Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн, "Этүгэн Ирвэсүүд" багийн ахлагч Г.Баттөртэй ярилцлаа. Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лиг өчигдөр /2021.12.21/ Спортын төв ордонд нээлтээ хийсэн юм.
БИД АЛЬ БОЛОХ ФИНАЛД ТОГЛОХЫГ Л ЗОРИНО
-Шинэ улирал өнөөдөр /өчигдөр/ албан ёсоор эхэлж байна. Энэ улирлын талаар ярихаасаа өмнө багийнхаа өнгөрсөн улирлын алдаа, оноог та дүгнээч. Төсөөлсөн амжилтдаа хүрсэн үү?
-Дээд лигт 16 дахь жилдээ тоглож байна. Цар тахлын улмаас бүтэн жил тэмцээн уралдаан болсонгүй. Түүнээс өмнөх улиралд манай "23 Стормс" баг дөрөвдүгээр байрт орсон. Бид аваргын төлөө тоглох том зорилготой байсан л даа. Алдаж, оносон зүйлсээс болж хожигдсон. Энэ жил багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчид хэвээрээ харин багийн ивээн тэтгэгчид солигдсон. "Этүгэн Ирвэсүүд" лигт эргэн ирж байна. Өнгөрсөн жилүүдэд 21 аймгийн лиг, Дээд лиг гэж тус тусдаа болдог байлаа. Миний хувьд хоёуланд нь л тоглож байсан. Энэ жил хоёр лиг маань нэгдэн сагсан бөмбөгийн холбоод, тамирчдын холбоотойгоо хамтарч байгаа нь онцлог байна. Үзэгчид, сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн лиг өнөөдөр нээлтээ хийж байна.
-Өнгөрсөн улиралд танай багийн бүрэлдэхүүн их тэнцвэртэй, залуу болон туршлагатай тоглогч олонтой байлаа. Энэ жилийн хувьд? Мөн лигт хэд хэдэн томоохон солилцоо боллоо шүү дээ.
-Энэ улирал өнгөрсөн улиралтай харьцуулахад тун залуу бүрэлдэхүүн байгаа. Багийн 90 хувь залуу, үлдсэн 10 хувь нь туршлагатай тоглогчид байна. Залуу тоглогчид маань оюутны лигээсээ дээшээ дэвшин тоглож байна. Бэлтгэл ч сайн хангагдсан гэж бодож байгаа шүү. Анх удаа л ийм олон залуу тамирчинтай нэг баг болж тоглох гэж байна.
-"23 Стормс" баг өнгөрсөн улиралд залуу тамирчдыг талбай дээр гаргасан учир энэ жил "Этүгэн Ирвэсүүд" баг амжилтад хүрнэ гэж олон хүн харж байна л даа. Залуу тамирчид лигийн утаа үнэрлэж, нүүр хагарлаа?
-Тийм ээ. Сагсан бөмбөгийн амжилт бэлтгэл сургуулилалтаас гадна туршлагаас хамаардаг. Манай залуучууд өнгөрсөн улирал өөрсдийгөө нээсэн. Миний хувьд их өндөр хүлээлттэй байна.
-Танай багийн зарим туршлагатай тоглогчид буурь сэлгэж, А.Энхбаясгалан тэргүүтэй залуучууд багийн цөм болж ирлээ. Энэ улирал танай баг аваргын төлөө өрсөлдөх “контендор” баг байж чадах уу?
-Ер нь чадна гэж харж байна. Би тоглосон лиг бүртээ, улирал бүртээ л финалд тоглохыг хичээдэг. Есөн улирал дараалан хоёр лигийн финалд шалгарлаа. Манай бүрэлдэхүүнд А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, Б.Мөнхнаран гээд өнгөрсөн улирал сайн тоглосон залуучууд бий. Эдгээр залуустаа өөрийнхөө зүгээс мэддэг чаддаг бүхнээ зааж сургаж, явахыг хичээж байна. Ямар л баг хожигдохыг хүсэх вэ дээ. Бид аль болох финалд тоглохыг л зорино.
-Өрсөлдөөний тухайд, багуудын бүрэлдэхүүнийг харахад ойрын жилүүдэд харагдаагүй өрсөлдөөнтэй лиг өрнөх бололтой?
-13 багтай лиг эхэлж байна. Баг бүр л улирлын өмнөх томоохон солилцоонууд хийлээ. Манай баг харьцангуй бага солилцоонд орлоо. Залуучуудаа хөгжүүлж, дээшээ гаргахыг зорьж байна. Бүх баг л хүчтэй өрсөлдөөн үзүүлэх байх. Мэдээж лигийн том багууд болох "Хасын Хүлгүүд", "Алдар Танан Гарьд", "Эрдэнэтийн Уурхайчид" байна. Мөн 21 аймгийн лигээс орж ирж буй миний тоглож байсан "Архангай Алтан Дорнодын Дайчид", "Завхан" гээд багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх байх.
БАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
-Дээд лигээс А.Сүхбаттай холбоотой мэдэгдэл гаргасан байна лээ. Түүнийг албан ёсоор "Алдар Танан Гарьд" багийн тамирчин болсон гэж үзжээ. Энэ үйл явдал танай багт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Манай багаас залуу хүний амьдралын нөхцөл байдал, тамирчны замналыг бодсондоо энэ шийдвэрийг гаргасан гэж бодож байна. Би тамирчин хүнийхээ хувьд ёс зүйтэй, зарчимтай байхыг хичээдэг. Залуучууд бэлтгэл сургуулилалт, ур чадвараас гадна хүмүүжил, ёс зүй, зарчим гэдэг зүйлс чухал болохыг харах хэрэгтэй. Багийн ахлагчийн хувьд сэтгэл дундуур байна. Зунаас хойш бид хамтдаа бэлтгэл хийсэн. Гэтэл лиг яг эхлэхийн өмнө ийм шийдвэр гаргасанд харамсалтай санагдсан. Гэрээ, хэлэлцээрээ дагавал ийм зүйл байж болохгүй. Гэхдээ дасгалжуулагч маань аль аль талдаа зөв шийдвэр гаргажээ гэж харсан.
Залуу, ур чадвартай тамирчиддаа хэлэхэд хамгийн гол нь ёс зүй, этик шүү. Үүнийг баримтлаарай.
-"Этүгэн Ирвэсүүд" багийг тойрсон шуугиан үүгээр дуусаагүй. Баянгол багтай "Этүгэн Ирвэсүүд"-ийг нэгдэнэ гэх мэдээ гарсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Багийн менежментийн асуудалд би оролцдоггүй. Багийн ахлагч, лидер, холбон тоглогчийн үүргээ л гүйцэтгэдэг. Баянгол багийн хувьд Дээд лигт орно гэж мэдэгдэл гаргасан байсан. Харин тамирчдын хувьд ийш тийш багууд руу яваад, зарим нь оюутны лигтээ тоглох шийдвэр гаргасан юм байна лээ. Өнөөдрийн байдлаар тус багаас 4-5 тоглогч манайд нэгдсэн байна. Саяхан нэгдсэн учир ердөө хоёрхон бэлтгэлд л хамт оролцлоо. Аль болох богино хугацаанд л гар нийлнэ.
ТАМИРЧДЫН ХОЛБООГОО ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ БОЛОМЖ ГЭЖ ҮЗСЭН
-Лиг эхлэхээс өмнө багагүй маргаан өрнөсөн. Гэнэт тамирчдын “Ирээдүй” холбоо гарч ирсэн. Өмнө нь Ц.Мэргэн, Ш.Сэдбазар нарын тамирчдын холбоо байсан шүү дээ. “Ирээдүй” холбоо яагаад байгуулагдах болсон юм бэ?
-Хүн бүр л мэдэж байгаа байх. Монголын сагсан бөмбөгт талцал, хуваагдал олон жил явлаа. Тамирчид бидний хувьд зохицуулалт хийн аль зохион байгуулалт сайтай лигт нь тоглохыг хүссэн. Олон улсын чанартай 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын шигшээ баг 2013 оноос хойш явсангүй. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны харъяалалтай тэмцээнд хамгийн сүүлд 2013 онд явсан гэсэн үг. Монгол FIBA дахь чансаагаа дээшлүүлэх маш том боломж 2013 оноос нээгдсэн. Тухайн үед бидний зорилго Азийн чансаагаа ахиулж, дэлхийн чансаанд урагшлах байсан. Гэвч холбооны асуудлаас болж манай шигшээг FIBA тэмцээнд оролцуулахаа больсон. Бидний хүсэл олон улсын тэмцээнд л орох байлаа. Би ч тухайн үед шигшээ багийн ахлагч байсан. Олон талаар хөөцөлдсөн ч болоогүй. Тэгээд эцэст нь нэг холбоогоо барьж тоглох нь зөв, өөрсдийн тамирчдын холбоогоо ч хүчирхэгжүүлэх нь боломж гэж үзсэн л дээ.
Хөгжилтэй орнуудын сагсан бөмбөгийг харахад хамгийн хүчирхэг нь тамирчдын холбоо нь байдаг.
2009 онд манай дээд үеийнхэн тамирчдын холбоо байгуулсан. Бид ярилцаад энэ холбоондоо бүртгэлтэй, эрх ашгаа хамгаалъя, олон улсын тэмцээнд оролцъё гэж шийдсэн. Гэвч холбоодын эрх ашиг тамирчдын холбоо руу орж ирсэн юм шиг надад санагдсан. Уг нь Иньчоны Азийн наадамд оролцсон шигшээ баг үүнийг толгойлж явсан юм. Харамсалтай нь, албан ёсоор бичиг баримттай болоогүй учир албан ёсоор тамирчдын холбоогоо байгуулж, тамирчид болон Монголын сагсан бөмбөгийн асуудалд гар бие оролцъё гэж шийдсэн хэрэг. Ийнхүү “Ирээдүй” холбоо байгуулагдаж, дүрэм журмаа баталж, удирдах зөвлөлөө сонгосон. Манай удирдах зөвлөлд 11 гишүүн бий. Том гэсэн баг бүрийн хоёр төлөөлөл, шигшээ багийн тамирчид багтсан. Миний бие Удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байна. Бид хоёр холбоонд саналаа тавьсан.
Нэгдүгээрт, хэрэв ямар нэгэн эрх ашиг хөндөгдвөл тамирчид тоглолтод оролцохгүй. Хоёрдугаарт, одоо учраа олж, FIBA-ийн бүртгэлээ сэргээ. Гуравдугаарт, нэгдсэн нэг холбоотой болж, үйл ажиллагаагаа хэвийн болго гэсэн.
Өнөөдрийн байдлаар хэлэлцээний түвшиндээ л явж байна. Хамтарсан, нэгдсэн лиг зохион байгуулъя гэхэд нь бид буруу хараад сууж болохгүй шүү дээ. Ширээний ард суугаад зөвшилцөлд хүрсэн. Гэхдээ Монголын сагсан бөмбөгийн холбооны хурлыг зарлаж, шигшээ багийн гишүүд, багуудын төлөөллийг нээлттэй оруулж, саналыг нь сонсох хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан.
Тамирчдын холбоо бол тамирчдынхаа эрх ашгийг л хамгаална. Хэний гэрээ зөрчигдсөн, хэн гэмтэл авчихаад баг нь даатгалыг нь, цалинг нь төлөхгүй байна вэ гэдэг дээр бид дуугарна. Хамтарсан лигт бид хяналт тавьж байна.
-Тэгэхээр хоёр холбоо албан ёсоор нэгдээгүй гэж ойлгож болох уу?
-Албажаагүй. Албан ёсны хурал болсны дараа албажна. Энийг л эрчимжүүлэхийн төлөө бид яваад байна. “Ирээдүй” холбооноос хамтын ажиллагааны санамж бичиг боловсруулаад дуусч байна. Ямар нэгэн байдлаар бичиг баримт үйлдэх хэрэгтэй.
-Монгол сагсан бөмбөгийнхний нэгдсэн хурал хэзээ болох товтой байна вэ. Олимпийн дараахан хуралдах ёстой санагдаж байна?
-Дүрэмдээ Монголын үндэсний олимпийн хорооны хурал зарлагдсанаас хойш болох ёстой юм байна лээ. Он гараад энэ хурал болох байх гэж бодож байна. Мөн цар тахлын улмаас нэгдсэн залны хурал хийх боломж байсангүй. Манай холбооны шийдвэр дандаа хамтын зөвшилцлөөр гардаг. Нэг хүн гаргадаггүй. 11 хүнээс санал аван шийдвэр гардаг.
МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ НАМАЙГ ДУУДНА ТЭР ҮЕД БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ
-Ирэх жил Азийн наадамтай. Үүнтэй холбогдуулан шигшээ багийн сонгон шалгаруулалт анхаарал татаж байна. Холбоо нь ийм асуудалтай байхад хаанаас шигшээ багийг сонгодог юм бэ?
-Шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарладаг хуулийн этгээд одоогоор байхгүй гэж би ойлгож байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо аль аль нь шигшээ багаа зарлахаар өөрийн лигийн тамирчдаа дууддаг талтай. Энэ дээр бид дуу хоолой болохыг зорьж байна. Эхний ээлжид 24 тамирчин дуудаад хэн сайн бэлтгэлтэй, формтой 12 тамирчныг нь шигшээд оруулах нь зөв. Азийн наадамд оролцох шигшээ багт хэн хэн багтах вэ гэдэг энэ лигээс харагдах байх. Миний хувьд Биеийн тамир, спортын улсын хорооноос гадна олимпийн хороог энэ дээр идэвхитэй оролцоосой гэж хүсч байна. Азийн наадмын бүрэлдэхүүнийг олимпийн хороо л дааж явдаг. Шударгаар тамирчдаа сонгоосой. Хэрэв асуудал гарвал тамирчдын холбоо дуугарна.
–Таны хувьд мэдээж Азийн наадамд оролцох шигшээ багт багтах хүсэл байгаа л байх?
-Тамирчин хүн бүрт л эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох бодол байдаг. Монгол Улс хэзээ намайг дуудна тэр үед бэлэн байх ёстой. Магадгүй бэлтгэлтэй, боломжтой бол би явна. Гэхдээ залуучууддаа боломж олгох хүсэлтэй байна.
-Буруу санаагүй бол та 2018 оны Жакартагийн Азийн наадамд яваагүй билүү?
-Тийм ээ. Хоёр холбооны асуудлаас болж яваагүй. Тухайн оны наймдугаар сард олимпийн хорооны ерөнхийлөгч Монголын шигшээ багийг бүрдүүлж, намайг дуудсан. Шигшээ багийн залуучууд зургадугаар сараас хойш хоёр сар бэлтгэл хийчихсэн байсан. Би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Азийн наадам ойртсон энэ үед бэлтгэл хийсэн залуучууд нь явах нь зүйтэйгээ хэлж, зайгаа тавьж өгсөн.
-Бас багш дасгалжуулагчийн томилгоог хэн хийдэг нь тодорхойгүй харагдсан?
-Ер нь манайх тодорхойгүй шүү дээ. 2018 онд өмнөх Азийн наадамд амжилттай оролцсон дасгалжуулагч, тамирчдаа түлхүү явуулсан бол арай илүү амжилт үзүүлэх байх байсан болов уу гэж тамирчин хүнийхээ хувьд харсан. Ямар цензуриэр тамирчин, дасгалжуулагчаа сонгодог нь манайд жаахан тодорхойгүй.
ОЮУТНЫ ЛИГ ХАЯГДАЖ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МУУДАЖ БАЙГААГ АНЗААРСАН
–Таны хувьд Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Сагсан бөмбөг сонирхогчид сүүлийн 4-5 жил оюутны лиг ямар гайхалтай зохион байгуулалттай, өргөн цар хүрээг хамардаг болохыг мэдэрсэн байх. Хэрхэн анх энэ холбоотой холбогдсон юм бэ?
–Монголын бүхий л шатлалын сагсан бөмбөгийн тэмцээнд өөрийн биеэр тоглож үзлээ. Өсвөр, залуучуудын улсын аварга, оюутны лиг, дээд лиг гээд явлаа. МУИС-ийн оюутан байхдаа дөрвөн жил оюутны лигт хүч үзсэн. Хоёр удаа аварга авч, нэг удаа шилдэг тоглогч болж байлаа. Оюутан байх үед оюутны лиг л хамгийн гоё тэмцээн юм шиг санагддаг байсан. Дээд лигт орсон хойно энэ холбоодын хагарлаас болж оюутны лиг хаягдаж, зохион байгуулалт муудаж байгааг анзаарсан л даа. Ингээд санаа нийлдэг залуучуудтайгаа хамтран оюутны лигийг хөгжүүлье гэж ярьсан. Манайд дээд лигтээ л их анхаарлаа хандуулдаг. Гэтэл сагсан бөмбөг өндөр хөгжсөн орнуудад бага, өсвөр үеэс нь анхаарч, дээд лигийн тамирчдаа бэлтгэдэг. Арван жил, оюутны тэмцээн сайн зохион байгуулалттай, өрсөлдөөнтэй байж, ур чадвартай тамирчид төрдөг. Ингээд менежментийн шинэчлэл хийхээр болж, "Оюуны Ундраа" группын гүйцэтгэх захирал О.Тэнүүнд санал тавьж байлаа. Аливаа нэгэн спорт хөгжихөд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Одоо тав дахь жилтэйгээ золгож байна. Жил бүр л өшөө илүү байхыг хүсдэг. Оюутан залуус бол боловсон хүчин.
-Дан ганц тэмцээн уралдаан гэхээсээ илүүтэйгээр оюутан-тамирчдын бусад нийгмийн асуудлууд дээр анхаардаг юм шиг санагдсан?
-Ганцхан спортоор зогсоогүй. Бид хамгийн түрүүнд хөгжилтэй орны сагсан бөмбөгийн холбоодын жишгийг даган “Оюунлаг оюутан” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хэрэв чи сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тогломоор байвал хичээлээ хийдэг бай, голч оноогоо шаардлагад нийцүүл гэх босгыг тогтоосон. Жил ирэх тусам голч оноог нь өсгөдөг. Олон мянган оюутан тамирчнаас дээд лигт тоглох нь цөөхөн шүү дээ. Тиймээс үүнийг анхааръя гэж бодсон. Оюутны лиг бол хүүхэд залуучуудын цэвэр өрсөлдөөн учир дэмжих байгууллагууд ч их оролцдог. Энэ олон байгууллагын ачаар л оюутны лиг өдий зэрэгтэй явж байна.
-Энэ жил оюутны лигийн нээлт Спортын төв ордонд бус Мөсөн өргөөнд боллоо. Финал нь мөн адил Мөсөн өргөөнд явагдах уу?
-Спортын төв ордон үнэндээ багадчихсан. Сүүлийн гурван жил ордон дээр “Final Four”-оо хийхэд оюутнуудын нүргээнд залны таазны шороо унаж байсан шүү дээ. Оюутнууд олноор орж чаддаггүй учир гадаа нь дэлгэц засч байлаа. Харин энэ жил азтай байна. Мөсөн өргөө ашиглалтад орсон. Нэг ч гэсэн ийм ордон байгуулагдсанд нь баяртай байна. Энэ улирлын “Final Four”-оо ч Мөсөн өргөөнд хийх бодолтой байна.
Бид өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхийг хичээдэг. Ийм ордонд, ийм зохион байгуулалттай тоглох юмсан гэж хүүхэд байхдаа их мөрөөддөг байлаа. Талбай дээр тоглож буй оюутанд хүртэл гайхалтай мэдрэмж төрүүлэх юмсан гэж хүссэн.
"САГСАН БӨМБӨГИЙН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН ГЭДЭГ ЦЕНЗУРГҮЙ БОЛЧИХСОН ЮМ ШИГ ЭЭ"
–Саяхан гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал Дээд лигт цензурь тогтоох хэрэгтэй, хүссэн бүхэн нь тоглох эрхгүй гэж ярьсан. Энэ талаар таны бодлыг сонсъё?
–Би өөрийгөө тэр цензуриэр явсан гэж боддог. Арван жилдээ улсын аваргад, оюутан насандаа оюутны бүх тэмцээнд оролцоод явдаг байсан. Их сургуулийн эхний гурван жил оюутны тэмцээндээ л оролцсон. Лигт орох боломж байсан ч ороогүй. Харин төгсөх курстээ лигт орж байлаа. Одоо ингээд харахад, холбоодын асуудлаас болж сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин гэдэг цензургүй болчихсон юм шиг ээ. Энэ дээр би эмзэглэж явдаг. “Би мэргэжлийнх, чи мэргэжлийнх биш” гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ цензур алга. Ц.Цэвэрбал багшийн хэлж байгаатай би санал нийлсэн. Энэ цензурийг бүх юм хэвийн болсны дараа үнэхээр мэргэжлийн тамирчин гэдэг бол хүний хүсч, хөдөлмөрлөж очдог өндөрлөг гэдгийг маш сайн ойлгуулах ёстой. Мэргэжлийн тамирчинд амралтын өдөр байхгүй, өдөр бүр бэлтгэл хийх хэрэгтэй.
Сагсан бөмбөгт бүхнээ зориулж байгаа хүнийг л мэргэжлийнх гэж хэлнэ. Цензур тогтоох ёстой.
-Дээд лигийн 13 багийн бүрэлдэхүүнийг харахад оюутны лигийн залуу тамирчид их харагдаж байна. Залуучууд олноор лигт орж байгаа учир Монголд драфтын систем нэвтрэх цаг нь болсон юм биш үү?
-Драфтын систем Монголд байх ёстой. Бидний үед нэг орж ирсэн юм. Албан ёсны энтертайнмент болгоогүй ч оюутны лигтээ сайн тоглодог тамирчид нэг, хоёроороо лигт орж байсан. Одоо бол бүх юм хамаагүй болчиж. Манай оюутны сагсан бөмбөгийн холбооноос баримталж буй бодлого бол ирээдүйд сагсан бөмбөгийн холбоотой хамтран драфтын систем бий болгох. Жилдээ 10-20 хүүхэд л лигт драфтлагдаж орно. Бусад нь оюутны лигтээ тоглоно. Лиг нь лигээрээ л байна. Драфтаар дамжиж лигт орохгүй бол нэг талдаа сургуулийн эрх ашиг, нөгөө талдаа лигийн багийн эрх ашиг хохирч байна. Монголын их, дээд сургуулийн дасгалжуулагчдын саналаар тухайн оюутанд сонголтыг нь үлдээсэн. Нэг бол оюутны лигтээ тогло, эсвэл Дээд лигтээ тогло. Энэ бол зөв бодлого. Үр дүн нь ирээдүйд гарна.
–Шинэ улирал эхэллээ. Та хэр догдолж байна вэ?
-Тамирчин хүний хувьд догдлол байна. Гэхдээ 16, 17 жил лигт тоглочихлоо. Анхны лигээ бодвол одоо туршлага суугаад догдлох нь харьцангуй багасчээ. Багаа л сайн тоглуулчих юмсан гэсэн хүсэлтэй сууж байна. 34 насандаа багтаа ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээ өдөр бүр боддог. Түүндээ ч зориулж бэлтгэлээ хийдэг. Лиг эхлэхээр л харъя. Удаан хугацаанд завсарлачихсан учир өөрсдийн хэм хэмжээгээ яг сайн мэдэрч чадахгүй байна. Маргааш (2021.12.22)-ийн тоглолтоос харах байлгүй.
-Анхны лигээ эргэн дурсвал?
-Анх 18, 19 насандаа Пак Сөн Кюнь багшийн удирдлага дор “Халлелуяа” багаас лигт тоглож байлаа. Тоглолт эхлэхээс өмнө хөл салганаж байсан санагдаж байна. Одоо ч тэр үеэ боддог. Их дурсамжтай, дулаахан мэдрэмж өгдөг. Одоо олон ч юм үзлээ. Чих дүлийрчихсэн шүү дээ.
-Талбай дээр таны биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөл, үйлдэл бүр үзэгчдийг татаж чаддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энгийн амьдрал дээрх Баттөр, талбай дээрх Баттөр хоёр тэс ондоо. Хоёр Баттөр байдаг. Ойр дотны хүмүүс минь намайг энгийн амьдрал дээр мэднэ. Талбай дээр би тэс өөр Баттөр болж гарч ирдэг. Тэр дүрийг би өөрөө бий болгосон. Тэгж байж өөртөө илүү итгэлтэй, хүчтэй болдог ч гэх юм уу даа. Үзэгч ядагч нарыг бий болгож, өөрөө өөрийгөө хурцалдаг гэж болно. Хувь тамирчны л өөрийгөө бэлдэх арга барил. Талбай дээр уурласан ч гараад найз нөхдөөрөө байдаг. Магадгүй энэ дүрд дуртай хүн байна, мөн дургүй хүн ч байна. Эцсийн үр дүн нь баг хожих шүү дээ. Өөрийгөө зоригжуулж, идэвхжүүлж, хурцалж байж л спортод амжилтад хүрнэ гэж боддог. Талбай дээрх Баттөр өөр.
-Лигийн урт удаан аялалд тань амжилт хүсье. Улирлын төгсгөлд аваргын цом тэврээд зогсч байхыг ерөөе.
-Ерөөл бат оршиг ээ.
Холбоотой мэдээ