Д.Ганбат: Өр ширтэй хүн нийслэлийг удирдаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Өр ширтэй хүн нийслэлийг удирдаж чадах уу?

Д.Ганбат: Өр ширтэй хүн нийслэлийг удирдаж чадах уу?

Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж МАН таван жилийн өмнө сүр дуулиантай тунхаглаж байв. Тохилог сууцанд амьдарч, цэмбэгэр тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол 2020  онд нийслэлийг тойроод  5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдчихсэн, явган хүний гарц, дугуйн замтай, бухимдалгүй стрессгүй хот болох байжээ. Харамсалтай нь, Улаанбаатарын асуудал бахь байдгаараа. 

2020 онд  "Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн удирдлагууд  танилцуулсан нь олны шүүмжлэлийг хүртэж байв.  Хэрэвзээ хөтөлбөрийн гүйцэтгэл үнэхээр 92.5 хувь байгаа юм бол адаглаад Улаанбаатарын түгжрээ, утаа хоёр арилчихсан байх ёстой. 

Тэгвэл УИХ-ын өнөөдөр/2021.12.23/-ийн  чуулганаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, түгжрэлийг бууруулахын тулд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас  100 сая ам. долларын зээлийн санхүүжилт авах эсэхийг хэлэлцэв. 

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Д.Ганбат "Нийслэл хотод болж бүтэж байгаа зүйл алга. Аз жаргалтай Улаанбаатар хаана байна. Эрх баригчдын хувьд л тийм  байгаа байх. Баахан өр ширтэй хүн нийслэл хотыг удирдаж байна гээд иргэд ярьцгааж байна. Ер нь хувийнхаа асуудлыг  зохицуулж чадаагүй хүн нийслэл хотыг удирдаж чадах уу. АН-д ийм өр ширтэй хүн байсан бол аль хэдийн арга хэмжээ авсан байгаа.  Харин МАН-ынхан бие, биедээ юм хэлж чадахгүй юм" гэж Д.Сумьяабазарт хатуу үг дайв.

Үүний хариуд хотын дарга Д.Сумъяабазар “Д.Ганбат гишүүн улс төрийн шинжтэй зүйл ярьчихлаа. Банктай холбоотой асуудлыг  та банкны хүмүүсээс асуусан нь дээр байх. Монголбанкинд мэдээлэл нь ил тод байгаа шүү. Банкны бизнесийн асуудлыг надад наах гээд хэрэггүй. Нийслэлийн замыг сайжруулах, засах, өргөтгөх, нэмэх асуудалд хүү багатай урт хугацааны зээл авах шаардлагатай болсон. Бидний гаргасан тооцоо судалгаагаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Энэ эх үүсвэрээр нийслэлийн зам гүүр, инженерийн байгууламж, дулаан хангамжийн асуудал, гүүрэн байгууламж, ногоон байгууламж, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүдийг шийдэх боломжтой” гэв.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан төрийн 114.4 тэрбум төгрөгийн асуудалд “ороогдсон” хотын дарга Д.Сумъяабазар он гарахаас өмнө өрөө төлнө гэж  ам гарсан удаатай. Тодруулбал, тус банкинд “Эрдэнэт" үйлдвэрийн 44 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н 26.9 тэрбум төгрөг, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус банкинд гацаад байсан юм. Ямартай ч тэрбээр  “Үндэсний хөрөнгө оруулалтын банк энэ ондоо багтаан өр төлбөрөө барагдуулсан гэдгийг хэвлэлд өгсөн яриандаа тодотгосон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж