Чанаргүй шатахуун худалдан авсны улмаас иргэдийн автомашиных нь эд ангид эвдрэл гэмтэл үүсч, авто засварын газар зорих нь ихэсчээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газраас колонкуудад шалгалт хийхээ урьдчилан мэдэгдэж, тоотой хэдхэн монополь компанид үргэлж боломж олгож байгаад иргэд бухимдалтай байна. Хэдийгээр төрөөс шатахууны үнийг чөлөөлсөн ч чанарын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна.
ЧАНАРГҮЙ ШАТАХУУНААС БОЛЖ ЖОЛООЧ НАРЫН ХАЛААС НИМГЭРЧ БАЙНА
"И-март" дэлгүүрийн замын эсрэг талын зогсоол. Тус зогсоолд зургаан машин эгнэн түр зогсох дохио өгчээ. Тэрхүү машинуудын тав нь "Приус" байлаа. Жолооч нараас шатахууны чанарын талаар асуухад ихэнх нь маш муу гэсэн товчхон хариулт өгч байна. Шатахууны чанар муудсан нь заалтаас шууд харагддаг гэнэ. 60 мянган төгрөгөөр АИ92 шатахуун авч хийхэд 200 километр хүрэх үгүйтэй явж байгааг ч гомдоллов. Тиймээс чанарын асуудалд холбогдох албаныхан хэр анхаарч байгааг ШӨХТГ-дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад “2020-2021 оны хооронд нийт гурван удаагийн шалгалт хийхэд бүх ШТС-аар зарж буй шатахууны чанар муу гэсэн дүгнэлт гарсан. Аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар шүүх дээр 17 компанид хэрэг үүсгэсэн. Шатахууны чанарт хилээр орж ирэхэд болон хэрэглэгчдэд олгож байгаа цэг дээрээс гээд хоёр төрлөөр хяналт тавьдаг.
Газрын тосны тухай хуулийн 5.1.5 гэдэг заалтын дагуу хил гаалиар орж ирэхээс нь эхлээд импортын шатахууныг шалгах зохицуулалттай. Чанар болоод үнийн асуудалд АМГТГ анхаарах үүрэгтэй. Хэрэглэгчдээс бидэнд хандаж маш олон гомдол хэлдэг.
Бид энэ асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори, АМГТГ-ын лабораторийнхонтой уулзаж ярилцсан. Шатахууны чанарыг дахин шинжлүүлэх талаар санал тавьсан. Иргэний нисэхийн тухайд гаднаас дээж авдаггүй ч өмнө нь үнэ төлбөргүйгээр нэг удаа дээж авсан. Харин энэ удаа боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Нэг удаа хяналт шалгалт хийхэд 17 сая төгрөгөөр лабораторид ханддаг” гэсэн юм.
Шатахуун авахаар зогсож буй "приус" маркийн машины жолооч залуу хувиараа таксинд яваад гурван жил болжээ. Залуу өглөөнөөс шөнө хүртэл таксинд үйлчилж, 100 орчим мянган төгрөг олдог байна. "Хүмүүс "Приус" бага иддэг юм чинь хангалттай ашиг олдог гэдэг. Гэвч Монголд колонкууд устай шатахуун зарж байгаагаас банк хий сорж, машин ч амархан эвдэрдэг. Уг нь 100 километрт үсрээд, 8-10 литр л иддэг шүү дээ. Одоо бүр 13-15 литр шатахуун хийгээд ч явахгүй байна. Тэгэхээр энэ шатахуун ямар нэгэн хольцтой л гарч байгаагаас зайлахгүй" гээд шатахууны заалт руугаа заав. Мөн "Өглөө би 30 мянган төгрөгт шатахуун хийсэн байтал бараг шар асч байгааг та харж байгаа биз дээ" гэв. Түүний хажууханд зогсох, 50 гаруй насны жолооч шатахууны чанар маш муу байгааг мөн хэлсэн юм.
Үс нь үл ялиг бууралтаж, хөлсөө арчих тэрбээр "Өнгөрсөн хавраас хойш шатахууны идэлт ихэссэн. Хил гааль хориггүй байхад хойшоо очоод л банкаа дүүргээд ирэхээр хэсэгтээ сайн явна. Харин одоо хотоосоо ч гарахаа байсан.
Машины насос л эвдэрсэн байна гэж бодоод байсан үгүй байна лээ. Шатахуунтай шууд холбоотойг намар бүр баталгаажуулсан. Нийт 400 гаруй мянган төгрөгөөр сэвчээ болоод насосоо солиулсан" гэлээ.
Иргэдэд бодитоор мэдрэгдээд буй шатахууны асуудал зөвхөн машины банкаар хэмжигдэхгүй. Учир юу вэ гэвэл муу шатахуун хийсний улмаас авто засварын газруудын ачаалал нэмэгдсэн байна. Өнөө л сэлбэг орж ирэхгүй байгаа шалтгаанаар засварын хөлс нь ч тэнгэрт хаджээ.
ШАТАХУУНЫ НАСОС, СЭВЧЭЭ НЬ ЭВДЭРЧ, МОТОР СОЛИУЛАХ МАШИН НЭМЭГДСЭН
Засварчдын хэлж байгаагаар шатахууны дутуу шаталтаас болж эвдэрсэн машин их ирэх болжээ. Энэ жил машин засварын орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн байна. Ихэнх хүмүүс форсунк цэвэрлэгээ хийлгэх, насос, сэвчээгээ шинээр солиулж байгаа аж. "Үүний шалтгаан нь ойлгомжтой. Чанаргүй шатахуунаас болж машин асахаа болих, дутуу шаталтаас үүдэж насос нь хий ажиллаж, шүүр нь битүүрч байгаа юм. Өртгийн хувьд ч нэмэгдсэн" гэдгийг засварчин хэлж байлаа.
Япон машины хуучин насосыг 80-120 мянган төгрөгөөр сольж байгаа бол шинэ нь 240 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа аж. Мөн сэвчээний хувьд дөрвүүлэнг нь солиход 300 мянган төгрөг болдог байна.
Засварчин залуу хэлэхдээ "Энэ харин ч хямд тусч байна. Чанаргүй шатахуун хийсээр байвал мотор цохино. Хэрэв мотор солиулах бол хамгийн хямд 1.8-2 сая төгрөг болно" гэлээ.
ХЭРЭГЛЭЭНИЙ ШАТАХУУНАА ӨНДӨР ҮНЭЭР АВЧ БУЙ ИРГЭД ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД Ч "ШАТАЖ" БАЙНА
АМГТГ-аас хэрэглэгчдээс ирж буй гомдол саналыг хэрхэн шийдвэрлэдэг болохыг тодрууллаа. Иргэдийн зүгээс хэлж буй цөөн хэдэн монополиуд чанаргүй шатахуун зарж, хүссэн үедээ үнэ өсгөж байна гэх шүүмжлэлд АМГТГ-ынхан хариулахдаа тусгай зөвшөөрлийг нь цуцалж, чөлөөт өрсөлдөөн бий болгох нь нэг талаар өндөр эрсдэлтэйг дуулгав. Харин монополь компаниуд гэж тодотгож байгааг бизнесийн үйл ажиллагааны ялгарал гэж хардаг байна.
Уг нь тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани байгаагаас 20 орчим нь л үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж. Хэрэв өрсөлдөөнийг шударгаар бий болговол үнэ хямдарч болох ч чанар, стандарт болоод гарах үр дүн сөрөг байх эрсдэлтэйг хэлсэн юм.
Энэ талаар томоохон компаниуд ямар саналтай байгааг тодрууллаа. Тухайлбал, "Петровис", "Шунхлай", "МТ", "Сод Монгол", "Тэс" зэрэг компанитай холбогдоход чанарын хувьд тогтмол шалгалт хийдэг. Хэрэв хадгалах сав болоод түгээлтийн хувьд алдаа дутагдал байвал зохих ёсны торгууль төлдөг. Хэрэглэгчид өөрсдөө аль компани, аль ШТС-аар үйлчлүүлэхээ сонгох эрхтэй учраас чөлөөт өрсөлдөөнтэй зах зээл шаардлагагүй гэх утгатай хариулт өгч байлаа.
Ганцхан жишээ авахад, Сансрын уулзвар дээр байрлах колонк өдөрт зөвхөн АИ92 бензин 36 тонн татан авдаг бөгөөд түүнээс 25-30 тонн нь өдөртөө дуусдаг гэсэн юм. Нэг литрийн үнийг 2220 төгрөгөөр бодвол багадаа 65 сая төгрөгийг АИ92 шатахуунаас олдог гэсэн үг. Харин чанаргүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарвал тэд өдөрт олдог мөнгөнийхөө 10 хүрэхгүй хувиар л ганц удаа хариуцлага хүлээдэг.
Үлдсэн 90 хувьд нь жилийн 364 хоногийн ашигт торгуулийн нэгж төлбөр огт нөлөөлдөггүй. Тиймээс чанаргүй шатахуунаа хэрэглэгчдэд шахаж байгааг жолооч нар хэлж байлаа. Машин барьдаг хүмүүсийн тухайд дизель түлш нь АИ95 шиг, АИ95 нь АИ92 шиг, АИ92 нь АИ80 шиг чанартай бөгөөд гарын 10 хуруунд багтах монополь компани үнээ дур мэдэн нэмж, ямар ч өрсөлдөөнгүйгээр ноёрхож байгаад бухимдаж буйгаа илэрхийлж байна.
Удаа дараа чанаргүй шатахуун түгээж буй нь тогтоогдсон компаниудын эрх ашгийг хэзээ хамгаалахаа больж, зах зээлийн өрсөлдөөнийг шударга явуулдаг болох вэ гэсэн асуулт анхаарал татаж байгаа юм. Жолооч нар эдийн засгаараа хохирсоор байхад холбогдох газрууд нь торгох төдийгөөр асуудлыг шийдвэрлэсээр байх уу. Шатахууны үнийг чөлөөлсөн ч чанар нь улам мууджээ.
Холбоотой мэдээ