АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2022 оны өвөл гадаадын ажиллах хүчний хөтөлбөрт 20 мянган шинэ орон тоо нэмэгдэнэ гэж мэдэгдлээ. Эдгээр орон тооны ихэнхийг хууль бус цагаачдын тоогоороо тэргүүлдэг улс орнуудаас авахаар төлөвлөөд байна.
“Улс орон цар тахалтай тэмцэж буй энэ үед бизнесүүд аль болох америк хүнээ ажилд авахыг хичээж буй. Гэсэн хэдий ч ажиллах хүчний хомсдол байгаа учир үүнийг нөхөхийн тулд гадаадаас ажиллах хүч авах шаардлагатай” гэж Дотоодын аюулгүй байдлын яамны нарийн бичгийн дарга Алехандро Майоркас хэлсэн.
Гадаадаас ажиллах хүч авах “H-2B” хөтөлбөрт цанын бааз, далайн эргийн амралтын газар, цэнгэлдэх хүрээлэн, далайн хоол боловсруулах үйлдвэр, зүлэг арчилгаа зэрэг газар тариалангийн бус, улирлын чанартай ажлууд ордог. Ийм төрлийн бизнес эрхэлдэг ажил олгогчдын хувьд “H-2B” хөтөлбөрөөр гадаадаас ажиллах хүч хайхаасаа өмнө өрсөлдөхүйц цалин санал болгож, америк ажилчид авахыг чухалчилсан гэдгээ баталгаажуулах ёстой байдаг.
АНУ-ын Конгрессоос уг хөтөлбөрийн орон тоог жилд 60 мянга байхаар тогтоосон. Эндээс тал нь зуны улиралд, тал нь өвлийн улиралд гэж ангилдаг. Гэвч сүүлийн жилүүдэд, хэрвээ шаардлагатай бол нэмэлт орон тоо гаргах эрхийг Дотоодын аюулгүй байдлын яам болон Хөдөлмөрийн яаманд олгох болсон.
Энэ удаад нэмэлт орон тоо гаргах зайлшгүй шаардлагатай гэж Дотоодын аюулгүй байдлын яам дүгнэсэн байна. Ажиллах хүчний хомсдол асар их байгаа энэ үед “H-2B” визийг нэмэлтээр олгох нь АНУ-ын эдийн засгийн түүхэн сэргэлтэд түлхэц болно гэж үзэж буйгаа илэрхийлээд байна.
Трампын засгийн газар зуны улиралд тогтмол нэмэлт виз олгодог байсан бол Байдены засгийн газар ирэх зун 22 мянган виз нэмж олгохоор болжээ. Харин бизнес эрхлэгчид энэ шийдвэрийг хэт оройтсон гэж шүүмжлэлтэй хандаж байна. Энэ жилийн хувьд өвлийн улиралд нэмэлт ажиллах хүчин шаардлагатай болж байгаа анхны тохиолдол юм. Засал чимэглэлийн компаниуд ажиллах хүчний хомсдолоос шалтгаалан үйлчлүүлэгчдээ буцааж, бизнесээ зогсооход хүрсэн гэв.
Нэмэлтээр олгож буй визний 13500 нь буцаж буй ажилтан, эсвэл сүүлийн гурван жилийн хугацаанд “H-2B” виз хожсон ажил эрхлэгчдэд зориулагдсан. Буцаж буй ажилтан гэдэг нь 2013-2015 оны санхүүгийн жилүүдэд визний дээр хязгаар 66 мянга байсан үеийн ажилтан юм. Харин үлдсэн 6500 нь хил дээрх хууль бус цагаачдын тоогоороо тэргүүлж буй Гайти, Эль Сальвадор, Гондурас улсуудынх юм.
20 мянган нэмэлт визний тухайд бизнес эрхлэгчид сайшаалтай хандаж байгаа хэдий ч энэ тоог хангалтгүй байна гэж үзжээ.
АНУ-ын Аялал жуулчлалын холбооноос аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудад л гэхэд 1.8 сая нээлттэй ажлын байр байна гэж мэдээлэв. Тийм учраас Дотоодын аюулгүй байдлын яам илүү олон орон тоо гаргах шаардлагатай гэжээ. АНУ-ын Цагаачлалын шинэчлэлийн холбоо нь цагаачдын тоонд хатуу хязгаар тавьдаг. Нэмэлт виз олгох нь ажилгүй америк иргэдийн дунд өрсөлдөөн бий болгоно гэж тус холбооноос үзэж байна. “Ерөнхийлөгч Жо Байден өөрийгөө Америкийн ажиллах хүчнээ дэмждэг ажилчин ангиас гаралтай нэгэн гэж харуулдаг. Гэвч түүний засгийн газар энэ үзэл баримтлалынх нь яг эсрэг ажиллаж байна” гэж Цагаачлалын шинэчлэлийн холбооны засгийн газрын харилцаа хариуцсан захирал Хауман онцолжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “H-2B” хөтөлбөр нь хүчирхийллийг өөгшүүлдэг гэв. Жишээлбэл, далайн хүнс үйлдвэрлэдэг “Maryland” компани бага цалинтай ажлын байруудад “H-2B” хөтөлбөрөөр ажилтан авсан боловч цалинд нь тохирохгүй хүнд ажил хийлгэж байжээ. Ингэснээр тухайн ажлын байруудад америк хүн илүү өндөр цалинтай ажиллаж болох боломжийг үгүй хийсэн. Мөн “Captain Phip’s” нэртэй компани 2013-2018 оны хугацаанд “H-2B” визтэй 142 ажилтан ажиллуулсан. Энэ дунд урьд нь баривчлагдаж байсан болоод албадан нутаг буцаахаар шийдэгдэж байсан зэрэг хууль бус цагаачид хэд хэд байжээ.
АНУ-д өнөөдрийн байдлаар цар тахлын өмнөх үеэс даруй 3 саяар илүү, нээлттэй ажлын байр байна. Улс даяар ихэнх компаниудад ажиллах хүчний хомсдол нүүрлээд байгаа тул цагаачдаар хүний нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.
АНУ-д байнгын оршин суух эрхтэй цагаачдын тоо 2019 онд нэг сая гаруй байсан бол 2020 онд 707 мянга болж буурчээ. Мөн өнгөрсөн жил цагаачлалын бус дөрвөн сая виз олгосон нь 2019 онтой харьцуулбал хоёр дахин бага юм. Эдгээр виз эзэмшигчдийн зарим нь АНУ-д ажиллах боломжтой байдаг аж. Цар тахлын өмнөх үеийн цагаачлалын түвшинг сэргээх нь ажиллах хүчний хомсдолыг бүхэлд нь шийдвэрлэж чадахгүй ч тодорхой хэмжээнд сайнаар нөлөөлнө.
“H-2B” визний сугалаа нь нэг талаасаа ажиллах хүчний хомсдол нь туйлдаа хүрч буй бизнес эрхлэгчдийн цөхрөлийг илэрхийлж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд явагдсан сугалаанд нийт 33 мянган визний төлөө 98 мянган ажил горилогч өрсөлджээ.
Ажиллах хүчний хомсдол тээвэр болон асаргаа, үйлчилгээний салбарт хамгийн их байгаа юм. Жишээлбэл, хүүхэд асрагчийн ажлын байр маш их байгаа бөгөөд энэ орон тоог нөхсөнөөр эцэг эхчүүд ажиллах боломжтой болно. Ачааны машины жолооч, боомт, агуулахын ажилчдын орон тоо мөн сул байна. Эдгээр орон тоог нөхсөнөөр нийлүүлэлтийн сүлжээнд үүсэх хүндрэлийг багасгаж, цаашлаад эдийн засгийн эргэлтийг дэмжих юм.
Эх сурвалж: WASHINGTON TIMES
Холбоотой мэдээ