Ипотекийн зээлийг зургаан сараар хойшлуулах эсэх асуудлаар өнөөдөр /2021.12.22/ Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ гэж мэдээлсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газар цар тахлын хуулийг зургаан сараар сунгах саналыг өнөөдөр УИХ-д хүргүүлэхээр шийдлээ. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон хүүг хуулийн үйлчлэх хугацаанд сунгаж болно гэж тусгасан. Энэ заалт хэвээрээ, зургаан сараар сунгах саналыг Засгийн газар өргөн барьж байна гэсэн үг. Зээлдэгчдийн хувьд энэ хугацаанд үндсэн төлбөр, хүүгээ төлж болно. Тэгснээр зээлийн хугацаа нь хойшлохгүй. Өөрсдийн нэр дээр хурдан өмчилж авна гэсэн үг.
Монголбанкнаас мэдээлэл хийснийг би сонссон. Банкны системд хяналт тавьж буй институцын хувьд тийм тайлбар хэлэхээс аргагүй. Гэхдээ Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд ипотекийн зээлийг сунгах санал гаргасан. Бид энэ саналаа ч дэмжинэ. УИХ дахь МАН-ын бүлэг ч дэмжихээ илэрхийлсэн.
Хоёр жил зээлийн хугацааг сунгасан. Одоо нэмээд зургаан сараар сунгах гэж байна. Энэ хугацаанд арилжааны банкуудыг алдагдалд оруулаагүй. Тиймээс энэ удаа ч гэсэн ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж бодож байна. Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн нэгд ипотекийн зээл багтаж байгаа. Урьд өмнө нь ипотекийн зээл хэзээ ч ийм өндөр хэмжээнд гарч байгаагүй. Бараг 750 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарлаа. Өмнө нь бас хугацааг нь сунгаж байсан. Тэгэхээр зээлийн хугацааг сунгаснаас болж, зээл удаашрах асуудал гарахгүй. Хэрвээ иргэд төлбөрийн чадамжтай бол зээлээ төлөөд явсан нь дээр. Хугацааг сунгасан хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөр хуримтлагдахгүй.
Холбоотой мэдээ