SPEAK OUT: Ирэх оны эдийн засгийн байдал Хятадаас хамаарна

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Ирэх оны эдийн засгийн байдал Хятадаас хамаарна

SPEAK OUT: Ирэх оны эдийн засгийн байдал Хятадаас хамаарна

Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямрал ирэх онд үргэлжлэх төлөвтэйг эдийн засагчид онцолж байна. Засгийн газраас 2022 онд эдийн засгийн өсөлт 5 хувьтай байна гэж тооцоолсон нь түүхий эдийн экспортыг өндөр байна гэж үзсэнийх. Гэвч сүүлийн үед олон улсад тархсан Covid-19-ийн омикрон хувилбар эдийн засагт ахиад сөргөөр нөлөөлөх бололтой. Энэ талаарх эдийн засагчдийн байр суурийг хүргэж байна.


ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАРЧ, ДУТУУ АЖЛУУД ОН ДАМНАХ МАГАДЛАЛТАЙ

Эдийн засагч Н.ЭНХБАЯР: 

Одооүүсч буй нөхцөл байдлаас шалтгаалан өмнө нь гаргаж байсан эдийн засгийн төсөөлөл буурна. Европын улс орнууд дахин хөл хорио тогтоож эхэлсэн, халдварын тархалт ирэх саруудад үргэлжлэхээр байна. Ийм нөхцөл байдлаас хамаарч эдийн засаг сэргэж, худалдаа ханган нийлүүлэлтийн сүлжээ хэвэндээ орох төлөв хойшилж байна. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Европын улс орнуудад эдийн засгийн өмнөх төсөөлөл нэлээн буурч болзошгүй. Харин Азийн улс орнуудад эдийн засгийн төсөөлөл харьцангуй  0.1 функтээр буурах төлөвтэй байна.

Ер нь 2022 оны эхний хагас жил амаргүй нөхцөл байдалтай үргэлжилж, гуравдугаар улирлаас сайжрах дүр зурагтай байна. Энэ нь вакцинжуулалттай холбоотой. Дархлаажуулалтаар тэргүүлж буй улс орнуудад ирэх оны нэг, хоёрдугаар улиралд боломжийн түвшинд хүрэхээр байгаа юм.

Монгол Улсын хувьд ирэх оны төсвийг өнгөрсөн аравдугаар сард батлуулсан. Ирэх онд эдийн засгийн өсөлт таван хувьтай, төсвийн орлого 16.4 их наяд төгрөг, зарлага 18.2 их наяд байхаар маш өөдрөг төсөөлсөн. Орлого талдаа төмөр зам ашиглалтад орж, 36.7 сая тонн нүүрс экспортолж, нийлүүлэлт тасалдахгүй гэж үзэж байна. Энэ нь хил дээр ямар ч асуудал үүсэхгүй өдөр бүр 1000 автомашин, сар тутам 3 сая тонн нүүрс экспортлоно гэсэн үг. Гэтэл цар тахлаас өмнө бүх зүйл хэвийн, хилийн асуудалгүй байх үед экспорт 36 сая тонн хүрч байсан.

Тиймээс ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортлох ямар ч боломжгүй. Уг нь Засгийн газар төсөв батлуулахдаа орлогыг бууруулах боломжтой байсан. Тэгэхээр орлогын төсөөлөл илт худлаа болно. Учир нь ирэх оны нэгдүгээр улиралд Хятадад болох өвлийн олимптой холбогдуулан ирэх оны гурван сар хүртэл хил хаалттай байх нь.

Үндсэндээ ирэх оны гуравдугаар сарын 20 хүртэл хил нээгдэхгүй байх. Энэ хугацаанд экспортын хязгаарлалт үргэлжилнэ. Иймд ирэх оны нэгдүгээр улиралд төсвийн орлого тасрах өндөр эрсдэлтэй. Орлогын 50 хувийг бүрдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөл үүсч байна. Нэгдүгээр улиралд цалин, тэтгэвэр, халамж төсвөөс өгсөн ч илүү арга хэмжээний зарлага гаргах боломжгүй. Улмаар ирэх онд яригдаж төсөвлөсөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд бүгд царцах магадлалтай. Өөрөөр хэлбэл, ирэх онд дутуу хийгдэх ажлууд маш их болох нь.

Төсвийн зарлагад сургууль, цэцэрлэг, соёлын төв маш олон бүтээн байгуулалт төлөвлөсөн ч мөнгө нь байхгүй. Дээр нь хилийн нөхцөл байдлаас хамаарч бараа, бүтээгдэхүүний татан авалтын гацалт, хөрөнгө оруулалтын ажлууд он дамнахаар байна.

Энэ нь төсвийг хэт өөдрөгөөр баталсан, түүхий эдийн нийлүүлэлтээс эдийн засаг хамааралтай атал гадаад зах зээлийн нөхцөл байдлыг нарийвчлан судалдаггүй, одоогийн нөхцөл байдлыг мэдсээр байж алдаатай төсөв батлуулж байгаа нь сөрөг үр дагавар нь юм.

ИРЭХ ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БҮРХЭГ БАЙНА

Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН: 

-Ирэх оны эдийн засагт төвөгтэй нөхцөл байдал үүслээ. Гэхдээ экспортын хязгаарлалт үргэлжлэхгүй бол эдийн засгийн хямрал гүнзгийрэхгүй. Хэрэв одоогийнх шиг Хятадын тал хилээ нээхгүй, экспортын хязгаарлалт үргэлжилбэл нөхцөл байдал хүндэрнэ. Яагаад гэвэл улсын төсвийн орлогын дийлэнх нь нүүрсний экспортоос бүрддэг, эдийн засаг нь уул уурхайн салбараас хамааралтай, дотоодод аж үйлдвэрийн салбар нь хөгжиж чадаагүйтэй холбоотой. Магадгүй экспортын нөхцөл байдал сайжирвал төсөвт суулгасан хоёр их наядын бүтээн байгуулалтаа хийх боломжтой.

Үгүй бол татварын орлогоос хамаарч төсвийн зарлага хумигдана. Хэрэв төсвийн зарлага хумигдвал төсөвт дахин тодотгол хийх тухай асуудал ч яригдана. Ер нь 2022 оны эдийн засгийн төлөв бүрсийж харагдахаар байна. Хамгийн гол асуудал нь экспорт учраас гадаад урсгалаа сайжруулж, хилийн хязгаарлалттай холбоотой асуудлаа Хятадын талтай тохирох хэрэгтэй.

Урд хөрш зөөлөн хандвал Монголын эдийн засаг хүндрэхгүй. Хэдийгээр эдийн засгийн байдал амаргүй дүр зурагтай харагдаж байгаа ч дахин агших хэмжээнд хүрэхгүй. Гэсэн ч инфляцийн өсөлт иргэдийн амьжиргааны түвшинг доройтуулах нэг нөхцөл болно. Тиймээс бид инфляцыг аль болох бага хэмжээнд барих хэрэгтэй. Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 6 хувьд барьж байгааг зах зээлд мөнгө нийлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, инфляцыг барихад анхаарч байна гэж ойлгож болно.

ӨРХИЙН ОРЛОГО БУУРЧ, ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ

Эдийн засагч, профессор Ч.НАРАНЧИМЭГ: 

Эдийн засгийн нөхцөл байдал цаашид хүндэрнэ гэж харж байна. Өрхийн орлого амьжиргааны түвшин муудах таамаглал төсөөлөл байна. Ялангуяа залуу гэр бүлд хүнд тусна. Магадгүй үнийн түвшинг бууруулах дорвитой хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол бид зарим нэр төрлийн барааны үнийг хязгаарлах боломжгүй. Төрийн бодлогоор тэр бүр үнийн зохицуулалт хийх боломжгүй. Яагаад гэвэл зах зээлийн жам ёсны хуулиараа байх ёстой. Ирэх оны нэгдүгээр сараас иргэд байрны төлбөр, зээлээ төлж эхлэхээр зардалд нэлээд их нөлөөлнө. Энэ нь өрхийн орлого буурахад нөлөөлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж