Далайн тээврийн салбарт Хятад ноёрхож байна

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Далайн тээврийн салбарт Хятад ноёрхож байна

Далайн тээврийн салбарт Хятад ноёрхож байна

“Тэнгисийг эзэлсэн хүн дэлхийн худалдааг гартаа оруулдаг. Дэлхийн худалдааг гартаа оруулсан хүн дэлхийн баячуудыг удирдаж, алсдаа дэлхийг ч удирддаг” гэж тэртээ 1616 онд Английн төрийн зүтгэлтэн Сэр Уолтер Ролей тунхаглаж байв. Тэгвэл Хятад улс далайн тээврийн салбарт ноёрхож буй нь АНУ болон бусад геополитикийн өрсөлдөгчдийн хувьд эмзэг сэдэв болоод байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Лос-Анжелесийн боомтод 24/7 ажиллах төлөвлөгөөгөө зарласан. Өмнө нь “Long Beach” боомтод үүнтэй ижил арга хэмжээ авч байсан юм. Эдгээр хоёр боомт нь АНУ-д нэвтэрч буй чингэлэгүүдийн бараг 40 хувийг эзэлдэг. Зул сарын баяр ойртож буйтай холбоотойгоор боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг арилгах зорилготой. Мөн далайн эрэг дагуу Сан Дьего хүртэл үргэлжлээд буй чингэлэгүүдийн ачааллыг бууруулах зорилго агуулж байна.

АНУ-ын далайн боомтуудад түгжрэл үүсгээд буй бараа бүтээгдэхүүнүүд нь инфляцийн өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй дэлхий дахины далайн тээврийн салбарт дахин анхаарал хандуулахад хүргэв.

Дэлхийн өнцөг булан бүрт бараа бүтээгдэхүүний 90 хувь нь зорьсон газартаа хүрэхийн тулд далайг гаталдаг тул уг салбарын ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Далайн тээвэр нь бүх цаг үеийн туршид эдийн засаг болон цэрэг армийн гол зорилтот цэг байсаар ирсэн. Газарзүйн их нээлтийн эрин үе буюу 18 дугаар зуунаас хойш дэлхийн улс орнууд далайн тээврийн гарцаа найдвартай хамгаалалтанд байлгах нь тухайн улс үндэстний тусгаар тогтнолоо хадгалах гол эх үүсвэр нь байлаа.

Дотоод болон гадаадын далайн тээврийн салбарт Хятадын хөрөнгө оруулалт эн тэнцүү нэмэгдэж байгаа нь геополитикийн өрсөлдөгчдийн санааг зовоосоор байна.

Хятадын далайн боомтуудын тоо нэмэгдэж буйгаас гадна тус улс нь далайн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, дэлхийн далайн тээврийн чингэлэгийн 96 хувь, хөлөг онгоцноос эрэг рүү ачаа буулгагч краны 80 хувийг Хятадад үйлдвэрлэдэг. Мөн тус улс нь 2020 онд гэхэд дэлхийн хөлөг онгоцны захиалгын 48 хувийг хүлээж авсан байна. Цаашилбал дэлхийн хоёр дахь том худалдааны хөлөг онгоцны флот Хятадад байдаг. АНУ-ын Тэнгисийн цэргийн тагнуулын албанаас мэдэгдсэнээр, Хятад улс байлдааны хөлөг онгоцны тоогоороо АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том тэнгисийн цэргийн флоттой болсон гэжээ. Эндээс харвал Хятад улс цаашид улам хүчирхэгжиж, дэлхий дахинд нөлөөгөө тэлэх нь ойлгомжтой.

Өнгөрсөн зуунд харьцангуй дотооддоо чиглэсэн бодлогыг баримталдаг байсан Хятад улс эдийн засгийн ашиг сонирхол нь өдгөө хил хязгаараас давж, улам бүр өргөжиж байна.

Хятадын далай тэнгисийн худалдааны салбар дахь сүүлийн 10 жилийн ноёрхол нь тэдэнд асар их үр өгөөжөө өгсөн. Хөгжлийн энэ үе шатыг санамсаргүй нөхцөл байдлын үр дүн биш, болгоомжтой, стратеги төлөвлөлтийн үр дүн юм гэж албаны хүмүүс дүгнэж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ СТРАТЕГИ

BEIJING, CHINA – OCTOBER 27: A Chinese soldier stands guard in front of Tiananmen Gate outside the Forbidden City on October 27, 2014 in Beijing, China. (Photo by Kevin Frayer/Getty Images)

Хятадын удирдагч Ши Жиньпин 2013 онд “Бүс ба зам” санаачилгаа анх танилцуулж байв. Гурван тив, 60 орчим улсыг хамарсан хэчнээн триллион ам.долларын хөрөнгө оруулалттай уг санаачилга нь Хятадыг бүс нутгийн худалдааны замуудын төвлөрсөн цэг болгохын зэрэгцээ улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Уг санаачилгыг Ши тэргүүтэй Хятадын эрх баригчид “Шинэ Торгоны зам” гэж нэрийджээ.

“Бүс ба зам” санаачилга нь үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхний хэсэг нь хуурай газарт тулгуурласан эдийн засгийн бүс юм. Энэ нь далайд гарцгүй төв Азийн орнуудад хурдны зам, төмөр зам, хий дамжуулах хоолой, газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан станц, уурхай, аж үйлдвэрийн парк барьж өгөх замаар Хятад руу орж гарах бараа бүтээгдэхүүний урсгалыг амар хялбараар шийдэх зорилготой.

Харин хоёр дахь хэсэг нь далайн тээвэрт суурилсан эдийн засгийн бүс юм. Энэ нь Хятад руу орж гарах худалдааны урсгалыг чиглүүлдэг олон олон боомт, усан замуудад зориулсан бодлого юм. Энэ бодлогоос дүгнэхэд Хятад улсын далайн тээврийн бодлого Энэтхэг-Номхон далайгаар хязгаарлагдахгүй, бүх дэлхийг чиглэж буй нь илэрхий.

ДЭЛХИЙ ДАХИНЫ ДАЛАЙН ТЭЭВРИЙН БООМТУУДАД ОРУУЛСАН ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Хятад улсад өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй 10 боомтын долоо нь байрлаж байна. Мөн дотоодын тээврийн дэд бүтэцээс гадна ойролцоогоор 63 оронд 100 гаруй боомтуудыг эзэмшдэг. Хятадын хилийн боомтуудын 80 гаруй хувийг “China Ocean Shipping Company”, “China Merchants Group”, “CK Hutchison Holdings” гэсэн гурван том компани эзэмшдэг. “CK Hutchison Holdings” нь Хонгконгод төвтэй хувийн хэвшлийн компани бөгөөд нөгөө хоёр нь төрийн эзэмшилд байдаг. Төрөөс далайн тээврийн салбарт 2010-2018 оны хугацаанд нийт 132 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Энэтхэг-Номхон далайн бүсд Хятадын боомтын өргөтгөл хийгдсэн томоохон жишээ бол Шир Ланка дахь Хамбантота боомтыг 99 жилийн хугацаатай түрээсэлсэн явдал юм. Түүнчлэн Пакистаны Гвадар боомтыг 40 жилийн хугацаатай түрээсэлж, Жибути боомтод 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Жибути боомт нь Адены булан ба Улаан тэнгис хооронд байрладаг Хятадын цэргийн стратегийн гол бааз юм.

Хятадын “Harbor Engineering” компани Египетийн Сохна боомт дээр 2018 онд терминалын барилгын ажил эхлүүлсэн. Энэ боомт нь худалдааны өөр нэг томоохон цэг болох Суэцийн сувгийн ойролцоо байрладаг.

Европ болон Газар дундын тэнгисийн орнуудын хувьд боомтын үйл ажиллагааных нь аравны нэг хувийг Хятад улс хянадаг гэсэн тооцоолол бий. Эдгээр боомтуудаас дурдвал, Францын “Le Havre”, “Dunkirk”, Бельгийн “Antwerp”, “Bruges”, Италийн “Vado port” зэрэг олон боомтууд орно.

Өмнөд Америкт ч Хятад улс боомт эзэмшиж, далайн тээврийн нөлөөгөө тэлсээр байна. Тухайлбал, Хятадын Харилцаа холбооны барилгын компаниас 2015 онд Куба улсын хоёр дахь том боомт “Santiago de Cuba”-д 120 сая ам.долларын зээл олгосон. Мөн Хятадын “CMG” компани Бразилийн хамгийн том боомт болох “TCP Participaccoes SA”-ийн хувьцааны 90 хувийг 2017 онд худалдаж авсан.

Энэ мэтчилэн Хятад улс дэлхийн олон орнуудад далайн тээврийн бодлогоо тэлсээр байна. Хамгийн сонирхолтой нь АНУ ч Хятадаас боомтын хөрөнгө оруулалт авч байжээ. Тодруулбал, Хятадын хоёр аж ахуйн нэгж АНУ-ын таван боомтын хувьцааг эзэмшдэг. Эдгээр таван боомт нь байрлалын хувьд “Houston”, “South Florida”, “Seattle”, “Los Angeles” болон “Long Beach”-д байдаг.

Хоёр улсын хоорондын харилцаа улам бүр тогтворгүй болж буй энэ үед Хятад далайн тээврийн салбарт ноёрхож байгаа нь ирээдүйд илүү ноцтой үр дагаварыг авчирж ч болзошгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж