Германы канцлер Олаф Шольц болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Мягмар гариг /2021.12.21/-т утсаар Украин болон хоёр орны харилцаа холбоог дахин бататгах талаар ярилцав.
Германы засгийн газраас мэдээлснээр, Шольф Путин нар Украины хил дээрх хурцадмал байдлын талаар санал бодлоо солилцож, ОХУ-ын цэргийн тоо нэмэгдэхтэй зэрэгцэн нөхцөл байдлыг яаж сайжруулах талаар ярилцжээ.
Кремлийн мэдэгдэлд дурдсанаар, Путин АНУ болон НАТО-д санал болгож буй аюулгүй байдлын асуудлаар "нухацтай хэлэлцээ" хийхийг канцлерт уриалав. "Оросын талаас тавьсан бүх асуудлаар нухацтай хэлэлцээ хийнэ гэж найдаж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Украин, Оросын хил дээрх хурцадмал байдал сүүлийн долоо хоногт улам гаарч, одоогоор зүүн Украинтай хиллэдэг бүс нутагт Оросын 100000 орчим цэрэг байгаа гэсэн тооцоо гарчээ.
АНУ Оросыг халдлага төлөвлөж байж магадгүй гэж анхааруулсаар ирсэн ч Москва үүнийг үгүйсгэж байна. Үүний хариуд Европын холбоо Оросыг ямар нэгэн түрэмгийлэл үйлдвэл эдийн засгийн “их хэмжээний” шинэ хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: DW NEWS