"Зам бол ууж иддэг ёроолгүй сав болсон"

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Live"Зам бол ууж иддэг ёроолгүй сав болсон"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ


13 : 41
2021-12-23

Замын-Үүдээр 1000 орчим зорчигч, 600-800 тээврийн хэрэгсэл орж ирдэг

Чуулганаар хэлэлцэх хоёр дахь асуудлаар Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан:

-Монгол Улсын Засгийн газар байгалийн баялаг, ажиллах хүчний нөөц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх тааламжтай нутагт бүс нутгийг хөгжүүлэх замаар худалдааг хөгжүүлж эдийн засгийг сэргээх тухай 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан. Олон улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар батлуулах шаардлагтай юм. Холбогдох яамдын байгуулсан санамж бичгээр хоёр тал хэлэлцэн баталсан.

Замын-Үүд, Алтанбулаг боомтыг хэрхэн холбох, бусад бүсүүдтэй хэрхэх талаар мөн анхаарч байна. Зам-Үүдэд дэд бүтцийн хувьд нэмэлт ажлууд хийгдсэн. Тиймээс хамтын ажиллагааны бүсийг байгуулах нь жишиг боомт болох боломжтой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бүс байгуулснаар худалдааны эргэлт хэдэн хувиар нэмэгдэх, зорчигчдын тоонд ямар өөрчлөлт орох талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хэлэлцээр болон түүнийг соёрхон батлах тухай хуулийн хүрээнд бид холбогдох тогтоомжийн хүрээнд иж бүрэн стратегийн түншлэлийн асуудал яригдаж байгаа. Хилийн хорио цээрийн дэглэм, хэвийн үйл ажиллагааг явуулах тал дээр анхаарна. Замын-Үүд боомтоор ердийн үед 1000 орчим зорчигч, 600-800 тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн 300-400 машин импортын ачааг тээвэрлэж оруулж ирдэг. Сүүлийн үед орлогууд тасарч байгаа ч гэсэн ч худалдааны хувьд ахиц гарч байгаа гэх тайлбарыг ажлын хэсгээс өглөө.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Чөлөөт бүсийн асуудал өмнө нь ч яригдаж байсан. Тэгвэл энэ удаад юугаар ялгаатай байна гэдэг нь анхаарал татаж байна. Өмнө нь Замын-Үүдийн дэд бүтэц гэж гаргаад зөвлөл хүртэл байгуулсан. Хил дамнасан чөлөөт бүсийг байгуулсан бусад орны жишиг юу байна вэ? Урд хөрштэй харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн чадамж, бололцоо ямар билээ гэдгийг харгалзах нь зүйтэй болов уу. Тэгэхгүй бол хүчтэй улсын талд тэнцвэр тогтоно. Энэ тал дээр тодруулга авмаар байна. Хэлцээрийн хувьд хэдий хугацаанд үргэлжлэх нь мөн нээлттэй биш байна. Тоо баримт биш үзэл баримтлал орж ирсэн учраас үүнийг тодруулж байгаа юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар хоёр улс анх харилцан тохиролцсон. 2015 онд УИХ-аар баталсан Чөлөөт бүс байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бид мөн арваннэгдүгээр сард хил дамнасан гэдгийг өөрчлөөд эдийн засгийн чөлөөт бүс байгуулна гэж өөрчлөлт хийсэн байгаа. Хэрэв хил дамнасан байдлаар зохион байгуулалт хийвэл газар нутгийн бүрэн бүтэн байдал болоод хоёр талын эдийн засгийн асуудалд өөрчлөлт орно. Тийм учраас нэгдүгээрт хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны гэж тусгаснаараа онцлог.

Монгол Улсад чөлөөт бүсийн асуудал хөгжөөгүй биш орхигдсон. Үүнээс болж өнөөдрийн бараа тээврийн хүндрэл үүссэн. Хятад болоод Монголын талд тус бүр 900 га талбайд чөлөөт бүс гаргахаар төлөвлөсөн. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг орйын хугацаанд нээхээр тооцоолсон.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хоёр улс өөр, өөрсдийн зоондоо чөлөөт бүс ажиллуулах юм байна. Тэгвэл одоогийн хэлэлцээрийг УИХ баталлаа гэхэд эдийн засгийг хэдий хугацаанд баттай сэргээхээр талаар судалгаа байна уу? Ямар хугацааны дараа бид ажлын тайлан сонсох вэ?

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэл, үйлчилдгээний хзрээнд асуудлыг дор бүр нь шийдвэрлээд явна. Монгол Улс чөлөөт бүсийг нэг жилийн өмнө нь баталбал 2023 оны эхний хагаст тайлангаа гаргах боломжтой. Тэнцвэртэй хөгжлийн тухайд ерөнхий төлөвлөгөөний дагуу аль хэсэгт аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээ явуулах зэргээр анхаарна. Эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд гуравдагч улсад бүртгэлтэй хамтын ажиллагааг ч дэмжинэ. Энд тэнцвэр алдагдах асуудал огт байж болохгүй. Тиймээс технологийг нутагшуулах, тэнцвэрийг тогтвортой байлгах тал дээр төлөвлөлтүүд хийгдэж байгаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хилийн зурвас, шугам гэдгээ тодорхой тайлбарлахгүй бол ойлголтын зөрүү гарч байна. Үүнийг тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

Ажлын хэсгийн зүгээс 900 га талбай хилийн зурвас зэргийг тодорхой тусгасан байгаа. Үүнд нэмэлт тайлбар шаардлагагүй гэж бодож байна гэлээ. Координатыг УИХ-аас зааж өгсөн учир хилийн зурвас давна гэсэн ойлголт байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Энэ асуудлыг дэмжиж байна. Чөлөөт бүс бол хөрөнгө оруулалтын гол механизм. Чөлөөт бүсийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Гэрээг ёсчлон батлахад хэрэгжээд эхэлнэ. Тендер түрүүчээс нь зарлаад эхэлсэн гэсэн. Тиймээс хэрэгжүүлэх, ажиллах гол аж ахуй нэгжүүдийн маш сайн шалгуураар сонгох хэрэгтэй. Ажлыг анхнаас нь ухаалаг эхэлж байж амжилтад хүрнэ. Нэгэнт компаниуд орчихвол Засаг идэвхтэй бодлогоор дэмжинэ. Түүнээс аль хэдийн эхэлсэн зүйлд засвар шинэчлэлт хийхэд хүндрэлтэй.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
 
-Бид эдийн засгийн чөлөөт бүсийн талаар яриад үндсэндээ 27 жил өнгөрч байна. Энэ хугацаанд ахиц дэвшилт гарсангүй. Тиймээс яаравчлах шаардлагатай. Эдийн засгаа сэргээх, бодлого, чиглэлээ тодорхойлоход зайлшгүй үүнийг батлах хэрэгцээ их байна. Тээвэр ложистикийн асуудлыг та бүхэн харж байгаа байх. Тиймээс би эдийн засгийн чөлөөт бүсийг дэмжиж байгаа. Хэлэлцээ батлагдвал 380 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйлдвэр барих юм билээ. Цаашид ч чөлөөт бүсийг дэмжих нь зүйтэй.
 
10 : 13
2021-12-23

Зам өргөтгөөд түгжрэл буурна гэвэл том андуурал

УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж, ард иргэд, Монголын хүүхэд залууст парламент нээлттэй байх болно гэдгийг хэллээ. Өсвөрийн парламент хөтөлбөрт хамрагдсанаар сонгодог парламентын асуудлыг хэлэлцэж, ардчилсан нийгмийн иргэн болж төлөвшүүлэхийг зорьж байгаа. Тиймээс парламентын боловсрол олгох хөтөлбөрт бүх нийтээр идэвхтэй хамрагдахыг хүсч байна гэдгийг мөн илэрхийллээ.

Өнөөдрийн ирц 44 гишүүнтэй 59.9 хувьтай байна. Хуралдааны эхэнд Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021-2025 онд хөгжүүлэх хөгжлийн таван жилийн хөтөлбөрт тээврийн хэрэгсэлд нийцсэн автозамын хөдөлгөөнийг бий болгох, стандарт автозамыг байгуулах талаар тусгасан. Үүний дагуу гудамж зам, нийтийн тээвэр, зам тээврийн хөгжлийн зөв бүтэц зэрэг. Зээлийн хэлэлцээр нь олон улсын гэрээ тул УИХ-аар заавал батлуулах ёстой. Иймд олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн баталж өгнө үү.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Арваннэгдүгээр сарын 24-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд зээлийн хэлэлцээрийн төслийн хэрэгжилт, төслийн хэрэгжих хугацаа, үр ашиггүй зардлыг багасгах, явган хүний зам болон нийслэлд шаардлагатай бусад асуудлыг хэлэлцсэн юм. Мөн нийслэлийн түгжрэлийг сааруулах, буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг оруулж ирэхгүй байх, нийслэлд зорчих тээврийн хэрэгслийг татварыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, эсрэгээр хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг бууруулах зэрэг саналуудыг гаргасан болно. Чуулганд оролцсон гишүүдийн 80 хувийн ирцтэйгээр зээлийн төслийг эцэслэн батлахыг дэмжлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Улаанбаатар хотын түгжрэл иргэдийг хамгийн их бухимдуулж буй асуудал болоод байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол тулгамдаж, түүнийг шийдвэрлэж байгаатай ижлээр түгжрэлийг бууруулах нь зүйтэй. Гэхдээ энэ төсөл дээр дорвитой зүйл ажиглагдахгүй байна.

Үндсэндээ ирэх жилүүдэд 700 тэрбум төгрөгийн автозамын төсөл хэрэгжих нь. Орж ирж байгаа төслийг харвал Нарны замын өргөтгөл, Өнөр хорооллын зам гэхчлэн хэсэгчлэн зам тавихаар байна. Энэ тэнд зам хэсэгчилж тавихаар еэвэнгийн үлгэр шиг юм болоод байна. Түүний оронд тойрог замтай болох нь зөв. 20-иодхон км замыг хүний нүдэнд харагдахаар барьсан нь зөв. Дараагийн нэг зүйл бол нисэх рүү хурдны зам холбох. Ингэж чадвал Яармагийн түгжрэл буурна гэж харж байна.

Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн төсөл хөтөлбөр харицсан хөтөлбөрийн  мэргэжилтэн Н.Батзориг:

-С.Бямбацогт гишүүний асуултад хариулъя. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газарт танилцуулж наймдугаар сард үндэсний хороо байгуулж автозамын түгжрэлийг бууруулах зөөлөн болон хатуу бодлогын хүрээнд 146 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр арга хэмжээг Дэлхийн банкны хөгжлийн хөтөлбөрийн зээлээр хэрэгжүүлэхээр болсон. Нарны замын хэвтээ чиглэлийн эгнээ замыг шинээр боловсруулахаар болсон.

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Цогц арга хэмжээний хүрээнд гурван жилийн хугацаанд хэвтээ зургаан эгнээ замыг шинээр байгуулахаар төлөвлөсөн. Газар чөлөөлтөд нийт 120 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Яармагийн чиглэлд хамгийн урт гүүрэн байгууламжийг барихаар төлөвлөсөн. Мөн гэрлэн дохио бусад автозамуудын шинэчлэлд анхаарч байгаа учир цогц хөтөлбөр гэж байгаа.

Амгалангаас Сонсголон хүртэл автозамын цогц хөтөлбөр хэрэгжинэ. Тодруулбал, 10 дугаар хорооллоос нэвт явж Сонсголонгийн замын уулзвартай нэгдэж баруун аймгууд руу гарна.

Зүүн зүгийн тухайд нохойтой хөшөөнөөс Улиастайн уулзвар хүртэл явна. Нарны замын дагуу хэвтээ чиглэл ийнхүү холбогдож, нэгдэнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Зээлийн эргэн төлөлтийг асуудлыг хэрхэн тооцоолж байгаа вэ? Мөн нийслэлээс төсөвлөсөн 420 тэрбум төгрөгөөр хийх ажлаа нэгтгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Үндсэндээ 20 гаруй км зам барьж, 17-18 км зам засварлахаар л тусгасан байна. Үр ашиггүй ажлуудыг төсөвт оруулсан харагдаж байна. Улс орны эдийн засаг санхүүгийн хувьд туйлаад байхаар зүйл байхгүй. Эсвэл нийслэлийн төсөв нь халгиж цалгиад байгаа юм уу. Шинээр зам барих асуудал гэхээс илүүтэй засварлана, судална гэсэн ажлаар мөнгө цавчих хэрэг гэж харагдаж байна. Зээл тусламж, өрийн тааз нь өндөр байна. Төсвийн мөнгийг цацах гэж байгаа асуудалд тайлбар авъя. Зам өргөтгөхөөр түгжрэл буурна гэж байхгүй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ зээл бол дамжуулан зээл. Жилийн 1.24 хувийн хүүтэй. Зээл авч эхэлсэн санхүүжилтийн төсвөөс бодогдоно. 420 тэрбум төгрөгийн тухайд автозамын түгжрэлийг бууруулахад тусгагдсан. Өнгөрсөн хугацаанд 90 байршлын замын төслүүдийг хийсэн. Дээрх мөнгөн дүн гурав задарсан.

Газар чөлөөлөлтөд 110, нийтийн тээврийн шинэчлэлтэд 100 тэрбум төгрөгийг тусгаж, үлдсэн дүнгээр удирдлага мэдээллийн системийг хийхээр цогц хөтөлбөрийг тусгасан байгаа.

Баригдаж байгаа зам дээр 55-60 ухаалаг автобусны буудал баригдана. Үүнээс гадна зээл тусламжаар үндсэн ажлуудыг хийх хяналт шинжилгээ, хангамж зэргийг шийдвэрлэхээр тусгасан. 20 гаруй жил болсон замыг шинэчлэхээс өөр аргагүй. 2024 он гэхэд автозамын түгжрэл 15-18 хувь буурна гэж тооцоолж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Хүүний хувьд хувьсах хүү юм билээ. Тэгэхлээр хүүгийн зардал өндөр байна гэсэн үг. Тиймээс үүнийг төсөвт тусгах нь зүйтэй. Нийслэлийн удирдлагын хэлж байгаа томоохон бүтээн байгуулалтуудыг дэмжих хэрэгтэй. Том гүүр барихаар бол урт хугацааны санхүүжилт шаардлагатай. Тодорхой зарцуулалтын төсөвтэй бол нэмэлт өөрчлөлт оруулж зээлийг өөр бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй. Хотын төвийн замуудыг өргөтгөх ямар ч боломж байхгүй. Дугуйн зам ч гаргах боломжгүй байна. Энэ тал дээр ажлын хэсэг хэрхэн анхаарч байгаа вэ?

Улаанбаатар хотын дарга Б.Сумъяабазар:

-Том төслүүд рүү ороогүйн учир нь санхүүжилт хаана ч хүрэхгүй байгаа юм. Тэгэхлээр дэд бүтэц, түгжрэл бууруулах тал дээр олон хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй. Улаанбаатарт жилд дунджаар Ховд хотын хүн амын тоотой ижил тоогоор өсч байна. Тиймээс импортыг зогсоохгүйгээр түгжрэлийг бууруулна гэвэл боломжгүй. Хотын даац хоёр дахин нэмэгдсэн учир түгжрэнэ. Мянга зам бариад түгжрэлийг арилгахгүй учир тооцоололтой ажиллана гэж бид төлөвлөж байна. Тал талуудын хүч оролцоотойгоор шийдвэрлэнэ. 100 сая долларын санхүүжилтээр зам бариад түгжрэл буурахгүй гэдгийг дахин хэлье.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн өмнөх зээлүүд ямар явцтай байна. Засгийн газрын зээлийн хэмжээ л нэмэгдээд байдаг. Гэтэл эргэн төлөлт нь цагтаа хийгддэггүй. Авах болохоороо чухам байснаа өгөх болохоор таг болчихдог жишиг бий. Тиймээс эргэн төлөлт дээр хэрхэн анхаарч байгааг тодруулъя. Зам бариад төлбөртэй болгох юм уу, эсвэл нийслэлээс гаргах юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нийтдээ 18 төсөл 423 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийг нийслэл дээр хэрэгжүүлж байгаа. Ирэх жилээс зээлийн төлөлтийг данснаас шууд хасах зарчмаар авахаар болсон. Эрхзүйн чадамжаар сүүлийн 20 жилд нийслэл эдийн засгийн хувьд хараат бус байж чадаагүй. Харин одоо өрийн удирдлагын менежменттэй болсноор 90-ээд оноос хойш явсан өртэй холбоотой асуудалд анхаарч ажиллана. Өрийн удирдлага дээр техникийн тусламж авах тал дээр анхаарч байгаа.

2022 оны байдлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар дээр хэрэгжиж байгаа 20 зээлийн эх үүсвэр, зургаан буцалтгүй тусламжийн эх үүсвэр байна. АНУ-ын мянганы сорилтын сангийн ундны усны эх үүсвэрийг бүрдүүлэх эх үүсвэрийг оруулахгүйгээр 2.2 их наяд төгрөг, буцалтгүй тусламжийн 200 гаруй тэрбум төгрөг байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрх Улаанбаатарт зөрчигдсөөр ирсэн. Ээлжит зээл авах арга энэ удаад давтагдаж байна. Нийслэлд зээл тусламжаар баригдсан замуудаас жишиг гээд нэрлэх зам нэг ч байдаггүй. Зам бол ууж иддэг ёроолгүй сав болсон. Зээл аваад гадаадынхан төдийгүй монголчууд ч иддэг байх. Сошиалаар явж байна шүү дээ.

Баахан төсөв мөнгө батлуулаад иргэд хохирч байна. Улаанбаатар 400 мянган өрх байгаа. Гэтэл тэдгээр иргэдийн төлөө дуугардаг хэлдэг хүн байхгүй байна. "Аз жаргалтай Улаанбаатар" гэдэг худал. Иргэд үүнийг хэлж байна. Зээл авах шаардлагагүй.

Судалгаанд л зарцуулж байгаа мөнгийг зээлэх хэрэг байхгүй. Энэ төсөл дээр ямар ч гэрэл гэгээтэй зүйл харагдахгүй байна. Ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж, дугуйг зам байхгүй. Жишиг болсон зам барина гэдгээ бодитоор тайлбарлахыг хүсч байна.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар:

-Банкны өр зээлийг надтай наах шаардлага байхгүй. Банк санхүүгийн харилцааг зөв ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотыг болохгүй, бүтэхгүй гэж харж  байгаа хүн олон бий ч миний хувьд гэгээлэг талаас нь хардаг. Нөхцөл байдал хүнд, гадаадын улс орноос санхүүжилт авах боломжгүй байгаа энэ үед хичээж ажиллаж байна. Хотын төсөв төлөвлөгөө шилэн гэхэд дэндүү шилэн байгаа. Зам гүүрийн байгууламжтай холбоотой асуудал дээр гаднаас зээл тусламж авахад хүнд байгаа энэ үед өнөөдрийнх шиг боломж гарч байгаа нь сайшаалтай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Нэг тэрбум 200 орчим сая төгрөгийн зээлийг гаднаас өнөөдөр гуйж авах гэж байна. Зээл авч болно. Гэхдээ бодлого төлөвлөлтийн асуудал үеийн үед байгаагүй. Утаа, түгжрэл огт буурахгүй нэмэгдсээр байна. Хотын замыг засч сайжруулахад 120 тэрбум төгрөгөөр нь газар чөлөөлнө гэдэг галзуурал. Төлөвлөлтөө сайжруулах хэрэгтэй. Ингэж зээл тусламжийг үрэн таран хийж байснаас менежментээ л сайжруул. Зохион байгуулалт нь огтоос болохгүй байна. Мэддэг, чаддаг хүмүүсийг ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Шаардлагатай ажилд нь төсвийг зарцуулбал үр дүн гарна. Төлөвлөлт хэрхэн хийж байгаагаа тайлбарлахыг хотын даргаас хүсч байна.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар:

-Газар чөлөөлөлтийг хийх өөр арга байхгүй. Дэд бүтэц явах нь тодорхой болсон учир газрыг дамалдаг, наймаалцдаг тогтолцоо бүрдсэн учир газар чөлөөлөлт өндөр өртөгтэй байна. Аль болох бага зардлаар төлөвлөлт тооцоолол хийхийг зорьж судалгаа хийсэн ч дорвитой болоогүй. Иргэд газраа аль болох үнэтэй зарахыг л хүсч байна. Тиймээс газар чөлөөлтөд санхүүгийн схем гаргахаас өөр арга байсангүй. Эх үүсвэрийн хувьд үе шаттай, судалгаа шинжилгээтэйгээр авна. Их дүнтэй мэт харагдаж байгаа ч үр дүн гаргахын тулд түүнээс их хэмжээний өртөг шаарддаг болохыг өмнөх хотын дарга нар ч хэлж байсан.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Улаанбаатар хотын түгжрэл маш хүнд байна. Энэ асуудалд 420 тэрбум төгрөгийг нийслэлээс төсөвлөсөн. Үүнээс гадна 100 сая долларын зээл яригдаж байна. Зам талбай, нэвтрэлтийн хурд хэр нэмэгдэх вэ? Мөн хүн амын механик өсөлт өндөр байгаа учир шалтгааныг төсөл дээр тусгасан байна. Энэ нь түгжрэлийг үүсгэж байгааг ойлгож байна. Гэхдээ хөрөнгөгүйгээр олон ажлыг зохион байгуулж, хийж болно. Хөдөө орон нутагт аж ахуй эрхэлж байгаа нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих, хотын дүрэмтэй болох гээд олон аргачлалыг харсан байх. Эдгээрийг хэрхэн тооцоолсон талаар танилцуулахгүй юу?

