Амралт эхэлсэн ч гэр хорооллын цэцэрлэгийн ачаалал буурсангүй

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

Амралт эхэлсэн ч гэр хорооллын цэцэрлэгийн ачаалал буурсангүй

Амралт эхэлсэн ч гэр хорооллын цэцэрлэгийн ачаалал буурсангүй

Томуугийн улирал, "омикрон" хувилбарын тархалт зэргээс сэргийлж цэцэрлэг, сургуулийн амралтыг наашлуулах шийдвэрийг БШУЯ-наас гарсан. Гэхдээ хүүхдээ харах хүнгүй, цэцэрлэгт явуулах хүмүүст зориулж энэ хугацаанд холимог анги ажиллуулахаар болсон билээ. Тиймээс нийслэлийн цэцэрлэгүүдийн ачаалал, хүүхдүүдийн ирц ямар байгааг сурвалжиллаа.

Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудлын замын уулзвар дээр байрлах 171-р цэцэрлэгээр орлоо. Өнгө, өнгийн чимэглэлээр хана, таазаа гоёж, шинэ жилийн уур амьсгал бүрдүүлжээ. Унтлагын цаг нь таарсан тул цэцэрлэг анир чимээгүй агаад хааяа гал тогооны өрөөнөөс сав суулганы дуу гарах аж. Ангийн үүдээр  шагайвал хүүхдүүд хоорондоо зай барин унтаж байв. Зарим дэггүй нөхдүүд унталгүй хөрвөөх нь харагдав.

Тус цэцэрлэг есдүгээр сарын 1-нд 4-5 настнуудын таван бүлэгтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн ч дөрвөн сайдын хамтарсан тушаалын дараагаар дөрвөн холимог бүлэгтэй болжээ. Энэ талаар 171-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Болормаа ярихдаа “Сайд нарын хамтарсан тушаалын дараагаар 38 эцэг, эх хүүхдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт явуулах хүсэлтээ гаргасан. Мөн багш ажилчдын таван хүүхэд нэмэгдсэн. Ингээд одоогоор 43 хүүхэд байна. Нэг ангид 10-12 хүүхэд байхаар зохион байгуулалт хийсэн. Үндсэндээ дөрвөн бүлэг болсон” гэв.

Тус цэцэрлэгийн ачаалал ердийн үеийнхээс нэг их буураагүй учир багш, ажилчид хэвийн ажлаа үргэлжлүүлж байна.

Гэрт нь хүүхэд харах хүнтэй эцэг эхчүүд өвлийн улиралд хүүхдээ цэцэрлэгт явуулахаас илүү гэрт нь байлгадаг. Гэхдээ гэрт нь харах хүнгүй айлын ганц хүүхдүүд амралтын хугацаанд цэцэрлэгтээ үргэлжлүүлэн явж байгаа аж.

Мөн өвлийн хүйтэнд гэртээ хоол, ундгүй даарч, зутарч байхаар дулаахан, өдрийн гурван хоолтой цэцэрлэгт хүүхдээ явуулах хүсэлтэй хүмүүс ч байгаа аж.

Гэр хорооллын цэцэрлэгтэй харьцуулахад хотын төвд байрлах хувийн болон улсын цэцэрлэгүүдийн хүүхдийн тоо илт буурч, ачаалал нь багасчээ. Дөлгөөн нуурын уулзвар дээр байрлах “Ногоон алим” цэцэрлэг бэлтгэл, бэлтгэл-холимог, ахлах гэсэн гурван бүлэгтэй хичээлийн шинэ жилийг эхлүүлсэн ч өдгөө ганцхан холимог бүлэгтэй болжээ. Унтлагын цаг дуусах дөхөж байсан тул тус цэцэрлэгийн гал тогоо хүүхдүүдийн оройн цайг бэлтгэн их л ажилтай байгаа харагдана.

Хүүхдүүдээ унтуулчхаад сууж буй бэлтгэл бүлгийн багш Х.Даваадулам  “Манай хүүхдүүдийн ихэнхи нь  амарсан. Гол шалтгаан нь ах, эгч нарынх нь хичээл сургууль амарсан мөн ханиад томууны улирал эхэлж байна. Одоо 4-5 насны 25 хүүхэдтэй нэг холимог бүлэг хоёр ахлах, нэг туслах багштай ажиллаж байгаа” гэлээ.

Хэрэв эцэг эхчүүд нэмж хүсэлт гаргавал дахин нэг холимог бүлэг үүсгэх гэнэ. Мөн багшийн хэлснээр амралтаа авсан сургуулийн өмнөх бэлтгэлийн бүлгийн хүүхдүүдэд гэрээр нь хэвлэмэл дасгал ажлуудыг өгсөн аж.

Их дэлгүүрийн урд байрлах 40-р цэцэрлэг рүү ороход унтлагын цаг нь дөнгөж дууссан нойрмог багачууд угтав. Тогооч эгч нарынхаа амттай цайг хүлээнгээ ангидаа тоглож байгаа үзэгдэнэ.

Тус цэцэрлэгийн арга зүйч Н.Отгонтуул “2021-2022 оны хичээлийн жилд манай цэцэрлэгт 4-5 насны 79 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд дөрвөн бүлгээр хичээллэж байсан. Дөрвөн сайдын хамтарсан тушаал гарсны дараа манай цэцэрлэгт үргэлжлүүлэн сурах хүсэлтээ илгээсэн 20 хүүхэд байсан. Ийнхүү одоо нэг бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 59 хүүхэд нь амрах хүсэлтээ өгсөн байна” гэлээ.

Цэцэрлэгт явах хүүхдүүдийн тоо эрс буурсан учир нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ өсчээ.

Багш ажилчдын амралтын талаар түүнээс тодруулахад "Анги, бүлэггүй болсон багш нар маань сургалтын хөтөлбөрөө боловсруулж, цахим сангаа баяжуулж хэвийн ажиллаж байна. Хоёрдугаар сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэл ажлаа хангаж байгаа" гэв.

Мөн холимог бүлэгт явж буй хүүхэд цэцэрлэгтээ нэг өдөр ирэхгүй бол цаашид хүлээн авахгүй гэх мэдээ цахим орчинд тархсан. Энэ талаар тэрбээр “Тийм зүйл байхгүй. Хүүхэд ирье гэж хүссэн өдрөө ирэх боломжтой. Хүсэлтээ өгсөн бол өдөр бүр явах ёстой гэх шаардлагыг тавиагүй" гэв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ долоо хоногийн эхээр гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60435 хүүхэд амралт нь эхэлсэн ч сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4-5 настай сурагчдын 33.1 хувь юм. Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 мянга нь дөрвөн настай, 28 мянга нь таван настай суралцагч аж.
Хэдийгээр сургууль амарч, цэцэрлэгтээ явах хүүхдийн тоо цөөрсөн ч багш нар амраагүй, тэд сургалтын хөтөлбөрөө боловсруулах, хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ хангах гээд завгүй байгааг  цэцэрлэгийн удирдлагууд хэлж байлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж