"Бамбарууш" кафе хэзээ ажиллаж эхлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.12.23-нд нийтлэгдсэн

"Бамбарууш" кафе хэзээ ажиллаж эхлэх вэ?

"Бамбарууш" кафе хэзээ ажиллаж эхлэх вэ?

Социализмын үеийн хүүхдүүдийн орох дуртай ганц газар “Бамбарууш” кафег эргэн ажиллуулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сарын 1-нд мэдэгдсэн. Төв номын сангийн хойно байрладаг энэ барилгад одоо “Эвсэг” ноолууран бүтээгдэхүүний дэлгүүр ажилладаг.

Ерөнхий сайд хэлэхдээ  “Бамбарууш” кафе нь есдүгээр сарын 1-нээс хүүхэд багачуудад үйлчилж эхэлнэ гэж байв. Гэвч өнөөдрийг хүртэл ноолууран хувцасны дэлгүүр ажилласан хэвээр байна.

“Бамбарууш” кафе хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэх талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодрууллаа. Тэрбээр “Хүүхдийн зориулалтын барилга, байгууламжуудыг зориулалтаар нь ашиглая гэдэг уриалгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 1-нд гаргасан. Ингэснээр төрийн өмчийн хүүхдийн төлөө байгууллагуудын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн байдаг.

Харин хувийн хэвшилд шилжсэн барилгуудын хувьд тухайн эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд хандан энэ чиглэлээр уриалга гаргасан. Энэ хүрээнд “Бамбарууш” кафег өмнөх зориулалтаар нь үйл ажиллагаа явуулахаар болсон. Тухайн барилгыг эзэмшиж буй “Моннис” компани нь цар тахалтай холбоотойгоор засварын ажил нь удааширч байгаа болов уу. Группийн удирдлага Засгийн газрын уриалгыг дэмжиж, өнгөрсөн есдүгээр сардаа багтаж, засвар хийхээ мэдэгдэж байсан юм” гэв.

Уг барилга нь хувьчлагдаж, таван компани дамжин, одоо “Моннис” группийн эзэмшилд байгаа аж. Тус группийн зүгээс Ерөнхий сайдын уриалгыг дэмжиж, олон давхар оффис барихаас илүүтэй хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн газар дээр нь хоёр давхар орчин үеийн кафе барих сурагтай.

Тухайн үед “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар Япон улсын жишгээр орчин үеийн хүүхдийн кафе барьж байгуулна гэж амласан. Тухайн үед Ерөнхий сайд “Нэг хэсэг баар ч байсан, дэлгүүр ч байсан, гэхдээ л нурчихалгүй, аж ахуйн нэгж дамжаад яваад байсан газрыг “Моннис” группийн хамт олон буцаагаад “Бамбарууш” кафе болгож, бидний хүүхэд насны дурсамжийг авчирсан төдийгүй, дараа дараагийн хүүхдүүдэд “Бамбарууш” кафетай холбоотой дурсамж бэлэглэхээр шийдсэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Цаашдаа Засгийн газар хүүхдийн сайн сайхны төлөө, залуучуудын сайн сайхны төлөө аливаа санаачилгыг дэмжиж, хүүхдийн нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллана” гэсэн юм.

НЭРТ АРХИТЕКТОР Б.ЧИМЭД “БАМБАРУУШ” КАФЕНЫ ЗУРГИЙГ ГАРГАЖЭЭ

Монголын урчуудын эвлэлийн хорооны захиалгаар архитектор Б.Чимэд “Бамбарууш” кафены зураг төслийг нь боловсруулжээ. Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1965 онд кафег барьсан түүхтэй.

Нэрт архитектор Б.Чимэдийн архитектурын бүтээлүүдийн нэг бол Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим, кафе бүхий цогцолбор барилга юм. Цогцолбор барилгын кафе хэсгийг монгол гэртэй ижил байхаар төлөвлөжээ.

Энэ бүтээн байгуулалтыг Хүүхдийн фондоор барьсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж