“Тендер будлиантуулсан төрийн албан хаагчийг ажлаас нь халдаг болно”

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

“Тендер будлиантуулсан төрийн албан хаагчийг ажлаас нь халдаг болно”

“Тендер будлиантуулсан төрийн албан хаагчийг ажлаас нь халдаг болно”

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн тухай аж ахуй эрхлэгчидтэй уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь анх 2005 онд батлагдаж 2007-2021 онуудад нэмэлт, өөрчлөлтүүд орсон ба энэ удаад тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн яамнаас боловсруулж байна. Уг хуульд ШӨХТГ-аас санал авах бөгөөд үүнд аж ахуй эрхлэгчдийн саналыг тусгахын тулд  хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.

ШӨХТГ-т 2021 онд 261 тендерийн гомдол ирүүлснээс 106 зөрчлийг барагдуулсан байна.

ТЕНДЕРИЙН БҮХ МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛЖ, ЦАХИМЖИНА

Сангийн яамнаас уг хуульд нэмэлт өөрчлөх оруулах тухай ажлын хэсгээс хуулийн төслийн талаар танилцуулав. Энэ талаар Сангийн яамны хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Батзулаас тодрууллаа.

-Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Сангийн яамнаас боловсруулж байгаа юм байна. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ямар ахиц гарах вэ?

-Үндсэн дөрвөн чиглэлээр хуулиа шинэчлэн найруулж байна. Нэгдүгээрт, хүний оролцоог 70 хувиар бууруулна. Ингэснээр тендер дээрх мэдээллийн ил тод байдал 100 хувь болно. Хоёрдугаарт, төрийн байгууллагын гаргасан шийдвэр, үнэлгээний хорооны хуралдсан тэмдэглэл ил болно. Өөрөөр хэлбэл тендерт оролцогч нар мэдээллээ хардаг болно. Гуравдугаарт, хариуцлагын асуудал ярьж байгаа юм. Төрийн албан хаагч хууль зөрчиж илтэд давуу байдал олгосон байвал ажлаас нь халдаг болъё. Мөн хууль зөрчөөд тендер буруу зохион байгуулсан бол ажлаас нь чөлөөлдөг байя. Үнэлгээний хороонд хууль зөрчөөд эрх олгосон бол ахиж үнэлгээний хороонд орох эрхийг нь хасаад харж жагсаалтад оруулъя. Компаниудыг хар жагсаалтад оруулдагтай адил төрийн албан хаагчийг хар жагсаалтад оруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, тендерийг хурдан шийдвэрлэдэг болъё. Ингэхийн тулд тендерт илгээдэг материалыг аль болох цөөлж, төрд хуримтлагдсан материалаа цахимжуулна. Компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээг шаардах хэрэггүй. Яагаад гэхээр opendata дээр байгаа. Тэгэхээр цуглуулдаг материал нь цөөрөөд ирэхээр тендерт ороход хялбар болчхож байгаа юм.

Төр өдөр тутам нийлүүлдэг барааны цахим дэлгүүртэй болъё гэж байгаа юм. Уг цахим дэлгүүрт бараа нийлүүлдэг компаниуд бүгдээрээ байж байна. Тэр дотроос нь үнэ хаялцуулах аргаар сонгох юм. Жишээ нь эм худалдан авлаа гэхэд тэр эмийг зарж буй компаниуд бүгд саналаа өгөөд ажлын гурав хоногт худалдан авалт хийдэг байя. Барилгын ажлын тендерийг 15 хоногт зарлаад шийдвэрээ гаргадаг байя. Ингэснээр нэг тендерээс хамгийн багадаа 20 хоног хэмнэнэ. Жишээ нь зунжин тендер зарладаг. Гэтэл барилгын ажил нь өвөл эхэлдэг асуудал байдаг. Цаашдаа энэ байдал үндсэндээ арилна.

-Жишээ нь өнгөрсөн жил түргэвчилсэн тестийг төр өндөр үнээр авч байсан. Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал төрд өндөр үнээр бараа шахдаг байдал өөрчлөгдөх үү? 

-Цаашдаа бүх мэдээлэл ил тод болоод, мэдээллийг нь хардаг болчихвол төр үнэтэй бараа худалдан авдаг байдал арилна. Нуугаад байх зүйл байхгүй гэсэн үг. Далдуур хийж буй худалдан авалт асуудал дагуулдаг. Мөн дээрээс нь Шүгэл үлээгчийн тухай хууль, олон нийтийн хяналтын дагуу худалдан авдаг процессыг ойлгомжтой болгохоор юмыг үнэтэй авдаг байдал алга болох юм.

-Тендерт шалгарчихаад ажлаа хийдэггүй алга болдог компаниуд байдаг. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Одоо мөрдөгдөж буй хуулиар тендер авчхаад ажлаа гүйцэтгэхгүй яваа компаниудыг хар жагсаалтад оруулж байна. Сангийн яамнаас хяналт шалгалтыг хийж 46 компанийг хар жагсаалтад оруулсан. Энэ тоо цаашид өсөх байх. Гэхдээ шинэ хуулийн төсөлд өмнө гэрээ хийчхээд ажлаа олигтой хийгээгүй байх юм бол дараагийн тендерт шалгаруулахгүй байхаар зохицуулсан.

-Тендерийн сонгон шалгаруулалт будлиантай,  авлига албан тушаалын хэрэгт холбогддог тал бий. Одоо хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор нөхцөл байдал дээрдэх үү?

-Төрийн алба хаагчдын гаргаж буй мэдээлэл ил тод болчихоор ил хууль зөрчиж чадахгүй. Мэдээлэл ил болсноор тендертэй холбоотой доторх муу муухай арилна. Хуулийн төслийг удахгүй Засгийн газарт өгнө. Хэрвээ Засгийн газраас зөвшөөрвөл  ирэх он гараад УИХ-д өргөн барина.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж