"Үг хэлэх эрх чөлөө бол агаартай адил зүйл"

Хуучирсан мэдээ: 2021.12.24-нд нийтлэгдсэн

"Үг хэлэх эрх чөлөө бол агаартай адил зүйл"

"Үг хэлэх эрх чөлөө бол агаартай адил зүйл"

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар ярилцлаа.


-Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө яагаад чухал вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд эрх, эрх чөлөө гэж хоёр зүйл тусгагддаг. Эрхийг хуулиар хязгаарлаж болдог бол эрх чөлөөг хуулиар хязгаарласан ч болдоггүй зүйл. Жишээлбэл, амьсгалж болохгүй гэлээ. Тэгсэн ч хүн амьдрахын тулд яаж ийж байгаад л амьсгална. Шийтгэнэ гэсэн ч амьсгална. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол яг үүнтэй ижил хүн бүхэнд байдаг ардчиллын гол амин сүнс. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө хорьж цагдсан ч айлгүй тэмцсээр амь насаа алдах тохиолдол ч гадаадын улс оронд цөөнгүй бий. Чилид цэргийн эргэлт гарахад алдарт яруу найрагч, хөгжимчин Виктор Хара эрх чөлөөний бэлэг тэмдэг болоод дуулаад байсан. Барьж хорьсон ч дуулсаар байсан учир гарыг нь тайрсан. Гэсэн ч тэр хүн дуулсаар амиа алдсан. Энэ мэт жишээ байсаар ирсэн. Сэтгүүлчдийн хувьд ч мөн ялгаагүй эрх чөлөөний тайлан илтгэл дээр олон сэтгүүлч амиа алдсан тухай өгүүлсэн. Гэтэл Монгол Улсад Covid-19-өөс шалтгаалж хүний эрх чөлөөг хорьж байгаа нь утгагүй асуудал. Нэг хүн бусдын амар тайван байдлыг алдагдуулсан бол хариуцлага хүлээх нь мэдээж хэрэг.

Гэтэл нэг хэсэг нь тэнд эмх замбараагүй цуглаан зохион байгуулж олон хүн цуглуулахад хариуцлага тооцоогүй байж хэсэг хүн халдвар хамгаалалтын дэглэм бариад  жагсаж байхад нь албадан тарааж, торгож байгаа нь утгагүй.

Надад хандаж хуулийн туслалцаа хүсч байсан нэг хүний кейс байна. Тэр хүн маргааш талбай дээр цуглаж, үзэл бодлоо илэрхийлье гэж цахим хуудастаа бичээд маргааш нь очиход хэн ч байгаагүй. Хүмүүс цуглаагүй байхад тухайн залууг баривчлаад аваад явчихсан байх жишээтэй. Монгол Улс Үндсэн хуульд тусгасныхаа дагуу хүмүүнлэг, ардчилсан улсыг байгуулна гэж байгаа бол ямар ч тохиолдолд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, боож, хорихгүй байх хэрэгтэй.

-Тэгвэл хэсэг хүнд хууль үйлчлэхгүй байхад өөр бүлэгт нь хууль илүү үйлчилж торгуулж, шийтгүүлж байна. Үүний буруутан нь Зөрчлийн хууль учраас өөрчлөлт оруулах хэрэгтэй гэгээд буй. Та хуульч хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна?

-Зөрчлийн хууль гэхээр хүмүүс хэдхэн зүйл, заалттай мэтээр ойлгоод байдаг. Үнэндээ тус хуулиар 300 гаруй хуулийг хамгаалдаг. Тэр хуулиудад юу байдаг вэ? гэхээр хориглох заалтууд бий. Тэдгээр хориглосон зүйлийг хийгээд байвал зөрчил гаргасан гэж үзээд хариуцлага тооцохоос өөр аргагүй. Тиймээс Зөрчлийн хуулийг биш тухайн хуульд нь тусгасан хориглох заалтыг болиулах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хангуулж буй Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн хориглосон заалтыг л авчих юм бол зөрчил гаргасанд тооцож торгуулахгүй байх боломжтой.

Хүмүүсийн хэлээд байгаа гол зүйл бол яагаад ялгавартай хандсан тухай. Сүхбаатарын талбай дээр тайван цуглаан зохион байгуулах битгий хэл, олон нийтийг хамарсан шоу хийгээд байхад яагаад ижил хариуцлага тооцохгүй байна. Ингэж ялгавартай хандаж болохгүй шүү дээ.

Шударга ёсны зарчмаар хуульд хориглосон заалт байвал тэр хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Хэн нэгэнд илүү давуу байдлаар үйлчилж болохгүй.

-Өнөөдөр талбай дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 2-3 удаа торгуулаад шантарч байна. Тэгвэл Үндсэн хуульд тусгасан эрх чөлөөг хэрхэн хангах ёстой вэ?

-Зөрчлийн хуулийн гол зорилго бол торгох. Зөрчлийг давтан гаргахгүй байх хүртэл нь торгох зорилготой. Согтуугаар жолоо барьсаар байвал дахин барихгүй хүртэл нь торгоно гэсэн үг. Ингэснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас  болоод эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлнэ.

Хууль хүн бүрд тэгш үйлчлэх л ёстой. Аль нэг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж нэг хэсэгт нь давуу байдал олгоод байвал ардчилсан нийгэм мөхнө.

Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиас зөвшөөрөл авч жагсахыг хасчихвал хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Тухайлбал, иргэд Сүхбаатар дүүргийн Засаг даргыг огцруулах хүсэлт тавьж, жагсаал хийхдээ өөрөөс нь зөвшөөрөл авах нь утгагүй. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Тэгэхлээр хүн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд хэн нэгнээс зөвшөөрөл авахаа больж мэдэгддэг байх нь зөв. Мэдэгдэнэ гэдэг бол жагсаал зохион байгуулах дэгийн дагуу эмх замбараатай цуглааныг зохион байгуулж буй хэрэг. Энэ тохиолдолд хуулийн дагуу хэнд ч хариуцлага тооцохгүй. Жагсагчид болоод цагдаа хүчний байгууллагын хооронд хуулийн заалтаас шалтгаалж харилцаа үүсдэг. Хуулиар хориглосон гэж үзсэн учраас үгээ хэлж байгаа иргэдийг цагдаа нар барьж хориод, торгоод байна. Ингэхгүйн тулд тухайн хуульд байгаа хориглосон заалтыг л хасахад болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж