"Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд 3 жил шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

"Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд 3 жил шаардлагатай"

"Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд 3 жил шаардлагатай"

Covid-19 халдварын улмаас хичээлийн хоцрогдол үүсч, цахим сургалтад хамрагдаж чадахгүй 174 мянган хүүхэд байгаа гэх тоон мэдээлэл бий. Тиймээс боловсролын салбарын үйл ажиллагаа энэ хэвээр цааш үргэлжилбэл, “цар тахлын үеийнхэн” гэдэг сургууль завсардсан нэгэн үе гарч ирж мэдэхээр байна.

Тэгвэл танхимын сургалтын хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/  Хүүхдийн сангийн 2021 онд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн нэгдсэн хурлын үеэр онцлов.

Тэрбээр “Тэгш хамран сургалттай, эрүүл чанартай сургалтын орчны талаар таван хүүхэд тутмын нэг нь боловсролын үйлчилгээнд огт хамрагддаггүй байсан тухай НҮБ-ын тайланд дурдсан байна. Цаашлаад гадуурхал, хуучны хэвшмэл үзэл, хандлага нь олон мянган хүүхдээс тэгш боломжийг хулгайлж байгааг бид ухаарах ёстой. Covid-19 цар тахал нь нийгэм дэх тэгш бус байдлыг улам бүр ил тод болгож байна. Цар тахлын үеийн тодорхойгүй байдал, өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцах, уулзах боломжгүй болох, хэвийн үеийн дэглэм өөрчлөгдөх, эцэг эхийн гэрээсээ ажиллах эсвэл ажлын байраа алдахтай холбоотой стресс зэрэг нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сөрөг үр дагавар бий болгосон.

Олон хүүхэд хоол, шим тэжээлийн дутагдалд орж, шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүйд хүрэв. Тэгэхээр сургуулийн хоол ямар чухал болох нь эндээс харагдаж байна. Үүнээс гадна, хүүхдүүдэд сэтгэлийн түгшүүр, хямралын түвшин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тэд танхимын сургалтыг юугаар ч орлуулж, нөхөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа сургуулийн өмнөх, бага боловсролын түвшинд.

Хэдий зайн сургалтын боломжит олон хувилбарыг нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа ч дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд олон зүйлд бид бэлэн биш байлаа. БШУЯ-аас ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах гурван жилийн /2021-2023/ цогц төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт танилцуулан, баталсан. Хоцрогдол нөхөх гэдэг нь нэг удаагийн арга хэмжээ бус системтэйгээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна. Цаашлаад хүүхэд нэг бүрт тохирсон сургалтын арга зүйг хөгжүүлэх, хүүхдийн ахицаар нь үнэлж, дэмжих боловсролын шинэчлэлийн нэг хэсэг болж, нутагших ёстой гэж үзэж байна” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангаас цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, тэр дундаа Covid-19 эсрэг дархлаажуулалтын ажлыг дэмжихэд томоохон дэмжлэг үзүүлэн ажилласан гэдгийг энэ үеэр онцлов. Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр болон КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт 2.3 сая гаруй тун вакциныг оруулж ирсэн бөгөөд  бүх төрлийн вакцин хадгалах зориулалттай, олон улсын стандарт бүхий Вакцин био бэлдмэлийн үндэсний төв агуулахын барилгыг барьж хүлээлгэн өгчээ. 

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр дараах ажлуудыг Засгийн газар болон хамтрагч, донор байгууллагуудын хамтаар хэрэгжүүлжээ. 

Тухайлбал:

  • Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй, дотоод орчны агаарын чанарыг хангасан, олон улсын стандартын ариун цэврийн байгууламж болон иж бүрэн гал тогоо бүхий хоёр цэцэрлэгийн барилгыг гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн. 
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах ажлын хүрээнд тус сангийн дэмжлэгээр Говь-Алтай, Баянхонгор аймгууд “Цэвэр агаар” үйл ажиллагааны төлөвлөгөө батлав.
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, үр дүн, зөвлөмжийг Засгийн газар хэлэлцэж, хүлээн авсан.
  • Зайн сургалтыг дэмжих зорилгоор цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан “Цахим аялал” интерактив видео контент болон “Эрдмийн долгион” аудио хичээлүүдийг бүтээж, хүүхдүүдэд хүргэв.
  • Сургуулийн орчинд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэв.
  • Аймаг, дүүргүүдийг хүүхдэд ээлтэй болгох, орон нутгийн төсөвлөлт, төлөвлөгөөнд хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавих чадавхыг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэв.

Цаашлаад ирэх 2022 онд эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах дээр НҮБ-ын Хүүхдийн сан Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах аж. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж