Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр Хонгконгийн ерөнхийлөн захирагч Кэрри Ламтай уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэрээ Хонгконгийг зөв чиглэлд хөгжиж байгааг онцолж, Кэрри Ламын өнгөрсөн нэг жилийн ажлын амжилтыг магтан сайшаав.
Ши Жиньпин хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард Пакистаны ерөнхийлөгчтэй уулзсанаасаа хойш анх удаа гаднаас ирсэн удирдагчтай биечлэн уулзаж буй нь энэ юм.
Кэрри Лам жил бүр Бээжинд айлчилж өнгөрсөн жилийн ажлаа тайлагнадаг уламжлалынхаа дагуу энэ удаад мөн хүрэлцэн иржээ. Энэ удаад бие даасан байдал нь улам бүр хязгаарлагдаж буй засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар дээд удирдагчдад мэдээлэл өгөв.
Тус уулзалт нь Хонгконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулиас хоёр хоногийн дараа болжээ. Сонгуулийн үр дүнд ерөнхийлөгч Ши Жиньпин сэтгэл хангалуун байгаа бөгөөд “нэг улс, хоёр систем” бодлогыг дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
Хууль тогтоох зөвлөлийн сонгууль амжилттай болсноор Хонгконгийг зөвхөн эх орончид л өргөн хүрээнд, тэнцвэртэй оролцоотойгоор удирдах зарчмыг тодорхой болгосон байна. Энэ нь Хонгконгийн ард түмний ардчилсан эрх чөлөөг харууллаа гэж Ши хэлэв. Мөн Кэрри Лам болон Хонгконгийн засгийн газар үүргээ биелүүлж чадсаныг төв эрх баригчид бүрэн хүлээн зөвшөөрч байна гэдгийг Ши Жиньпин онцолсон байна.
Энэ удаагийн айлчлалаар ирэх оны гуравдугаар сарын 27-нд болох Хонгконгийн дараагийн удирдагчийн төлөөх сонгуульд Кэрри Лам Бээжингийн дэмжлэгийг авч чадах эсэх нь шийдэгдэж мэдэх юм. Одоогоор түүнээс өөр нэр дэвшигч гарч ирээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: HINDUSTAN TIMES
Холбоотой мэдээ