй хөрөнгө оруулалт” гэж үзэн төсвийг нь царцаах шийдвэр гаргасан билээ. Ирээдүйд хэрвээ ямар нэгэн юмны төлөө “дүүжлүүлэх” хэрэг гарвал тэр нь Богд Зонхова л биш байгаасай гэж түүний ойр дотныхон нь бодсон байх. Эндээс Ч.Номин өөрийг нь алдаа гаргахыг анаж отож байгаа ямар олон хүн, магадгүй бүхэл бүтэн бүлэг бий гэдгийг ойлгосон байх аа.

Тэр уг нь залуу хүн, дээр нь шинэхэн сайд. Гэвч улс төрд орж ирснээрээ алдаа гаргах эрхээ тэр эгнэгт хасуулсан. Түүнийг эсэргүүцэгчид болон хэвлэлийнхэн “Зовлон үзээгүй аавын нялх охин, ард иргэдийнхээ татварын мөнгийг булаасан бусармаг хүйтэн сэтгэлтэй нэгэн” гэх хаяг шошгыг түүнд хүссэн үедээ хадаж, зүүж өгөхөд бэлэн байгаа. Гэвч өндөр албан тушаал хашихыг хүсэж буй бүх л хүн иймэрхүү зүйлд бэлтгэгдсэн байх ёстой. Зарим нь эдгээрт нугардаг бол, харин бусад нь улам хүчирхэгждэг.

Ч.Номин хаа очиж дайчин, эрч хүчтэйн дээр маш хичээнгүй ажилладаг арга барилтай. Тэр Соёлын сайд гэх албан тушаалтай байх амбицаар дутаагүй. Харин Монголын соёлын салбарт дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийе гэсэн амбиц өвөрлөж энэ албан тушаал дээр очсон байж таарна. Өмнө нь ажилласан, зүтгэсэн салбартаа “Стандарт тогтоогч” гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд ирсэн хүн билээ. “Тэрэлж” зочид буудал нь Монголын аялал жуулчлал, үйлчилгээний салбарт чинээлэг зэрэглэлийн жишиг тогтоож, “Монгол HD” телевиз нь шоу нэвтрүүлгийн ертөнцөд цоо шинэ хэлбэр хийц, агуулга, чанарыг нэвтрүүлснийг бид мэднэ.

Энэ арга туршлага, дайчин байдал, чанар стандартаа соёлын салбарт оруулж ирж чадах нь л түүний гол үзүүлбэр байх учиртай. Одоогоор тэр Соёлын сайдаар 11 дэх сардаа ажиллаж байна. Багагүй ч ажил амжуулсан харагдана.

Цар тахлын үеийн хүнд хэцүү нөхцөлд “Соёлын бүтээлч сар” аяныг эхлүүлж, 150 гаруй арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 1 сая орчим иргэдэд шууд болон шууд бус замаар соёлын үйлчилгээг хүргэсэн байна. Соёлын үйлчилгээгээр цангаж байсан ард иргэдэд энэ нь цагаа олсон, мэдрэмжтэй санаачилга болов. Соёлын яамны зүгээс санаачлан  “Музейн тухай хууль”, “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэн батлууллаа. Кино урлагийг дэмжих тухай хуулийг гэхэд л хариуцсан яамгүй байх үеэс эхлэн өчнөөн ярьж, хүсэлт шаардлага хүргүүлдэг байсан ч эцэслэн батлагдаж чадалгүй өдий хүрснийг ийн мухарлажээ. Мөн 21 аймагт соёлын нэгж байгуулах шийдвэр гаргаснаар соёлын бодлого иргэн бүрт хүрэх боломжтой болов. Соёлын өвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх цагдаагийн нэгжийг байгуулахаар санаачилсан нь бас л онцлох ёстой ажил. Соёлын өвөө хамгаалах үйл хэрэг сүүлийн жилүүдэд үндсэндээ орхигдсон байсан аж. Жил хүрэхгүй хугацаанд энэ мэт олон санаачилга, төсөл хөтөлбөрийг амжуулсан нь Ч.Номингийн ажил хэрэгч чанарын авшиг.

Түүний тухай яамныхан нь “Өглөө 07 цагт яаман дээрээ ирдэг. Амралтын өдрүүдэд ч ажлаа хийгээд суух тохиолдол цөөнгүй” гэж хэлцдэг нь үнэн бололтой. Ер нь нэг ажил руу ханцуй шамлаад орсон бол заавал ард нь гарч байж санаа амардаг юм гэж дуулдсан шүү. Үүнийг зөвхөн одоо хамт ажиллаж буй яамныхан нь ч биш, өмнө нь гадаадын олон алдартай шоу нэвтрүүлэг дээр хамтран ажилласан урлаг соёлынхон, сэтгүүлч, ажилтнууд нь цөм ам нэгтэй баталдаг юм билээ.

Тэр улс төрийн дамжаанд суралцагч гэдэгтэй маргахгүй. Гэхдээ түүний ажил үйлийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр зогсолтгүй дайрч, өршөөлгүй довтлох нь зохимжгүй үзэгдэл. Бид алдаа дутагдлыг засаж залруулахын төлөө биш, харин зүгээр л нэг амжилтад хүрсэн хүнд атаархаж буй байдлаар аливаад ханддаг болжээ. Хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь алдаа дутагдлыг бүтээлчээр шүүмжлэхээс илүү, хувь хүнийх нь үйл хөдлөл, харагдах хэлбэр рүү нь довтолдог нийтлэг үзэгдэл манайд л бий.

Гэвч Ч.Номингийн өнцгөөс үүнийг сорилт, босго гэж хүлээн авах ёстой байж мэднэ. Амжилтыг нь аавтай нь холбон тайлбарласаар л байгаа бол тэр өөрийн бие даасан түүхээ бүрэн бичиж амжаагүй байна л гэсэн үг. Тэгвэл яг одоогоор түүнд өөрийгөө харуулах маш том талбай өгөгдөөд буй нь Монголын соёлын салбар юм.

Тэр маш олон ажил төлөвлөж, хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм билээ. Тэр дундаа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу соёлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн нүсэр зорилтыг энд дурдъя. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн хаврын чуулганаар батлуулснаар соёлын эдийн засаг бүрэлдэх эрх зүйн орчин бий болж эхэллээ. Мөн Монгол Улс анх удаагаа Кино урлагийг дэмжих тухай хуультай боллоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид, уран бүтээлчид Монгол Улсыг зорих шалтгаан хангалттай бий боллоо. Үр нөлөөг нь улсаараа хүртэнэ. Соёлын салбар нь бусад салбарт хамгийн их дам нөлөө үзүүлдэг салбар. Тэр утгаараа соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу соёлын эдийн засаг өргөжсөнөөр үр шим нь 3,3 сая хүнд ирнэ. Хүн бүрт эдийн засгийн үр өгөөж ирнэ гэж ойлгох нь зөв.

Үүний дараа тэр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг цогцлоох, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд төвлөрч байна. Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн тухай цөм мэддэг атлаа чиглэсэн бодлого, зорилтгүй л яваа. Монгол хүн бүр эх орон, соёл уламжлал, түүх заншлаараа бахархдаг, омогшдог байх ёстой. Соёлын яамтай болсны тэргүүн зорилго нь ч бараг энэ. Аль ч улс үндэстнийг тодорхойлдог, илэрхийлдэг, оршин тогтнуулдаг зүйл нь тухайн үндэстний соёл, сэтгэлгээ нь байдаг. Тийм учраас Ч.Номин улс үндэстнийхээ хамгийн гол судас, амин сүнс, мөн чанарыг атгачихаад сууж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Эдмунд Бурк хэмээх сэтгэгч “Хэн нэгний сонирхол, эрх мэдэлгүйгээр, мөн гарз хохиролгүйгээр нийгэм оршин тогтнодоггүй” гэж хэлжээ. Энэ бол их ноцтой боловч ноён нуруутай үг. Хэрвээ бид өөрчлөлтийг хүсч байгаа л бол хэн нэгэн улстөрчид эрх мэдлийн цулбуурыг атгуулах л ёстой болно. Харин тэрхүү хэн нэгэн улстөрч хэмээгч нь заавал ядуу аавтай, бизнес огт хийж үзээгүй, бас буурал толгойтой, эсвэл халзан хөгшин эр байх албагүй. Английн түүхэн улстөрч, Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер чинээлэг айлд төрж өсөн, аавынхаа бизнесийг аядуулж яваад л улс төрд орж ирсэн байдаг. Ч.Номинг түүнтэй адилтгаж байгаа хэрэг биш шүү. Гагцхүү ирээдүйтэй сайн улстөрч адил нөхцөлд төрөн гарч болдгийг л эш татав. Мөнөөх Маргарет Тэтчер нэгэнтээ “Хэрвээ чиний зүрх сэтгэл, оюун ухаан, цусанд чинь улс төр байгаа бол ямар ч нөхцөл байдал чамайг улс төр рүү аваачсаар байх болно” гэж хэлсэн байдаг. Тэр ёсоор, Ч.Номин гэх энэ эмэгтэйн зүрх сэтгэл, оюун ухаан, цус нь улстөрчийн няцаагдах аргагүй чанаруудыг өөртөө агуулсан байж ч мэднэ гэх дүгнэлтийг цэг болгон хатгая.

Эх сурвалж: "Гол тоглогч" номын зохиогч, нийтлэлч Д.Дамдинжав

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж