Байдены засгийн газрын цаг уурын өөрчлөлттэй тэмцэж буй томоохон алхмын нэг нь тээврийн хэрэгслийн түлш зарцуулалтын стандартыг сайжруулах явдал юм. Дэлхийн дулааралд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгаралтыг мэдэгдэхүйц бууруулахад энэ нь хамгийн үр дүнтэй арга болно. АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын үед түлшний хэмнэлтийн стандартыг бууруулж байсан бол одоо эргээд өндөржүүлэх шаардлагатай болж байна.
Түлш зарцуулалтын стандартыг Даваа гаригт эцэслэн баталжээ. Уг стандартыг 2023 оноос эхлэн үйлдвэрлэх бүх тээврийн хэрэгслийн загварууд мөрдөнө. Ингэснээр 2026 он гэхэд тээврийн хэрэгслүүд 5.88л/100км гэсэн стандартаар явна гэсэн үг. Энэ нь Трампын засгийн газрын үеэс даруй 25 хувиар, Байгаль орчин хамгаалах газрын наймдугаар сард дэвшүүлсэн хэмжээнээс таван хувиар өндөр стандарт юм.
“Бид хүн төрөлхтөн, гариг ертөнцөд заналхийлж буй агаарын бохирдлын аюулыг бууруулахын төлөө эрүүл бөгөөд хатуу стандартыг тогтооно. Хоёрдугаарт, айл өрхүүдийн мөнгийг ч хэмнэх давуу талтай. Энэ бол ирээдүйд бүх тээврийн хэрэгсэл хорт хий огт ялгаруулдаггүй, цахилгаанаар ажилладаг болох замыг засч буй томоохон алхам юм” гэж Байгаль орчин хамгаалах газрын удирдах ажилтан Майкл Рэган хэлжээ.
Энэ удаад тогтоож буй шинэ стандарт нь суудлын болон хөнгөн ачааны машины хувьд урьд өмнө байгаагүй өндөр стандарт болж байна. Шинэ стандарт хэрэгжиж эхэлснээр хорт хий огт ялгаруулдаггүй тээврийн хэрэгслийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
2026 оноос эхлэн зарагдах шинэ автомашинуудын 17 хувийг батерей эсвэл хайбрид технологиор ажилладаг болгох зорилт тавиад байна.
Байден ийнхүү дотоод шаталтат хөдөлгүүрээс батерейгаар ажилладаг тээврийн хэрэгсэлд шилжих хөдөлгөөнийг эрчимжүүлснээр 2030 он гэхэд АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг дор хаяж 50 хувиар бууруулахыг зорьж байна.
Эх сурвалж: The Olympian