Хэрвээ Орос Украин руу довтолбол АНУ экспортын хяналтаа чангатгах талаар ярилцаж байна гэж Байдены засгийн газраас мэдэгдлээ.
Өдгөө хилийн дагуу хэдэн арван мянган цэрэг цуглуулаад буй Орос улс хэрвээ Украин руу довтолбол Байдены засгийн газар эдийн засгийн хориг арга хэмжээнээс гадна экспортын хяналтын арга хэмжээ авах болоод байна. Энэ талаар Мягмар гаригт холбогдох албан тушаалтнууд хуралджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден аливаа цэргийн халдлагаас сэргийлэх үүднээс ийн Оросын эсрэг сүрдүүлсэн хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Нөгөөтэйгүүр Путин Украинд довтлох төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсээр байна.
Экспортын хяналтыг чангатгах арга хэмжээний хүрээнд Орос руу гаргадаг үйлдвэрлэлийн болон хэрэглээний технологийн бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах тухай яригджээ. Ингэснээр Орос улс гар утас, онгоц, автомашины эд анги болон бусад тоног төхөөрөмжүүдийг АНУ-аас импортлох боломжгүй болно. Энэ хориг арга хэмжээ нь Оросын хэрэглэгчид, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдэд томоохон нөлөө үзүүлэх юм.
ОХУ-ын хувьд урьд өмнө ийм хориг арга хэмжээтэй тулгарч байгаагүй. Тэд Хятадын “Huawei” компанийн дэвшилтэт хагас дамжуулагч төхөөрөмжийг импортлохгүйн тулд Ерөнхийлөгч асан Трампын үеэс л АНУ-ын тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, Байдены засгийн газар уг үйл хэргийг үргэлжлүүлж байсан. Оросын гар утасны зах зээлд “Apple”, “Samsung”, “Huawei” зэрэг гаднын компаниудын бүтээгдэхүүн голлох байр суурь эзэлдэг.
АНУ-ын албаны хүмүүс дээрх хориг арга хэмжээг дагалдан гарч болох сөрөг үр дагавруудыг Европ, Азийн түншүүдтэйгээ зөвлөлдөж, шаардлагатай тохиолдолд уялдаа холбоотой ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: REUTERS