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар:

-Нэвтрэлтийн тооцооллын хувьд хоёр эгнээ зам дээр цагт 6000 машин явж байна. Хэрэв зургаан эгнээгээр явах юм бол 8000 машин явах боломжтой. Зохицуулалтын хүрээнд 80-100 мянган машин Нарны замаар зорчих боломжтой гэсэн үг. Дараагийн асуудал бол механик шилжилт. Хөдөөгийн хөгжлийн шинэтгэлийн арга дээр орон нутгийн бизнесийг дэмжих хүрээнд 16 хуулийн шинэчлэлт яригдаж байгаа гэх хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Зээлийн үр дүн огт тодорхойгүй байна. 100 сая долларын 80 сая нь автозамын шинэчлэлт, 20 хувь нь ухаалаг тээврийн системд зарцуулна гэх юм. Тэгэхлээр зээл авах нь ашиггүй харагдаж байна. Улсын төсвөөс төлөлтийг магадгүй хийх байх. Эргэн төлөлт дээр ямар шийдэл, гарцууд байна вэ? Түгжрэлтэй холбоотой тоон мэдээллийг гаргасан уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хот өөрөө төлнө гэсэх амлалт авч байгаа зээл. Тиймээс дахин зээлийг нэмэхгүй байх тал дээр анхаарч байна. Ирэх оны төсөвт тусгасан 420 тэрбум төгрөгөөр түгжрэлийг шийдвэрлэх боломжгүй. Есөн их наядаар түгжрэлийг бууруулах бодлого баримталж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн энэ бол цогц хөтөлбөрийн ердөө нэг нь гэдгийг ойлгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар:

-Өнгөрсөн хугацаанд хөдөлгөөний зорчилттой холбоотой судалгааг хийсэн. Гэхдээ тодорхой тоон үзүүлэлтийг гаргах боломжгүй. Хот төлөвлөлтийн тухай хууль орж ирвэл Улаанбаатар дэлхийн жишиг болсон хот болох боломжтой. Шинэ хороог байгуулах асуудлын хувьд нийслэлийн эрх зүйн чадамжийг дээшлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор стандартыг шинэчлэх ёстой. Стандартын ард дандаа ашиг сонирхлын зөрчил явагддаг. Үүнийг мөн их хурлын түвшинд анхаарах хэрэгтэй. Хэн нэгэн албан тушаалтны гаргасан шийдвэрийн дор явж болохгүй. Ногоон байгууламж, дулаан, цахилгаан гээд бүгд л төлөвлөлттэй байх нь зүйтэй. Тэгэхлээр ирэх оноос шинэчлэлт дуур түлхүү анхаарах болно. Газар чөлөөлөлт судалгааны хэмжээнд хийгдсэн. Харин гол замын уулзваруудыг өөр төслөөр оруулж ирэхээр бэлдэж байгаа. Шаардлагатай бол 20:40 төлөвлөлтийн үеэр танилцуулна. Түгжрэлийн асуудал дээр дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэгний шийдлүүдийг мөн оруулж байгаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Өдөр ирэх бүрд Улаанбаатарт асуудал нэмэгдэж байна. Тэдгээрийн нэг нь түгжрэл. Асуудлыги шийдвэрэлэхэд цаг хугацаа, төлөвлөлт шаардлагатай. Ялангуяа хот төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй. Тийм учраас энэ асуудлыг бүрэн дэмжих нь зөв. Дараа дараагийн асуудлыг оруулж ирэхдээ маш сайн төлөвлөх хэрэгтэй байна. Нийслэлийн хөгжлийн чиг баримжаа, ерөнхий төлөвлөгөөг дэлгэрэнгүй бөгөөд тодорхой цаг хугацааг тусгаснаар хот хөгжинө. Зөвхөн зам бариснаар бус барилга байгууламж, дэд бүтцийг сайтар тооцоолох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хот төлөвлөлт дээр онцгой анхаарах хэрэгтэй. Шинээр баригдаж байгаа хотхонууд сургууль, цэцэрлэг барина гэдэг ч барьдаггүй. Дараагийн асуудал нийтийн тээвэр. Тэгэхлээр хариуцсан дарга нарыг автобусаар зорчдог байх саналыг гаргаж байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж нийт гишүүдийн 41 нь буюу 73.2 хувь нь дэмжиж баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж