Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

Хүний хүү…

Хүний хүү…

Эмнэлэгт хэвтсэн эхийгээ эргэхдээ “Ээждээ хaйртай” гэж цасан дээр бичсэн хүүгийн зургийг Боловсролын сайд нүүр номондоо тавьжээ. Гэтэл бяцхан хүү “й”, “N” үсгийг ялгахгүй байгаа нь бичсэнээс нь илт. Хоёр жилийн хугацаанд “цар тахлыг зайлуулсан баатар”-аар биесээ өргөмжилж, ичгүүр сонжуургүйгээр биесээ шагнаж байсны сүүдэр ийнхүү хүү дээр тусчээ. Түүнтэй адилхан анги дэвшсэн ч 35 үсгээ гүйцэт мэдээгүй, хичээлийн хоцрогдолд орсон хэдэн мянган хүүхэд, тэдний дотор цар тахлаар аав, ээж, ойр дотныхноон алдсан хэд байгаа бол…

САЙДЫН ХҮҮ

Жирийн иргэдийн хүүхэд боловсрох, тоглож наадах эрхээ дөрвөн хананы дунд дөнгөлүүлсэн байхад сайдын хүүхэд гадаадад суралцах сургалтын төлбөрөө хэрэгжихээ больсон тэтгэлэг олгох журмаар, татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэхээр болсон “хэрэг” гарсан. Амьдралын боломж тааруу ч сурлага сайтай хэдэн зуун хүүхдийн боломжийг “хулгайлсан” эцэг нь харин тэднээс биш хүүгээсээ уучлалт гуйн, уянгалсан захидал бичиж, түүнийгээ олон нийтэд хандан гарган доромжилсон нь ердөө хэдхэн сарын өмнө. Уг нь тэрбээр хүүгээ байтугай хэдэн арван хүүтэйгээ адилхан хүүгийн сургалтын төлбөрийг гаргаад өгчих бизнестэй нэгэн билээ. Гэвч тэр бусдын боломжийг хулгайлахыг илүүд үзсэн хэрэг.

Тэд хөлжинө, хөгжинө. Бусад нь үгүйрнэ, уруудна. Түүнийхээ хэрээр ялгаа, зааг үүсэн биесээ үзэн ядна. Ангийн ялгааг илтгэх орон сууцны хороолол, хил хязгаар бий болоод эхэлжээ. Уг нь баян байна гэдэг энэ нийгэмд илүү хөдөлмөрлөснийг илтгэх ёстой адил дийлэнх нь төсвөөс, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж, тендер будилуулж хөлжсөн болохоор чинээлэг хүнийг үзэн ядах сэтгэхүй үйлчлээд эхэлчихлээ. Яана аа!

САЙД АСНЫ АЛБАН ТУШААЛ “ӨВЛҮҮЛЭХ” САНААЧИЛГА

Боловсролын сайдаар ажиллаж байсан нөхөр төрийн албанд гадаадын шилдэг 20-д эрэмбэлэгдсэн сургуульд төгссөн хүнийг ямарч сонгон шалгаруулалтгүйгээр, ажилласан жил, туршлагыг харгалзахгүйгээр албан тушаалд томилдог байх хуулийн төсөл боловсруулчихсан батлуулах гэж явна. Төрийн албанд танил талаас илүүтэй чадалтай, гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүсийг авах гээд байгаа юм биш үү гэвэл уучлаарай.

Хүүгээсээ уучлалт гуйсан сайд шиг төрийн шимэгчдийн хүүхдүүд хэзээ төрийн зардлаар сураад, төгсөөд ирчихсэн хэрэг. Тэдэнд төрийг зайдагнуулахаар хуульд өөрчлөлт оруулах замаар замыг засах гэж байна гэвэл илүү үнэнд ойртоно.

ХҮҮГЭЭ ГЭСЭН ЭЦГҮҮД

"Эрдэнэт" үйлдвэрт хүү нь шахаа хийснийг насаараа сайд хийсэн нөхөр “Эцэг хүний хувьд утсаар ярьж өгсөн” гэж хээв нэг хэлж, зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж суусан нь хэдхэн жилийн өмнө. Түүгээр зогсохгүй Австралид суух Элчин сайдаар томилохоор болсоныг мэдээгүй явдаг хариуцлагагүй эцгийн дүр эсгэгч билээ, тэр. Цар тахлын эхэн үед тусгай үүргийн нислэгт багтаж чадахгүй жирэмсэн эмэгтэй цементэн шал дээр хоног төөрүүлэн уйлж байхад эв эрүүл, сав саруул хүүгээ ичгүйргүйгээр нислэгт хамруулсан бас нэгэн сайд УОК-ыг толгойлж л байлаа. Тийм том албан тушаалтан хүүгээ гэсэн сэтгэлийг нь ойлгож болох ч жирэмсэн эмэгтэйн суудлыг булаасан гэхээр зэвүүцмээр. Ер нь ийм тохиолдлыг бид бишгүй л харсан. Бас олон олон эцгээ эцсийн замд үдэж чадахгүй хоригдсон хүүхдүүд нь цурхиран уйлж байхад улаан бүсээр сайдын эхнэр дураараа орж гарахыг ч мэдсэн.

БАС НЭГЭН ХҮҮ

Авлигалын загалмайлсан эцэг гэж нэгэн цагт цоллуулж явсан эцэг өөрийнхөө оронд хүүгээ нөхөн сонгуулиар УИХ-д дэвшүүлж, бас өөрийн “өргөмөл” хөвгүүдийг МАН-ын бага хурлын гишүүн болгосныхоо хариуд өрх тусгаарласан “гэрээ” буулгав. Энэ хүүд монголчууд ямар өртэй, түүнийг хэрхэн яаж төлөхийг хожим харах биз ээ. Төрийн тэргүүнд байсан өөр нэгэн хүний хүүхэд хар тамхины хэрэгт орооцолдсон ч ямар хэрэг хүлээлгүй өнгөрсөн. Монголд аавын хүүг алагчилж үздэг явдал улам бүр газар авсаар буй нь иргэдийн уур, ундууцлыг ихэд төрүүлэх болжээ.

БИДНИЙ ХҮҮ

Хөөрхий минь, бидний үрсэд тэд сардаа 100 мянган төгрөг тараадаг болсон. Гэхдээ энэ мөнгийг хувиасаа өгөөгүй. Хуруу хумсаа хугалах шахан зүтгэж байгаа нэг хэсгээс нь хураасан мөнгөө өөрсдөө өгсөн мэт аяглаж буй. Он гарахаар зогсоох тухай ярьж байсан ч үргэлжлүүлэх ч эхний зургаан сард 100 мянган төгрөг, харин түүнээс хойш 50 мянгыг нь бэлнээр, 50 мянгыг нь данс нээн банкинд хадгалуулах юм. Яагаад гэвэл, архичин, амьдралаа аваад явчих чадваргүй, хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг болохоор тэр. Тиймээс банкийг дэмжин хадгалуулах нь илүү зохистой. Тэгж байтал бас нэгэн хүү, эсвэл У-гаар эхэлсэн охин нь уу, авгай нь уу зээлээд замхруулахыг хэн мэдлээ. Чадалгүй, чансаагүй, арчаагүй, авлигагүй, албан тушаалгүй аав, ээжтэй үрсийн минь хэлтгий заяа юу?

ЦЭНХЭР ДЭЭЛТЭЙ ХҮҮ БА УЛААН ДЭЭЛТЭЙ ХҮҮ

Цэнхэр дээлтэй хүү байв. Цээжээ дэлдэж байгаад бонд босгоод өмнөх 90 жилд холбож чадаагүй аймгуудын төвийг нийслэлтэй авто замаар холбов. Харин улаан дээлт үүнийг өр гэж өдөр шөнөгүй сэрхрүүлсэн агаад “Та минь ээ, төрсөн хүүхэд чинь дааж давшгүй өртэй төрж байна” гэхээ мартсангүй. Цэнхэр дээлтийг хуугаар хөөгөөд явуулав. Оронд нь гарч ирсэн улаан дээлтүүд “өр” гээд байсан бондоо өөрсдөө үргэлжлүүлэн авав. Цэнхэр дээлтийн үед тавьсан өр 21,6 тэрбум ам.доллар байсан бол улаан дээлтүүд гарснаас нэмэгдсээр энэ оны эхний хагасын байдлаар 33 тэрбум ам.доллар болон талийжээ. Тэд дахиад 3 жил засаглах чилийсэн хугацаа хүлээж байна. Цэнхэр дээлтүүд хоорондоо түнжин хагарч, тарж бутраад юун бусдыг бодох. Амьд үлдвэл зол болжээ.

БОНДЫН ХҮҮ

Бондын хүү гэж өдрөөр өсдөг бузгай хүү байх. Өдөр өнгөрөх тусам өсөн томорсоор буй тэр хүүг монголчууд дийлэхээ нэгэнт өнгөрөв бололтой. Өсөлтийг нь удаашруулах "тариа" хийлгэсэн л гээд буй. Гэвч олшроод байдаг.  Тиймээс энэ хүүг өөр хүүгээр даруулж авахаар дахиад өрөнд орж, зээлийн хүү гээчийг авчрах санал гарган амьтнаас царай алдаж, УИХ-аар хэлэлцэж байна. Хүү гэсээр хаана хүрч хамраараа газар хатган унахыг бүү мэд.

Үртэй хүн үхдэггүй бол хүүтэй хүмүүс хөгждөггүй бололтой. Хүний хүү хүрэн бөөртэй гэдэг. Төрд хэний хүү нар байна аа.

ХҮРЭЭНИЙ БУЗРЫГ УУДАЛБАЛ ДАЛАЙ…

Бизнесмэнүүд мөнгө хаяж үхэн хатан тэмүүлдэг, зээлээд хамаагүй төлбөр барьж өгч төрийн алба руу зүтгээд буйн цаана амар хялбар аргаар ахуй амьдралаа өөд нь татчихдаг.  Авлигаар баясан ч асуудалд ордоггүй гажиг тогтолцоо үйлчлээд удсан болохоор бүгд л тийшээ зүтгэж байна. Ямар сайндаа л авлигатай тэмцэх газрын ажилтан нь их хэмжээний алт хууль бусаар хэрэгт орооцолдох вэ дээ. Хүрээний бузрыг уудалбал далай далай гэдэг шиг энэ мэтээр түмний төлөө ажиллана гэж төрд гараад өөрсдийн үр төлөө өөд нь татаж, өрөөл бусдыг хохироодог өөдгүй амьтад төрийг хэдэн мянгаараа зайдагнаж байна.

…Гэвч Шатар дуусахад ноён, хүү нь хамаагүй нэг хайрцагт ордог байх аа. Үйлийн үр үнэхээр байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж