XVII жарны Усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохиож буй. Монголчууд хаврын тэргүүн сарыг угтан Сар шинийн баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Гэвч өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас золголт хийж, уламжлалт баяраа өргөн хэмжээнд тэмдэглээгүй. Энэ жил ч бас цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг Ерөнхий сайд уриалав. Бас төрийн золголт хийхгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Гэтэл жил жилийн Сар шинийн баяраар Монгол Улсын эдийн засаг идэвхжихийн зэрэгцээ импорт ихээхэн нэмэгддэг. Цагаан сар нь бусад баяртай харьцуулахад бэлтгэл их шаарддаг. Жишээлбэл, нэг өрх тавгийн идээ, ууц, бууз, чихэр жимс, гарын бэлэг бэлдэнэ. Тэр хэрээр баярт бэлдэх өрхийн төсөв ч нэмэгддэг.
Цар тахлын улмаас хаалгаа барихад хүрсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаагаа сэргээх том боломж нь Цагаан сарын баяр. Монголчууд Үндэсний баяр наадам, Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, дэлгүүрийн лангуу хоосортол худалдан авалт хийдэг.
Үндэсний статистикийн газраас 2020 оны хэрэглээний үнээр тооцоолон нэг өрх бүрийн Цагаан сарын дундаж зардлыг тооцон гаргасан байдаг. Монгол Улсын нийт өрхийн 64 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг идээ цагаа, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулдаг ажээ.
Улсын хэмжээнд Цагаан сарын баярт ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн зардал гардаг гэсэн үг юм. Тус зардлыг бүтцээр нь задалбал идээ, цагаа, бусад хүнсний зардалд нийт зардлын 36 хувь, гарын бэлэгт нийт зардлын 47 хувь, баярын гоёлд нийт зардлын 17 хувийг зарцуулдаг байна.
Өнгөрсөн хугацаанд хатуу хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь тэг зогсч, Монгол Улсын эдийн засаг өдрийн 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Аж ахуйн нэгжийн ихэнх нь өөрт буй боломжоо бүрэн шавхсан ч эргэлтийн хөрөнгөгүй болж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйд хүрсэн билээ. Тиймээс цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгаа бага ч атугай "амь оруулах" бодлого барьж, аж ахуйн нэгжүүдээ дэмжин Цагаан сарын баяраа тэмдэглэе.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