Т.Санчирын баг улирлыг тааруу эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

Т.Санчирын баг улирлыг тааруу эхлүүлэв

Т.Санчирын баг улирлыг тааруу эхлүүлэв

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2021.12.23/ боллоо.


  • Завхан Brothers 86 – 84 Эрдэнэтийн Уурхайчид

Лигийн нээлтийн тоглолтод аваргуудыг буулган авсан Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр тэргүүтэй "Завхан Brothers" баг энэ өдөр Т.Санчирыг эгнээндээ элсүүлсэн "Эрдэнэтийн Уурхайчид"-тай учраа тааран тоглосон. Үзэгчдийн төсөөлж байсан шиг ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болж, эцсийн мөчид ялагч тодров. Тодруулбал, тоглолтын цаг дуусахад гурван секунд дутуу байхад "Завхан Brothers" багийн Э.Батжаргал алсын зайн шидэлтийг амжилттай болгон, баг нь улирлын хоёр дахь хожлоо байгуулжээ.

"Завхан Brothers" багийн гарааны тамирчдаас гадна сэлгээнийхэн улирлыг тун сайн эхлүүлээд байна. Өчигдрийн тоглолтод Э.Батжаргалын хожлын шидэлт амжилттай болсон бол нээлтийн тоглолтод М.Баасандорж гялалзсан.

Энэхүү тоглолтын шилдгээр "Завхан Brothers" багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал шалгарсан бөгөөд тэрбээр 26 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Харин багийн бусад гарааны тамирчид болох Э.Дөлгөөн 24 оноо, найман самбараас бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр гурван оноо, О.Цэлмэг есөн оноо, А.Гансүх зурган оноо, таван ашигтай дамжуулалт, зургаан самбараас бөмбөг авалт тус тус толилуулав.

Харин "Эрдэнэтийн Уурхайчид" баг тааруу эхлэлийг тавиад байна. Улирлын нээлтийн тоглолтоо "Хасын Хүлэгүүд"-ийн эсрэг хийж хожигдсон тэд хоёр дараалан ялагдал амсав. Тэдний тааруу эхлэлийг багийн лидер Т.Санчирын тоглолттой холбож болно.

Т.Санчирын хувьд улирлын нээлтийн тоглолтод 24 довтолгооны оролдлогоос зургааг нь амжилттай болгон, ердөө 25 хувьтай довтолж 19 оноо авч байсан бол энэ удаад 12 довтолж, есөн оноо авчээ. Түүнийг талбайд байхад баг нь -20 үзүүлэлттэй байжээ.

  • Багануур Тулнууд 78 – 94 Алдар Танан Гарьд

"Алдар Танан Гарьд" баг улирлын хоёр дахь тоглолтоо "Багануур Тулнууд" багийн эсрэг хийж, онооны тэргүүллээ алдалгүй явсаар улирлын эхний ялалтаа авав. Лигийн шилдэг хамгаалагчдын нэг Г.Билгүүн багаа тэргүүлэн 20 оноо авсан бол өнгөрсөн улирлын тэргүүн тоглогч А.Тэмүүжин 17 оноо, О.Эрдэнэцогт 16 оноо, О.Нямбаяр 11 оноо тус тус авчээ. Харин залуу бүрэлдэхүүнтэй Багануур Тулнууд багаас М.Өлзий-Орших 21 оноо, О.Хүдэрболд 16 оноо, А.Дөлгөөн, П.Мөнх-Оргил нар тус бүр 10 оноо авчээ.

Улирлын эхлэхийн өмнөхөн аваргуудтай нэгдсэн А.Сүхбат хуучин багийнхаа эсрэг таван оноо, таван самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

  • Налайх Бизон 109 – 100 ШУТИС Шаркс

Хоёр нэмэлт цаг сунгасан “галзуу” тоглолтын эцэст Дээд лигийн шинэхэн цэрэг "Налайх Бизон" баг ялалт байгууллаа. Бизончуудын ахлагч Ш.Мөнх-Эрдэнэ энэхүү тоглолтод 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, тоглолтын шилдгээр нэрлэгдсэн бол Б.Очир-Эрдэнэ 22 оноо, Б.Энхболд 21 оноо тус тус авчээ. Шарксаас Н.Лигдэн 15 оноо, А.Энхтүвшин 13 оноо, Д.Төржаргал 14 оноо, Д.Чадраабал 19 оноо авсан ч энэ нь ялалт байгуулахад хангалттай байсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж