Хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг “өмгөөлсөн” прокурорт гомдолтой байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг “өмгөөлсөн” прокурорт гомдолтой байна гэв

Хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг “өмгөөлсөн” прокурорт гомдолтой байна гэв

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн У-гийн гэрийн хаалгыг өнгөрсөн сарын 23-ны өдөр эвдлэн орж, эд хогшлыг нь хулгайлсан хэрэг гарчээ. Иргэн У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийт зургаан хүний хурууны хээ олж илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 10 жилийн өмнө У-гаас салж, гэрлэлтээ цуцлуулсан Б.Билгүүн гэгч бусадтай бүлэглэн, энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баттогтох 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хохирогч У-гийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд хохирогч У тус дүүргийн Прокурорын газарт гомдол гаргажээ. Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямсүрэн хууль бус шийдвэр гаргасан талаар иргэн У мэдээлэв.

Тэрбээр хохирогч У-д өгсөн хариу мэдэгдэх хуудастаа “…Тухайн эд зүйлийг таны салсан нөхөр Б.Билгүүн “Панда” ачилтын компанийг хөлслөн авч явсан болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу орон сууцанд байх гэрийн эд хөрөнгийг хэн авах эсэх маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна” гэжээ.

Арван жилийн өмнө гэр бүл цуцлах шүүх хурал дээр иргэн Б.Билгүүн ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн хэлж, охиноо асран хамгаалах эрхийг У-д өгсөн байна. Тиймээс иргэн У “Гэр бүл цуцлуулснаас хойш 10 жил өнгөрсний дараа бусадтай бүлэглэн, зөвшөөрөлгүй гэрт нэвтрэн орж, эд зүйлсийг минь хулгайлсан Б.Билгүүнийг “зөвтгөсөн” шийдвэр гаргасан Д.Нямсүрэн прокурорт маш их гомдолтой байна” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж