"74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор хүнд суртал, авлигатай тэмцэхэд ахиц гарна"

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

"74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор хүнд суртал, авлигатай тэмцэхэд ахиц гарна"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын шийдвэрээр ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-74 төрлийн худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг олголоо. Энэ шийдвэрийг ямар судалгаан дээр үндэслэж, хэрхэн гаргасан бэ?

-Нэн тэргүүнд, цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн идэвхжилтийг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих зорилгоор энэ шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга нь Үндсэн хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээдэг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “Хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад үйл ажиллагааг хууль, тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлснээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасан. Хуульд ингэж заасан байтал хууль зөрчиж, зөвшөөрөл, зөвшөөрлийн шинж чанартай бичиг баримтыг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс нэхдэг, дарамталдаг байдлыг таслан зогсоох шаардлагатай байсан. Улаанбаатар хотод бүртгэлтэй 18664 худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжид төрөөс дарамт, шахалт үзүүлэх биш, харин ч дэмжиж, хамтран ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Хотын дарга үзэн, дээрх шийдвэрийг гаргасан.

Судалгааны хувьд олон эх сурвалж бий. Жишээ нь “Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн авлигын индексийг боловсруулдаг. 2020 оны авлигын индексийн дүнгээр Монгол Улс 35 оноо авч, 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Мөн Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Doing business” буюу “Бизнес эрхлэхүй 2020” тайлангаар манай улс 190 орноос 81 дүгээрт жагсаж байна. Мөн уг шийдвэрийг гаргахад МҮХАҮТ-ын гаргасан хүнд суртлын индекс, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн “Улаанбаатар хотын захиргааны байгууллагуудаас авдаг зөвшөөрлийн талаарх судалгаа”, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтүүдийг харгалзаж үзсэн. Эдгээр судалгаа, санал, хүсэлт авахад олон мянган худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан гэдгийг хэлье.

Хүчингүй болгож зөвшөөрөл олгож байгаа үйл явц маш хүнд сурталтай, шат дамжлагатай байсан. Ганцхан жишээ хэлэхэд, худалдааны төв ажиллуулахад дунджаар 9 бичиг баримт шаарддаг. Энэ нь цаашаа задраад 30-40 болдог. 8-10 шат дамжлагатай, 5-6 байгууллагад очдог. Зөвшөөрөл олгох хугацаа нь дунджаар таван өдөр байх жишээтэй. Энэ бүрд нааш цааш явах унааны зардал, бичиг баримт бүрдүүлэх зардал гарна. Аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 168 мянган бичиг баримт бүрдүүлдэг гэсэн судалгаа байна. Бичиг баримтыг хувилах, хэвлэх, унааны зардал гээд тооцохоор 191 сая төгрөг хэмнэнэ. Үүний цаана тооцох боломжгүй авлига, хээл хахууль, иргэдийн алдагдсан боломжууд гээд олон зүйл бий. Иргэд, аж ахуйн нэгжүүд цаашид энэ хэмнэсэн зардал, цаг хугацааг үйл ажиллагаагаа сайжруулах, ирээдүйдээ хөрөнгө оруулах, бизнесээ тэлэхэд, өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зарцуулж эхэлнэ гэдэг хамгийн чухал.

Нөгөө талаас хариуцлага чухал. Иргэд маань хууль тогтоомж, стандарт, шаардлагыг мөрдөх ёстой. Мөн төрийн байгууллага, албан хаагчдын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ торгох, дарамтлах гэхээсээ илүү тэдэнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслах, хамтран ажиллах гэх мэт ажлын арга барилаа өөрчлөх шаардлагатай байгаа. Энэ талаар тодорхой үүрэг, даалгаврууд Нийслэлийн Засаг даргын захирамжид туссан. Эхний ээлжид энэ 74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор хүнд суртал, авлигатай тэмцэхэд тодорхой ахиц гарна

-Цаашид энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Авто замын тухай, Барилгын тухай, Газрын тухай гэх мэт хуулиудад заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх, сургууль, цэцэрлэг байгуулах, тамхи худалдах, агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах, зам сэтлэх, орц, гарц гаргах, барилгын үйл ажиллагаа эхлэх, үргэлжлүүлэхэд зөвшөөрөл, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох зэрэг хуулиар зохицуулж байгаа тусгай зөвшөөрөл, зөвшөөрлүүд бий.

Хотын даргын зүгээс цаашид эдгээр тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг хөнгөвчлөх, шаарддаг олон бичиг баримт, тэр тусмаа төрийн байгууллагуудад өөрт нь байгаа бичиг баримтыг шаарддаггүй болох, түргэн шуурхай болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Бид уг асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Нийслэлийн Засаг даргын дэргэд Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн  эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулагдсан гэсэн. Ямар хүмүүсээс бүрдэх вэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд тал талын төлөөлөл байна. Зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахалж ажиллана. Бүрэлдэхүүнд нь одоогоор НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан.

-74 зөвшөөрөл хүчингүй боллоо гэхээр иргэд үүнийг архи, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй андуурч ойлгоод байх шиг байна. Энэ тусдаа ойлголт гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү?

-Дээр хэлсэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардахгүй гэсэн үг. Харин согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэх мэт тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулж байгаа учраас хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авна. Бидний зүгээс эдгээр тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх, цахимжуулах, шаардлагагүй бичиг баримт шаардахыг болиулах ажлыг он гараад, богино хугацаанд шийднэ.

-Иргэдийн дунд гудамжинд хаана ч хамаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж, хоол зарж болох юм байна гэсэн ойлголт байна. Чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж, анхаарах вэ?

-Хууль хяналтын байгууллагууд бүгд ажлаа хэвийн явуулж байна. Улсын хэмжээнд 800 гаруй хууль, 6602 стандарт, мөн олон тооны техникийн зохицуулалт, дүрэм, журмууд мөрдөгдөж байна. Тэгэхээр бид хууль тогтоомж, стандарт, шаардлагын биелэлтэд хяналт тавьдгаараа л тавина. Харин ажлын арга барилын хувьд илүү зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Түрүүний хэлсэнчлэн хаа, хамаагүй биш, стандарт, шаардлагуудад хаана худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн, ямар шаардлага тавигдаж байна, иргэд, аж ахуйн нэгжүүд маань тэдгээр стандарт шаардлагуудаа мөрдөж, төрөөс олгож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаад хамтдаа хөгжмөөр байна. Хоёр талдаа гараад өрсөлдөх, тэмцэх биш, харин төр нь аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн шиг дэмжиж, аж ахуйн нэгж, иргэд нь хууль тогтоомж, стандартаа сайн биелүүлдэг ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал байна. Манай аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллаж, үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хоёулаа хүнсний худалдааны төвөөр жишээ авъя л даа.  Өмнө нь ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тухайн иргэн хэдэн төрлийн зөвшөөрөл авдаг байв. Одоо нэгдүгээр сарын 1-нээс энэ бүхэн яаж өөрчлөгдөх вэ?

-Хүнсний худалдааны төв ажиллуулахын тулд есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Нэг төрлийн бичиг баримтыг нэг байгууллагаас авах гэж очиход тухайн байгууллагын дүрэм журамд нийцүүлэн хөөцөлдөх гэхэд задраад 4-5 бичиг баримт, гарын үсэг  болчихдог. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлага байдаг. Явсаар байгаад есөн бичиг баримт нь 30 болдог. Таван байгууллагаар орох болдог. Энэ бүхэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болно. Иргэд маань харин хууль тогтоомжоо судалж уншиж, стандартаа мөрдөх хэрэгтэй. Бид ч үүнд анхаарч, зөвлөж, хамтарч, дэмжиж ажиллана.

-Зөвшөөрлийг жил бүр сунгуулах шаардлагагүй боллоо гэж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа эхэлсэн газруудын хувьд хугацаагүйгээр үргэлжлүүлнэ гэсэн үг үү?

-Зөвшөөрөл байхгүй болчихоор сунгуулах шаардлагагүй гэсэн үг. Өмнө нь зөвшөөрлийг голчлон нэг жилийн хугацаатай олгодог байсан. Жилийн дараа дахиад л нөгөө олон бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг, албан тушаалтны үүд сахидаг, маш хүнд сурталтай байлаа шүү дээ. Үүнийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр халж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж