"Рио"-гийн шинэ хөзөр ба ”Оюутолгой” чонын амнаас барын аманд очих нь!

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

"Рио"-гийн шинэ хөзөр ба ”Оюутолгой” чонын амнаас барын аманд очих нь!

"Рио"-гийн шинэ хөзөр ба ”Оюутолгой” чонын амнаас барын аманд очих нь!

Канадаас Хятадад Элчин сайдаар сууж асан Доминик Бартоныг “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн шинэ даргаар сонгосон тухай тус компани албан ёсоор мэдээлжээ.  Тэрбээр ирэх оны тавдугаар сард албан ёсоор үүрэгт ажлаа авах гэнэ.  “Рио Тинто” компани өнгөрсөн оноос албан тушаалын шинэчлэл хийж, 2019 оны арванхоёрдугаар сард компанийн гүйцэтгэх захирлаараа Якоб Стаусхолмыг тавьсан бол энэ оны эхээр Зэсийн группийн захирлаар Б.Болдыг томилсон. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирлаар Х.Амаржаргал, Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээний Ажлын хэсгийн ахлагчаар Х.Мөнхсүх нарыг томилсон байдаг.  Удирдах албан тушаалтнууддаа хийж буй “Рио Тинто”-гийн энэхүү шинэчлэл нь томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй хамтрагч улсуудынхаа илтгэлийг олон, найдвартай түнш болох зорилготой аж.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” Хятадад Элчин сайдаар сууж асан Доминик Бартоныг ТУЗ-ийн даргаар сонгосон нь хөрөнгө оруулагчдын нэг шинэ хөзөр байх бололтой. Тэгэхээр  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн даргаар арваад жил ажиллаж байгаа Г.Батсүх мөн л Хятад, Канадад Элчин сайдаар сууж байсныг тохиолдол гэж харахад бас үнэмшилгүй юм.

“Рио Тинто” болон Хятадын хамтарсан нэгдэл Мозамбикийн нүүрсний, Гвинейн төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлж байгаа. Гвинейн төмрийн хүдрийн Симанду төслийн  45.05 хувийг Канадын “Рио Тинто”, Хятадын “Чайналько” хоёр хамтран эзэмшдэг.  Энэ өнцгөөс харвал монголчууд “Оюутолгой”-гоо Хятадад алдах эрсдэл нүүрлэсэн гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар “Рио Тинто” компанийн тодорхой хувийг Хятадын хоёр компани буюу “Chinalco” 9.3 хувийг, “Aluminum Corporation” 11 хувийг эзэмшдэг.  Тэдэнд нэмж 15 хувиа “Рио Тинто” зарж магадгүй гэх яриа уул уурхайн салбарт түгээд эхэлжээ. Энэ тохиолдолд “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч  “Рио Тинто”-гийн 35.3 хувийг хятадууд эзэмшинэ гэсэн үг. Цаашилбал, “Оюутолгой”-н ирээдүй Хятадын гарт орж, монголчууд хэлэлцээрийн ширээний ард австраличуудтай биш хятадуудтай сууж таарах нь.

“Рио Тинто”-гоос саяхан Монголын Засгийн газарт захидал ирүүлж, 

  1. Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна.
  2. 2015 онд баталсан далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна.
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх.
  4. Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байна. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна.
  5. Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан авах болон байгаль орчны асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, Монголын талын тавьсан саналыг бүгдийг нь хүлээн авахдаа "сүүлчийн буулт шүү" гэж тодотгосны учир тодорхой болж байна.  Нэг ёсондоо, "Рио"-гийнхон ахиад олон юм шаардвал хувьцаагаа хятадуудад зарчихна шүү л гэж.

Хөрөнгө оруулагч тал 15 хувиа зарахын тулд эхлээд Монголын Засгийн газраас зөвшөөрөл авахаар гэрээнд зааж өгсөн нь бий. Гэхдээ хятадууд манай Засгийн газрыг “бойкотлож" байгаад хүссэн зөвшөөрлөө гаргуулах магадлал өндөр. Экспорт, импортын хувьд  Хятадаас бараг бүрэн хараат шахуу, өнөөдөр гэхэд Эрээн, Гашуунсухайтын хил хаагдахад Монголын эдийн засаг элгээрээ мөлхөж байна. Гэтэл түр хорооны гэх сайдын суудал мөрөөдсөн “шантаажчид” “Рио Тинто”-г шалд нь буулгах хэрэгтэй гээд Засгийн газрыг шахаад, шантааж хийгээд явж буй гэх.

Алдарт Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд хувийн жижигхэн эрх ашгийн төлөө улсаа ч зарахаас сийхгүй нь.  С.Баярцогт нэгэнтээ Оюутолгойг зөвхөн мөнгө гэж харах хэрэггүйг зөвлөж,  гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл болохыг хэлж байсан.

Тиймээс хэрэвзээ, “Рио Тинто” хувьцааныхаа 15 хувийг хятадуудад зарвал Монголын үндэсний аюулгүй байдал, тугаар тогтнолд эрсдэл үүснэ гэсэн үг. Тэгэхээр түр хорооны гэх “шантааж”-даасаа Засгийн газар салж, хэлэлцээрээ үргэжлүүлэхгүй бол “Оюутолгой”-г чонын амнаас барын аманд орох аюул хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
621
ТэнэглэлТэнэглэл
48
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж