Бялууны эрэлт ихсэж, олдоц мууджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

Бялууны эрэлт ихсэж, олдоц мууджээ

Бялууны эрэлт ихсэж, олдоц мууджээ

Шинэ жилийн баяр болоход долоо хоног үлджээ. Өнгө алаглуулсан баярын ширээг бялуугүйгээр төсөөлшгүй. Энэ жилийн хувьд хил хаалттайн улмаас бялууны крем болон сав, баглаа боодол тааруу байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Харин хэрэглэгчдийн зүгээс бялууны үнэ өсч, олдоц муу байгааг хэллээ. Иймээс энэ удаагийн сурвалжлагаар баярын бялууны олдоц, үнэ ханшийн талаар бэлтгэлээ.


Өнгөрсөн жил баярын бялуу 21000-35000 мянган төгрөг байсан бол энэ жилийн хувьд хамгийн бага диаметртэй торт 25000 төгрөгөөс эхэлж байна. Баярын уур амьсгал орж, бялууны гүйлгээ, эрэлт их байгаа аж. Бялуу, нарийн боовны газрууд хүн ихтэй, иргэд ихэвчлэн торт авч байгаа харагдана. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг “Ард” кино театрын “Жүр Үр” ХХК-ийн салбараар оров. Хүний хөл хөдөлгөөн харьцангуй ихтэй байхын зэрэгцээ бялууны крем тасарсан учир захиалга авахгүй байгааг хэлэв.

Үүний дараа "Tous les jours"-ын Central Tower дахь салбарт очлоо. Биднийг очиход ачаалал бага, иргэд ганц нэг бялуу сураглаж байлаа. Тэдний хувьд баяр дөхөхөөр мөн л иргэдийн эрэлтийг хангах эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

БЯЛУУНЫ ҮНЭ БАГА ЗЭРЭГ ӨСЧ, ТҮҮХИЙ ЭДИЙН ОЛДОЦ МУУ БАЙНА

Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг бялуу, нарийн боов, бейкэрины газраар орж үнийн судалгаа хийлээ.

Tous Les Jours: Тус компанийн хамгийн хямд нь 15 см хэмжээтэй бялуу 50900 төгрөг, тирамисү торт бол бусад торт нь 21 см-ээс дээш хэмжээтэй ба 58900-60900 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн шинэ жилийн урьдчилсан захиалга бас өгөх боломжтой аж.

Жүр Үр: Харин “Жүр Үр”-ийн хувьд бялууг нэг хүнд хоёроос дээш өгөхгүй байгаа юм байна. Үнийн хувьд 21000 төгрөгөөс эхэлж байна.

Монбэйкэри: Шинэ жилийн захиалга нь аль хэдийн дүүрээд шинээр захиалга авахаа зогсоожээ.

Батбайгаль Бэйкэри: Эднийхээс 30000-40000 хооронд бялуу авах боломжтой байна. Захиалгын хувьд энэ долоо хоногт аваад дуусах аж.

Милая: Шинэ жилийн багцын хамгийн хямд нь 38900 бол хамгийн үнэтэй нь 45900- төгрөгийн бялуу байна. Харин захиалгаа харьцангуй удаан буюу арванхоёрдугаар сарын 27-ныг хүртэл авах гэнэ.

БЯЛУУНЫ ОЛДОЦ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХТЭЙ АДИЛ ТААРУУ БАЙХ НЬ

Хүнсний дэлгүүр, супермаркетуудаар орж бялуу худалдаалж буй иргэдтэй уулзлаа. Тэд энэ жил өнгөрсөн жилтэй адил эрэлт их, олдоц муу байгааг хэлэв.

Ц.Энхтайван: –Үйлдвэрлэгч  компаниуд урьд нь нийлүүлдгээс маш бага нийлүүлж байна. Бид нар захиалгаа өгөхөд  тал хувиар нийлүүлж байна. Дээрээс нь  хайрцгууд нь урд хөршөөс  ирдэг юм байна. Оросоос орж ирж буй кремүүд үнэтэй байна. Түүхий эдээс шалтгаалан бялуу үнэтэй болж байна. Үнийн хувьд байсхийгээд 2000 төгрөгөөр нэмэгдсээр байна. Хүмүүсийн баярын худалдан авалт арай эхлээгүй байна. Албан байгууллагууд ихээр авч  байна. Хүмүүст бялуу тасарчихлаа гээд хэлхчихвэл хомсдол үүсгэх гээд байдаг. Тэгэхээр энэ жил үнэтэйг тооцвол олдоц гайгүй байх.

С.Ичинхорлоо: -Бялууны олдоц, ер нь ховор байхаар болж байна. Өдөрт 15 торт захиаллаа гэхэд 14.00 цагийн үед дуусчихдаг. Компаниуд олон байгууллагад түгээдэг болохоор дэлгүүр супермаркетуудад  “амсуулна” гэдэг шиг бидэнд цөөн тоогоор өгч  байна. Үнийн хувьд яах вэ, боломжийн шүү. Өнгөрсөн жил бялууны олдоц өндөгнөөс шалтгаалаад ховор байсан. Энэ жил бас ялгаагүй олдоц тааруу байх нь ээ. Албан байгууллагын шинэ жил эхэлсэн учраас компаниуд урьд өдөр нь захиалгаа өгдөг байна.

Э.Сэргэлэнбаатар: –Сүүлийн хоёр сар өмнөхтэй харьцуулахад маш бага бараа бүтээгдэхүүн орж ирж байна. Барааны татан авалтын хувьд БНХАУ-аас авдаг байсан. Сүүн крем урдаас ирдэг байсан бол одоо ОХУ-аас орж ирж байна. Бага зэрэг үнэтэй боловч эко бүтээгдэхүүн гэсэн үг. Одоо ирж байгаа нь үнэтэй хэдий ч чанартай. Манайх гэлтгүй зах зээлээ  дагаад бүх барааны үнэ нэмэгдсэн. Сүүн крем урьд нь найман мянган төгрөгөөр орж ирдэг байсан бол одоо 19 мянган төгрөгөөр орж ирж байна. Нэг хэсэг крем байхгүй байхад хайрцага л байсан.  Одоо кремтэй болтол хайрцаг тасарчихлаа.

Мөн шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд иргэд ил задгай, цахим сүлжээ, гар дээрх худалдаанаас хүнсээ худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа бүрэн бичигдсэн, хадгалах нөхцөл алдагдаагүй, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг албаны хүмүүс зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж