Нээлтийн өдөр Завхан Brothers аваргуудыг ялж, ах дүүс гангарав

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Нээлтийн өдөр Завхан Brothers аваргуудыг ялж, ах дүүс гангарав

Нээлтийн өдөр Завхан Brothers аваргуудыг ялж, ах дүүс гангарав

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн 2021-2022 оны улирал өчигдөр /2021.12.21/ Спортын төв ордонд эхэллээ. Энэ улиралд нийт 13 баг аваргын төлөө хүч үзнэ. Нээлтийн өдөр нийтдээ гурван тоглолт болсон бөгөөд халдвар хамгааллын дэглэм дор 50 хувийн дүүргэлттэй явагдав.


Багануур Тулнууд 80 – 85 ШУТИС Шаркс

1994 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр анхдугаар лиг Спортын төв ордонд эхэлж байсан бол 27 жилийн дараа дахин энэхүү өдөр лиг эхлэв. Лигийн шинэ улирлын салхийг хагалж, хоёр дахь жилээ лигт өнгөрүүлж буй Багануур Тулнууд болон эргэн ирсэн ШУТИС Шаркс багууд тоглосон.

Тоглолтын эхлэлийг Тулнууд баг сайн тавьж, онооны тэргүүллийг авсан. Залуучуудаар бүрэлдэхүүнээ зузаатгасан тус багаас энэ өдөр М.Өлзий-Орших бүх тоглогчийг тэргүүлж, 22 оноо, таван бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол түүнд П.Мөнх-Оргил, Г.Нямдорж, Б.Эрхэс нар 10-аас дээш оноо авч, тус хүргэжээ. Гэвч энэ нь ялалт байгуулахад хангалттай байсангүй. Тоглолтын хоёрдугаар хагаст ШУТИС Шаркс баг эргэн ирж, онооны зөрүүг багасгаж, улмаар тэргүүллийг авсан.

Ялангуяа Б.Мөнхбилэг тун тэгш тоглолт толилуулав. Лигийн тэргүүн тоглогч, Хасын Хүлэгүүдийн ахлагч Б.Билгүүний дүү тэрбээр өчигдөр талбайд 32 минут өнгөрүүлэхдээ 15 оноо, самбараас таван бөмбөг авалт, дөрвөн ашигтай дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт гүйцэтгэж, тоглолтын шилдгээр нэрлэгджээ.

ШУТИС Шаркс багаас нийт таван тоглогч 10 болон түүнээс дээш оноо авч, эсрэг багаасаа илүү самбараас бөмбөг авч, ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн аж. Ийнхүү Шаркс гуравдугаар үед авсан тэргүүллээ алдалгүй хадгалсаар улирлыг ялалтаар эхлүүлэв.

Хасын Хүлэгүүд  108 – 92 Эрдэнэтийн Уурхайчид

Нээлтийн өдрийн эхний оргил тоглолт дээд лигийн арвин түүхтэй Хасын Хүлэгүүд болон улирлын өмнөхөн Т.Санчирыг эгнээндээ нэгтгэж, хүчирхэгжсэн Эрдэнэтийн Уурхайчид багуудын дунд болов. Өөрөөр хэлбэл, Билгүүн-Санчир гэх өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн нүүр царай болсон тоглогчдын дуэль болсон.

Тоглолт эхнээсээ л ширүүн өрсөлдөөнтэй, Хүлэгүүдийн ялимгүй давуутай өрнөсөн. Багийн ахлагч Б.Билгүүн үүргээ гүйцэтгэж, 28 оноо, 14 самбараас бөмбөг авалт, долоон ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол энэ улиралд багт нэгдсэн лигийн шилдэг мэргэн буучдын нэг Ц.Азбаяр 23 оноо, багийн цөм тоглогчдын нэг О.Сэргэлэн 15 оноо, долоон ашигтай дамжуулалт тус тус гүйцэтгэжээ.

Эсрэг багаас таван тамирчин 10 болон түүнээс дээш оноо авсан бөгөөд Т.Санчир багаа тэргүүлэн 19 оноо авчээ. Түүний хувьд нийт 24 довтолгооны оролдлогоос зургааг нь амжилттай болгон, ердөө 25 хувьтай довтолсон нь Эрдэнэтийн Уурхайчдын хожигдох гол шалтгаан болов. Хэдийгээр багийн лидер нь тааруу тоглосон ч О.Очирбат, Э.Дорж-Арилд, Г.Ган-Эрдэнэ нар боломжийн тоглолт үзүүлсэн.

Б.Батжавхлан, Н.Золжаргал нар нийлээд 13 довтолгооны оролдлогоос гурвыг нь амжилттай болгов.

Нийт 14 удаа тэргүүлэл солигдсон тоглолтын эцэст Хасын Хүлэгүүд баг ялалт байгуулж, улирлыг хожлоор эхлүүлсэн.

Завхан Brothers 111 – 107 Алдар Танан Гарьд

Аваргууд улирлын эхний тоглолтоо хүчирхэг бүрэлдэхүүнтэй, лигийн шинэ цэрэг "Завхан Brothers" багийн эсрэг хийсэн. Хүч тэнцүү, ур чадвар ижил хоёр багийн тоглолтын эхний үед аваргууд илүүрхсэн бол хоёр болон гуравдугаар үед "Завхан Brothers" баг онооны тэргүүллийг авч, зөрүү үүсгэв.

"Завхан Brothers" багаас Э.Дөлгөөн 33 оноо авч бүх тоглогчийг тэргүүлсэн түүнд Ц.Отгонжаргал 17 оноо, 11 самбараас бөмбөг авалт, М.Баасандорж 23 оноо авч тус хүргэжээ. Ялангуяа сэлгээнээс тоглолтод оролцсон М.Баасандорж чухал мөчүүдэд хэрэгтэй довтолгоонуудаа амжилттай болгон, багтаа онооны тэргүүллийг авчирч байлаа. Харин Алдар Танан Гарьдаас өнгөрсөн улирлын тэргүүн тоглогч А.Тэмүүжин 29 оноо, О.Эрдэнэцогт 19 оноо, М.Тэлмэн 17 оноо, Г.Билгүүн 16 оноо, О.Ууганбаяр 10 оноо тус тус авчээ.

Энэ өдөр Эрдэнэтийн Уурхайчид багийн Г.Ган-Эрдэнэ болон түүний дүү Завхан Brothers  Г.Болор-Эрдэнэ нар Дээд лигийн дебютээ хийсэн бол Б.Билгүүн болон түүний дүү Б.Мөнхбилэг нар тоглолтын шилдгээр шалгарчээ.

Өнөөдөр дараах тоглолтууд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж