Тусгай зөвшөөрөл дагасан төрийн авлига хумигдах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл дагасан төрийн авлига хумигдах уу?

Тусгай зөвшөөрөл дагасан төрийн авлига хумигдах уу?

Бат  гутлын жижигхэн цех ажиллуулдаг.  Цех ажиллуулах зөвшөөрөл авахын тулд цөөнгүй гарын үсэг цуглуулж,  хурган  Хамгийн багадаа 6-10 төрлийн бичиг баримт бүрдүүлсний эцэст дүүргийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан байна. Гэвч ингээд зогсохгүй дараа нь мэргэжлийн хяналтын байцаагчид өдөр алгасахгүй шалгалт хийж, хаана, торгоно, зогсооно гэсэн үгсээр дарамталж эхэлжээ. Энэ бол үйлчилгээний салбар эрхлэгчдэд тохиолддог бодит кейс.

Үүнээс болоод дампуурсан, хаалгаа барьсан нь ч бас цөөнгүй. Авлига өгөхгүй бол албаны хүмүүсийн араанд зуугдана. Захын цагдаа, мэргэжлийн хяналтынхан орж ирээд дээрэлхэнэ. 

Тухайлбал, 2020 оны судалгаанд “Бизнесийн салбарынханд авлига, хээл хахууль хүндрэлтэй, төрийн үйлчилгээ, хүнд суртал бизнест хамгийн их саад болж байгаа”-г онцолжээ. 2020 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан О.Магнай “Би УИХ-ын гишүүн болох юм бол бүх зөвшөөрлийг цуцална. Хүнд суртлыг арилгана. Эдийн засгийн эрх чөлөөг олгоно. Дунд шатны дарга нарын хүнд суртал хэрээс хэтэрсэн” гэж мэдэгдэж байсан удаатай. 

Хотын дарга Д.Сумъяабазар авлигыг цэцэглүүлэгч зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх шийдвэр гаргалаа. Тэрбээр арванхоёрдугаар сарын 20-нд “Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, зочлох үйлчилгээ зэрэг 74 чиглэлийн үйл ажиллагааа явуулахад ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй. Зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжтой”-г дуулгасан. Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн бодит шийдвэр болно гэдэгт иргэд хүлээлттэй байна.

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуйн нэгж байгууллага жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөг зарцуулдаг аж.

Дээрх шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Энд нэг зүйлийг онцлоход, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хуулиар зохицуулдаг учраас баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллагууд тусгай зөвшөөрөл заавал авна. Харин үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардагдахгүй. 

УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ХАЛАМЖ АВДАГ БИШ, ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ БАЙХ ЁСТОЙ

Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-Лаос Улсын жишээг татъя. Манайхаас хөгжил дорой байсан улс яаж хөгжсөнийг бүгд мэдэж байгаа. Тус улсад тодорхой түвшний орлоготой аж ахуйн нэгжүүдэд ямар ч шаардлага тавьдаггүй. Ийм байдлаар бизнес эрхлэгчдээ дэмждэг. Бид ч мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих ёстой. Тэд төрөөс ажлын байр гуйгаагүй, зээл гуйгаагүй. Тийм учраас нэг ч гэсэн хүн өөрөө орлогоо олж, бие даагаад явж байхад төрийн ачаалал маш их хөнгөрнө. Олон шат дамжлага, хүнд суртал хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс бизнес хийх ангилалд бид олон шатлал тавиад байх шаардлага байхгүй. Мэдээж стандарт бол бий. Монгол Улсад 6602 стандарт байна. Нийслэлд 2500 гаруй стандарт мөрдөж буйгаас 40-50 хувь нь хуучирсан.

Тэгэхээр бид стандартын хэм хэмжээг, Улаанбаатар хотын дүрмийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж байна. Нэгдүгээрт, стандарт, дараа нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хэнийг ч нээлттэй, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжоор бид хангах ёстой. Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой. Тиймээс бид суурийг нь тавьж байна. 

ЭЭЛЖИТ БОЛОН ЭЭЛЖИТ БУС ШАЛГАЛТ ХАМГИЙН ТОМ ДАРАМТ БОЛДОГ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН:

-Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Бизнес эрхлэгчид "Covid-19 халдвартай холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ" гэдгийг байнга хөндөж ирсэн. Манай байгууллагын хийсэн хүнд суртлын судалгаагаар, аж ахуйн нэгжүүд төрийн 940 гаруй зөвшөөрөл авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Тэр дундаа хүнд суртлын индекс нийслэлд илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болно. Дээр дурдсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээ санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна.

ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ 50 ХУВИАР ЦӨӨЛНӨ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газар ирэх онд хийгдэх хяналт шалгалтыг цөөлөх бодлого барина. Өөрөөр хэлбэл, ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн  төрийн хяналтын чиглэлийн байгууллагуудаас хийдэг хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлнө. Энэ хүрээнд төр хяналтаа сулруулна гэж ойлгох нь өрөөсгөл. Нүүр тулж биечлэн уулзахаас илүү цахимд суурилсан буюу зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү шилжинэ. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилнэ. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг. Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж