Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх талаар хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2021.12.22) боллоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нээж хэлсэн үгэндээ “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Тус хуулийг шинэчлэн баталсан гол зорилтуудын нэг нь согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж буй үйлдэл бус, харин түүнийг өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэйг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэх, түүнчлэн эмчлүүлэгч өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжийг хуульчилсан явдал юм.

2000 онд батлагдсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд эмчлүүлэгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Албадан хөдөлмөрийг устгах тухай олон улсын конвенцид нийцүүлэх нь зүйн хэрэг гэж үзэн албадан хөдөлмөр хийлгэх асуудлыг хассан. Эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай эмчлэх зохицуулалт мөн тус хуульд орсон. Эмчилгээний үр дүн болон цаашид хэрхэн сайжруулах талаар энэ хэлэлцүүлгээр санал солилцоё.

Тус хуульд орсон бас нэг зарчмын өөрчлөлт бол албадан эмчлэх эмнэлэг нь эзэмшсэн мэргэжилгүй, ажил эрхэлдэггүй эмчлүүлэгчдэд зориулж мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнд мэргэжлийн үнэмлэх олгох, хэрэв ажил эрхэлдэг хүн албадан эмчлүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эргүүлэн авах баталгааг хуульчилсан бөгөөд үүний хэрэгжилтийг ч мөн өнөөдөр хэлэлцэх болно.

Засгийн газраас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байна” гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тогтоолын төсөл болон хэлэлцүүлгийн зорилгын талаар мэдээлэл өгөв.

Үргэлжлүүлэн “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, шийдвэрлэх асуудал”, “Донтох эмгэгийн тусламж үйлчилгээний байдал, цаашид анхаарах асуудал”, “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх хууль тогтоомжийн хэрэгжилт, прокурорын хяналт”, “Архины хамааралтай хүний аюулгүй байдлыг хамгаалах, эмчилгээ, үйлчилгээнд хийсэн зарим судалгаа шинжилгээ, санал дүгнэлт” сэдвээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавилаа.

Дараа нь хэлэлцүүлгийн зорилго болон илтгэлүүдтэй холбогдуулж оролцогчид мөн асуулт, хариулт өрнүүлж, саналаа хэлэв. Оролцогчид “албадан эмчилгээ” гэдэг агуулгыг “хүний аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлмөр эрхлэх ур чадварт сургах, эмчилгээ, үйлчилгээ” гэсэн байдлаар өөрчлөх, эмийн болон эмийн бус, товчоор хэлбэл мэдлэгийн эмчилгээ хийдэг болох, “архины зөв зохистой хэрэглээг бий болгох” гэдэг хэллэг архины байнгын хэрэглээг дэмжсэн утгатай болоод буй учир ийм хэллэгийг бодлого, хуульд тусгахгүй байх гэсэн саналуудыг хэлж байв.

Мөн албадан эмчилгээнд санхүүжилт хүрэлцдэггүй  нь эмчилгээний үр дүн, чанарт сөргөөр нөлөөлдөг учир стандарт эмчилгээнд тохирсон санхүүжилттэй болох, санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, мэргэсэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг бодлогоор бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллахыг дэмжих, эмчилгээ явуулах байрыг эмчилгээний зорилгод нийцүүлж өөрчлөх, шинэчлэх, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эмчлүүлэгчдийг хөдөлмөрт сургах гэсэн агуулгыг хууль тогтоомжид тусгах талаар саналуудыг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн цаашид ямар бодлогоор согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх вэ, яаж монгол хүний удмын санг хамгаалах вэ гэдэг санал, зөвлөмжийг гаргахаар ажиллаж буйг тэмдэглэв.

Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарНийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газарСэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвНаркологийн төвМонголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага зэрэг согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаад байгаа асуудлыг хамгийн сайн мэддэг байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж