“Тарьсан модоо 3-5 жил арчлан ургуулах шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

“Тарьсан модоо 3-5 жил арчлан ургуулах шаардлагатай”

ШУТИС-ийн докторант, "УБТ Гарден" ХХК-ийн Ерөнхий инженер Н.Баяржавхлантэй ярилцлаа.

-Танай компани мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, нилээд олон жил болж байна. Та манай уншигчдад юуны өмнө Монгол орны ойн тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол орны нутаг дэвсгэрийг хойноос урагш ойт хээр, хээр, говь цөл гэж байгалийн гурван том бүсэд хуваадаг. Монгол орны ой нь хойд хэсэгтээ зонхилон ургадаг. Энэ нь Сибирийн их тайгын үргэлжлэл юм. Манай орны уур амьсгал, хөрсний үржил шимийг авч үзвэл бүхэлдээ эх газрын эрс тэс, хүнд ширүүн чанартай агаар хөрс нь их хуурай, өвөлдөө их хүйтэн, зун их халуун, хавар их салхитай, намар эрт цочир хүйтэрч ургамал ургах хугацаа богино мод ургахад хэцүү байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлтэй юм.

Мод болон модлог ургамал нь ургах орчин сайтай газар мод хэлбэртэй, урт насладаг бол ургах орчин муутай нөхцөлд хэлбэр өөрчлөгдөж, богино насладаг. Манай орны хангай хээр говь цөл хаа сайгүй тархан ургах чадвартай мод бол хайлаас юм. Мод сөөгний төрөл зүйл нь байгалийн бүс, ургах нөхцөлөө дагаад өөр өөр байдаг. Жишээлбэл: ойт хээрийн бүсэд шинэс, хуш нарс, гацуур, жодоо, улиангар, хус зэрэг мод зонхилон, нохойн хошуу, арц, улаагана, тавилгана, боролзгоно зэрэг сөөг элбэг ургана. Голын дагуу өрөл монос, долоогоно, улиас, чацаргана зэрэг навчит мод ургана. Хээрийн бүс модлог ургамал харьцангуй бага бөгөөд хайлаас, голын дагуу бургас, уулсаар улиангар, бүйлс ургана. Говь цөлийн бүсэд заг зонхилон сухай, тоорой, жигд, харгана ургана. Иймд бүс нутаг бүрт нь тохирсон мод сөөг тарих хэрэгтэй.

-Танай компанийн хувьд нэг жилд хичнээн тарьц суулгаж үржүүлдэг вэ?

-Манай компани жилд ойролцоогоор 500 мянга орчим мод үрээр тарьдаг. Бид ажиллаж байгаа хугацаандаа жилд дунджаар 300-600 мянган мод ойжуулалт болон тарилтын ажилд зориулан борлуулалтад гаргаж байна. 2021 оны хавраас эхлэн үрийн тарилт хийх талбайгаа нэмэгдүүлэн тарилт хийсэн. Манайх нийт хүчин чадлаараа үрийн тарилт хийх талбайгаа нэмэгдүүлэн ажиллавал жилд 8-10 сая хүртэл тарьц суулгац ургуулах боломжтой. Бид 2022 оны хавраас эхлэн нэн ховор болон ховордсон моддыг үрээр тарьж үржүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Модыг үрээр нь тарьдаг гэж дууллаа. Модны үрээ хаанаас бэлтгэдэг вэ?

-Бид хотын ногоон бүс болон Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод, Дорноговь, Баянхонгор зэрэг  аймгуудын ойн сангаас 5-10 сар хүртэл модны үрээ түүж, тарилтад бэлтгэн тариалдаг.

-Мод үржүүлгийн газар байгуулах, мод үрээр тарих туршлагаа бусадтай хуваалцаж байна уу? 

-Бид мод үржүүлгийн чиглэлээр ажиллаад 10-аад жил болсон байна. Ирэх жилээс бид мод тарих, мод үржүүлгийн газар байгуулах гэж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид зориулсан анхан шатны сургалт явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Онол дадлага хосолсон сургалт хийнэ. Ер нь МҮГ байгуулахад анхаарах зүйл бол аль бүс нутагт тарих зорилготой байгаагаас хамаарч бүс нутагт нь тохирсон мод бутыг тарих, хүлэмжид болон ил талбайд тарих, хөрс боловсруулалт,  усалгааны оновчтой шийдэл зэргийг маш сайн тооцоолох хэрэгтэй.

-Импортын суулгац оруулж ирэх талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Импортоор мод оруулж ирэхгүй байх, хориглох хэрэгтэй. Гаднын мод манай уур амьсгал орчин нөхцөлд дасан зохицох нөхцөл маш бага байдаг. Гаднаас орж ирж байгаа модны үндэс, хөрс шороонд нь янз бүрийн хортон шавж орж ирэх аюултай.

-Хүмүүс мод тарих, услах нарийн технологийг тэр бүр мэддэггүй. Мэргэжлийн хүний хувьд нарийн зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүмүүс өндөр мод сонирхоод байдаг. Энэ нь өөрөө маш их эрсдэлтэй, зардал өндөр, хэцүү ажил. Модыг зориулалтын дагуу стандартын шаардлагад нийцсэн 3-8 насны суулгацаар тарих хэрэгтэй. Сайн ургуулна гэсэн сэтгэл гаргаж тарьж арчилвал мод сайхан ургадаг. Модны сонголтоо зөв хийж тухайн худалдаж авсан газраасаа сайн зөвлөгөө авч тарих хэрэгтэй.

-Модыг суулгаад л болчихдог гэж ойлгох нь бий. Модоо суулгаснаас хойш хэрхэн арчилж тордох вэ?

-Манайхан модыг зөвхөн хавар, намар тарьдаг гэж ойлгодог. Гэхдээ бортогод үржүүлсэн хүчирхэг үндэсний системтэй модыг дөрвөн сарын сүүлээс 10 сарын сүүл хүртэл ургамал ургалтын хугацаанд тарих боломжтой. Бид сүүлийн 7-8 жил ийм мод тарьж ургуулж байна. Мод, сөөг суулгаснаас 30-45 хоногийн дотор долоо хоногт хоёр удаа нэг модонд 70-90 л ус, сөөгөнд 40-50 л усаар услана. Мод бүрийн ерөнхий арчилгаа бол усалгааны горим алдахгүй услах, бордох шаардлагатай үед нь бордоо хийх, салхи болон гадна нөлөө /мал болон мэрэгч амьтан/-нөөс хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. Мөн модонд цэнэг усалгаа маш их хэрэгтэй. Манайхан цэнэг усалгаа хийгээгүйгээс болж суулгасан модоо үхүүлдэг. Цэнэг усалгааг хавар 4 сарын эхээр намар 10 сарын сүүл 11 сарын эхээр хийнэ. Энэ үед нэг модыг 80-100 л усаар усална. Ер нь мод тариад эхний 3-5 жил маш сайн усалж арчлах хэрэгтэй.

-Танай компанийн тарьж ургуулж байгаа модны онцлог юу вэ?

-Бид ил болон далд үндэсний системтэй, бортоготой тарьц суулгацыг үрээр тарьж ургуулж байна. Далд үндэсний систем буюу бортоготой мод нь хэзээ ч тарих боломжтой, хялгасан үндэс сайтай бөгөөд шилжүүлэн суулгахад 95 хувийн амьдралтын хувьтай байна. Үндэсний систем сайтай тарьцууд нь шилжүүлэн суулгасан газартаа хурдан дасан зохицож, цаашдын өсөлт нь ердийн ил үндэсний системтэй тарьцтай харьцуулахад илүү хурдан ургалттай байдаг. Цаг агаарын хүнд нөхцөлд ч 90-ээс дээш хувийн ургалттай байдаг. Ил үндэсний системтэй тарьц суулгацыг хавар, намар л шилжүүлэн суулгаж тарих боломжтой байдаг бол далд үндэсний системтэй тарьц суулгацыг 6, 7, 8-р сард бороо чийг ихтэй үеэр ч тарих боломжтой. Энэ нь нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын амжилтад нөлөөлөх гол хүчин зүйл юм.

-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаарх таны бодол?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай Мод тарих үндэсний өдрийг хуульчилж өгснөөр ард иргэд мод тарих, мод тарьсны ашиг шимийн талаар ерөнхий мэдлэгтэй болсон гэж боддог. Энэ онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тухай зарлиг гаргаснаар хүн болгон мод тарих их ажилд ханцуй шамлан орж байна. Бид мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах, цөлжилтийг сааруулахад маш их хувь нэмэр оруулж чадна. Хамгийн гол нь зөв зохион байгуулалттай, шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөр боловсруулан мэргэжлийн хүмүүсээр удирдуулан маш хариуцлагатайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Тарьсан мод болгоноо цаашид бие даан амьдрах чадвартай болтол нь 3-5 жил арчлан ургуулах шаардлагатай юм. Энэ хөтөлбөр манай ойн болон мод үржүүлгийн салбарын ирээдүйтэй хөгжих хөшүүрэг болно гэж найдаж байна. Бид энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж