“Бүс ба зам”-ын дараагийн зогсоол Кипр улс

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

“Бүс ба зам”-ын дараагийн зогсоол Кипр улс

“Бүс ба зам”-ын дараагийн зогсоол Кипр улс

Хятад болон Кипр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйтай  зэрэгцэн арваннэгдүгээр сард стратегийн түншлэлийн харилцаанд хүрнэ гэдгээ албан ёсоор тунхаглалаа. Хоёр улсын удирдагчид утсаар ярилцаж, Хятад-Киприйн харилцааг стратегийн түвшинд хөгжүүлэх шийдэлд хүрэв. Энэ үеэр Хятадын удирдагч Ши Жиньпин “Хоёр улс эрчим хүч, харилцаа холбооны салбарт үр өгөөжтэй хамтран ажилласаар ирсэн. Цаашид бие биенийхээ ашиг сонирхол, ач холбогдол бүхий асуудлуудыг харилцан дэмжиж ажиллах болно” гэдгийг онцолжээ.

Газар дундын тэнгисийн зүүн хэсэг нь Хятадын тэнгисийн торгоны зам санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг төдийгүй “Бүс ба зам” санаачилгын тэн хагасыг эзэлдэг. Тус бүс нутаг дахь боомтын барилга байгууламж, томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдэд оруулж буй хөрөнгө оруулалтууд нь Хятад ба ЕвроАзи-Африк хооронд худалдааны шинэ боломжуудыг бий болгох зорилготой. Тэнгисийн торгоны зам санаачилга нь Хятадын зүүн эргийн боомтуудаас эхлээд Өмнөд Хятадын тэнгис, Зүүн Өмнөд Ази, цаашлаад Энэтхэгийн далай, Ойрх Дорнодын бүс нутгаар дамжин Газар дундын тэнгис хүрэх маршруттай нүсэр төлөвлөгөө юм. Газар дундын тэнгисийн бүс нутагт оруулж буй хөрөнгө оруулалт нь Хятадын худалдааны хамгийн том түнш болох Европын зах зээлд нэн чухал ач холбогдолтой юм.

Хятад улс нь холбоотны улс төр гэхээсээ илүүтэй түншийн дипломат харилцааны стратегийг ашиглан дэлхийн улсуудтай харилцаа холбоогоо бэхжүүлдэг. Өнөөдрийн байдлаар Хятад улс “Бүс ба зам” санаачилгынхаа хүрээнд стратегийн түншлэлийн цөөнгүй гэрээг үзэглээд байна. Үүнд нөөц баялаг арвинтай ч дундаж орлоготой Дундад Азийн хэд хэдэн орнууд багтана. Гэсэн хэдий ч, Хятадын дипломат харилцаа нь АНУ-ын одоогийн холбоотнуудтай хоёр талаас харилцан тохиролцсон түншлэлд тулгуурлаж байгааг анхаарууштай. Энэ нь Вашингтонтой шууд сөргөлдөхөөс зайлсхийхийн сацуу бүс нутгийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой.

Хятад-Киприйн харилцаа нь Газар дундын тэнгис дэх торгоны зам санаачилгатай нягт холбоотой. Кипр улс нь торгоны замын нэг зогсоол болж, Суэцийн булан болон эрчим хүчний төслүүдээр дамжуулан Хятадыг Энэтхэгийн далай, Газар дундын тэнгистэй холбодог. Хэдийгээр “Бүс ба зам” санаачилга нь хоёр орныг юу юугүй ойртуулж чадахгүй ч, Газар дундын тэнгис дэх Хятадын гүйцэтгэх үүргийг тодорхойлж өгөх юм. Мөн Кипр улсын барууныг дэмждэг бодлогод харшлахгүйгээр хоёр талын харилцаагаа сайжруулах боломжийг олгоно. Кипр нь далайн худалдааны салбарт цоо шинэ зангилаа цэг болж байгаа тул Хятад улсын хувьд Газар дундын тэнгист зам мөрөө засан, ноёрхолоо тогтоох боломж гарч ирж байна.

Кипрт оруулж буй Хятадын хөрөнгө оруулалт нь барилга байгууламж, харилцаа холбоог чухалчилдаг “Бүс ба зам” санаачилгатай салшгүй холбоотой. Уг санаачилгын хүрээнд Кипр улс нь Тэнгисийн торгоны замаас Европ руу чиглэсэн гол гарц болох юм. “Энэ санаачилга нь Хятадын Европтой холбох үндсэн зорилготой. Харин Кипр улс бол Ази, Европ, Африк тивийн дунд орших стратегийн гол цэг юм. Тиймээс “Бүс ба зам” санаачилга хэрэгжихэд усан тээвэр, үйлчилгээний салбар нь ид хөгжиж буй Кипр чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй” гэж Хятадаас Кипрт суух элчин сайд Хуанг Циньюань хэлж байсан.

Хэдийгээр Кипр улс хүн ам, газар зүйн хувьд харьцангуй жижиг ч гурван том тивийг холбох стратегийн маш чухал салаа зам юм. Тус улс нь Европын холбооны гишүүн орон бөгөөд энэ гишүүнчлэл нь газарзүйн байрлалын ач холбогдлыг нь улам бэхжүүлж өгдөг. Эдийн засгийн үр ашиг, Хятадтай улс төрийн хувьд сайн харилцаатай байсаар ирсэн зэрэг хүчин зүйлс байгаа учраас Хятадын тэнгисийн торгоны зам санаачилгын зорилго, үнэт зүйлсийг таниулахад Кипр чухал үүрэг гүйцэтгэнэ.

Кипр бол Суэцын сувгаас Европ руу дамжих замд байдаг огтлолцлын гол цэг юм. Түүнээс гадна олон улсын бизнесийн хамгийн найдвартай цэг болно. Стратегийн газарзүйн байрлал нь аж үйлдвэрийг хөгжүүлэх, бусад улс орнуудад бараа бүтээгдэхүүнийг түгээхэд тун тохиромжтой. Жишээлбэл, Зүүн Европ, Зүүн Өмнөд Европ, Хойд Африк, Ойрх Дорнодын орнууд үүнд багтана.

Кипр улс газарзүйн хувьд маш олон орноос илт давуу байрлалтай. Үүнээс гадна бизнесийн тал бүрийн салбарт өндөр ур чадвартай ажиллах хүчин, үйл ажиллагаа эрхлэх ашигтай орчин, өрсөлдөхүйц татварын тогтолцоо зэрэг олон давуу талтай. Тийм ч учраас, Кипр улс нь аж үйлдвэрийн бүс, ложистикийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой гэдгээрээ Хятадын анхаарлыг онцгой татаж байна.

Тус улс гадаад худалдааны хувьд харьцангуй жижиг хүрээнд байдаг ч арал болон дэлхийн бусад орнуудыг цогц, тогтмол давтамжтай харилцаагаар хангадаг 100 өөр чиглэлийн гол боомт юм. Цаашлаад Европын холбооны хамгийн том, хамгийн чухал менежментийн төв болно. Кипр дэх зарим усан тээврийн компаниуд нь дэлхийд хамгийн томдоо тооцогдох бөгөөд 2017-2019 оны хооронд энэ төрлийн компаниудын тоо 168-аас 220 болж өсчээ. Мөн тус арал дээр Европын гурав дахь том худалдааны флот байдаг нь дэлхийд 11-т эрэмбэлэгддэг. Киприйн худалдааны флот 2020 онд 1857 орчим хөлөг онгоцтой байв.

Киприйн алсын хараа нь Хятадын тэнгисийн торгоны зам бодлоготой уялдаж, боомт, далайн тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлийг баримтлана. Хятад улс нь Киприйн хувьд эдийн засгийн шалтгаанаар болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд маш чухал түнш юм.

Эх сурвалж: The diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж