Колонкийн стратеги хэр хол явах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Колонкийн стратеги хэр хол явах вэ?

Колонкийн стратеги хэр хол явах вэ?

Сүүлийн саруудад бензин шатахуун тойрсон сэдэв сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн гол сэдэв болоод байна. Зөвхөн хэвлэл ч гэлтгүй нийгэм даяараа хангамж тасардаг, үнэ чөлөөтэй болсон ч колонк бүр ижил үнэтэй шатахууны бодлогыг ойлгохгүй байна. Сүүлийн өдрүүдэд шатахууны чанарын талаар бас шуугиан үүсч байна. Үүнтэй зэрэгцэн хойд хөршөөс манай улсын шатахууны нийлүүлэлтэд оролцох санал гаргасан гэх зэрэг асуудал хөвөрсөөр.

Монгол Улс шатахууны нийлүүлэлтээр хойд хөршөөсөө бүрэн хамааралтай байсаар олон жил болж байна. Удаа дараа үндэсний үйлдвэрлэлтэй болох оролдлого хийсэн ч У.Хүрэлсүхийн засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, Сайншандад боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн. Монголчуудын өөрсдийн үйлдвэртэй болох мөрөөдөл эртнийх. 2001 оноос эхлэн бага хэмжээгээр нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж оролдож, А80 бензин гаргаж байж.

Сүүлийн жилүүдэд 2019 оноос дотооддоо түлш бага хэмжээгээр үйлдвэрлэж, тэр нь Монгол Улсын түлшний нөөцийг тодорхой хувиар бүрдүүлж байсан. Мөн "Роснефть"-ийн үнээс бага бөөний үнээр дотоодын зам, барилга, газар тариалан, замын бизнес эрхлэгчдэд төлбөрийн эргэн төлөлтөөр нийлүүлж байсан нь тэдэнд санхүүгийн маш том дэмжлэг болж байсан төдийгүй дэлхий нийтэд гарсан цар тахлын үед улс орондоо ч нэмэр болж байсан юм.

Гэтэл нефтийн бүтээгдэхүүн гаргаж байсан аж ахуйн нэгжүүдийг колонкийн эздийн захиалгат хуулиар түүхий эдэд нь татвар тавьж, хаалгыг нь бариулсаар хэдэн сар өнгөрлөө. Өнөөдөр дотоодод үйлдвэрлэл явуулж байгаа нэг ч компани байхгүй учир шатахууны чанарт асуудал байна гэж үзвэл колонкийн эздээс л бурууг хайх хэрэгтэй.

Хуурамч шатахуун гэх огт ор үндэсгүй гүтгэлгээр далимдуулж, дотооддоо үйлдвэрлэгчдээ шахаж, түүхий эдэд нь онцгой татвар тавиулсан гаднаас шатахуун оруулж ирдэг колонкийн эздийн стратегээр манай улс хэр хол, хэр удаан явах вэ.

Монгол Улс үндэсний шатахууны үйлдвэртэй болоход хэн дургүй байна вэ?

Саяхнаас эхлэн Сайншандад баригдаж байгаа үйлдвэрийн талаар түүхий нефтийн нөөц байхгүй, дамжуулах хоолой өртөг өндөртэй, ер нь хоосон ажилладаггүй үйлдвэртэй болох нь, энэтхэгчүүдтэй ажиллахад бэрхшээлтэй, хамтарсан төсөл бүтдэггүй гэх зэрэг мэдээлэл цуврах боллоо. Засгийн газар бүх эрсдэл хүндрэлийг тооцоолоод хийж байгаа үндэсний үйлдвэрийн бүтээн байгуулалт хэнд таалагдахгүй байна вэ. Өнгөрсөн хавар үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж буй газрын тосны дайвар бүтээгдэхүүнээс онцгой татвар авах хууль баталсан нь одоо баригдаж буй үндэсний үйлдвэрийг ил цагаан эсэргүүцсэн хэрэг юм.

Монгол Улс шатахуун үйлдвэрлэвэл түүхий эдийг нь импортоор оруулж ирэх нь гарцаагүй. Гэтэл үүн дээр онцгой татвар тавьсан нь ямар бодлого вэ? Дотооддоо үйлдвэрлэх шатахууны түүхий эддээ колонкийн эздийн захиалгаар онцгой татвар тавиад байвал бид хэзээ нэг улсын хамааралтай байдлаасаа салах вэ?

2018 оноос захын боомтуудаар орж ирж байгаа шатахуун онцгой татваргүй, үнэ чөлөөлсөн гээд нефть импортлогчид төр засгаас хангалттай хөнгөлөлт эдэлж байгаа боловч тэд зах зээлийн өрсөлдөөнтэй үнээр худалдан авалт хийж, хэрэглэгчиддээ хүргэх, бензинийхээ стандарт чанарт анхаарахын оронд дотоодод бага хэмжээний дизель түлшийн үйлдвэрлэл хийж, газар тариалан, зам, барилгын салбарт зээлээр олгон эдийн засагт нэмэр болж байсан өрсөлдөгчдийнхөө эсрэг хууль гаргуулан, үндэсний үйлдвэртээ онцгой татвар тавиулж, Монголд дотоодын үйлдвэр байх нөхцөлийг л хааж боох ажил хийж байна.

Дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүнд онцгой татвар тавьчихаад, импортлогчдод захын боомтуудаар онцгой татваргүй шатахуун оруулах боломж олгож байгааг харахад үндэсний үйлдвэрлэлтэй болох санаа зорилго байгаад эргэлзэл төрж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж